ШӨХТГ-ын даргын мэндчилгээ

2016 оны 2 сарын 8

Билгийн тооллын XVII жарны гал бичин жилийн сар шинийн мэндийг гурван сая хэрэглэгч, ахан дүүс, анд нөхөд та бүхэндээ хүргэе.

Миний бие Д.Мөнхтөр нь төр, ард түмнийхээ төлөөх хүндхэн боловч чухал үүргийг хүлээн аваад хоёр сар орчим болж байна. Олон иргэдийнхээ нийтлэг эрх ашгийн төлөө тэмцэж, эмээ өвөө, ахан дүүсийн болон үе тэнгийн насны уулзаж амжаагүй эрхэм иргэн таны төлөө өнөөгийн хүнд хэцүү нийгэм, улс төрийн нөхцөлд монополь болон давамгай үйл ажиллагаатай цөөхөн хэдэн компаниуд, том улс төрчдийн нэрэн дор суудаг эрх мэдэлтнүүдийн шахалт дарамтад төрийн байгууллагын залгамж халаа, шинэлэг бөгөөд хариуцлагатай, найрсаг үйлчилгээний төлөө өөрийн болоод олон эрдэмтэн ухаантнуудын дэмжлэгтэйгээр багагүй хугацааг үдээд байна. Энэ хугацаанд бид хамтдаа Монгол Улсын Засгийн газрын эрхэм гишүүдийн итгэлээр 2016 оныг буюу Гал бичин жилийг “Хэрэглэгчийн жил” болгон зарлаж, агентлагийнхаа ойрын дөрвөн жилийн үндэсний хөтөлбөрийг боловсруулан Монгол Улсын Шадар сайд, Монголын хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах Үндэсний нийгэмлэгүүдийн холбооны Ерөнхийлөгч, хүний эрхийн хуульч Ц.Оюунбаатар сайдад өргөн барьлаа. Мөн бүтэц үйл ажиллагаагаа өргөжүүлэн тэлж, орхигдоод байсан гадаад харилцаа төсөл хөтөлбөрүүд, зах зээлийн судалгаа, бодлогын хэрэгжилт зэрэг олон салбарыг хамаарч, Хэрэглэгчийн хуулийн төсөл дээр ажиллаж энэ ондоо багтаан УИХ-аар өргөн барихаар идэвхийлэн ажиллаж байна.

Бид байгууллагынхаа 10 жилийн стратегийг боловсруулахын төлөө сууж, Европын холбооны төслөө идэвхжүүлэн эх орондоо тодорхой хэмжээний хөрөнгө татахаар ярилцаж, Жайка олон улсын төслийн Шударга өрсөлдөөний орчин нөхцөлийг сайжруулах төслийн захирлын хувьд 8 ажилтнаа Японд долоо хоног сургалтад хамруулан мөн Японоос гурван мэргэжилтнийг эх орондоо урин сургалт авч, 20 орчим Монголд суугаа гадаад орны элчин сайдуудтай уулзалт зохион байгуулан мэргэжилтнүүдээ гадаадад сургахаар тохирч, Мобиком болон бусад монополь компаниудад сануулга болон торгууль ногдуулж, зах худалдааны төвүүдээр явж үнэ тариф НӨАТ-ын асуудлаар ажиллаж, Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрыг үндэсний хэмжээний сүлжээ байгууллага болгон өргөжүүлэх, ахмад ажилчиддаа хүндэтгэл үзүүлэхийн зэрэгцээ одоо ажиллаж байгаа алба хаагчиддаа ажлаа хийх орчин нөхцөл, сэтгэл ханамжийг нь нэмэгдүүлж, эв найрыг эрхэмлэн бүх иргэдийнхээ төлөө цөөхөн томчуудын эсрэг шуурга сөрсөн тулаанд өмнөх үеийнхнийхээ бамбарыг барин хичээн ажиллах болно.

Энэ онд бид эхний сарын байдлаар 15 чиглэлд хяналт шалгалтын ажил явуулаад эхэлсэн гэдгийг та  бидэн рүү ирэх элдэв дайралт гүтгэлгээс бэлээхэн харж байгаа байхаа. Мөн  

  • Эрх зүйн орчин, бодлого стратегийг боловсронгуй болгож,  Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль болон бусад холбогдох хууль тогтоомжийг шинэчлэн УИХ-д өргөн барих, Өрсөлдөөний тухай хуулийг шинэчлэн найруулан батлуулах,

  • “Хэрэглэгчийн эрхийг хамгаалах хөтөлбөр-2” батлуулан хэрэгжүүлэх,

  • “Хэрэглэгчийн хяналт ”-ын  тогтолцоо бий болгож, үндэсний сүлжээ бүхий байгууллага болох

  • Хэрэглэгч эрхээ хамгаалах эрх зүйн мэдлэг, мэдээлэлтэй болгоход чиглэсэн хууль тогтоомжийг сурталчлах үйл ажиллагааг олон нийтийн мэдээллийн хэрэгслүүдтэй эрх тэгш хамтран ажиллах.

  • Хэрэглэгчид бүтээгдэхүүн, үйлчилгээ үзүүлж байгаа аж ахуйн нэгж, байгууллага бүр хэрэглэгчийн өргөдөл, гомдлыг хүлээн авч, шийдвэрлэх нөхцөлийг бүрдүүлэх ажлыг зохион байгуулах

  • Дархан, Эрдэнэт Нийслэл хотод хэрэглэгчийн шилэн СӨХ-ийн систем тогтоон, орон сууц нийтийн аж ахуйн  үйлчилгээ, цахилгаан дулааны үнэ төлбөрийг шилэн болгож хэрэглэгч хохирох явдлыг бүрэн зогсоох

  • Олон улсад мөрдөгддөг хуванцар саванд тавигддаг 17 код бүхий тэмдэг тэмдэглэгээ Монгол Улсын зах зээлд нэвтрүүлж хэвшүүлэх

  • Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй хэрэглэгчдэд дугаарлалт харгалзахгүй үйлчилдэг “Хүндэтгэлтэй үйлчилгээг” санаачлан хэрэгжүүлэх.

  • Архи, тамхи, эм, био бэлдмэл, биологийн идэвхт бүтээгдэхүүний хууль бус зар сурталчилгааг таслан зогсоох

  • Хэрэглэгчийн боловсролыг дээшлүүлэх, соён гэгээрүүлэх, урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэн, бараа бүтээгдэхүүний бар код, екодыг уншиж, таних чадварыг хэрэглэгчдэд олгож, импортын бараа бүтээгдэхүүний хаяг шошгожилтын мэдээллийг хэрэглэгчдэд бүрэн таниулж “Мэдэхэд илүүдэхгүй”, “Мэдэх тусам ойлгомжтой” хөдөлгөөнүүдийг өрнүүлнэ

  • ОУХЭБ-аас 2016 оныг Хэрэглэгчийн эрхийг хамгаалах өдрийг “Антибиотикгүй цэс” гэсэн уриан дор зохион байгуулж зохистой хэрэглээг бий болгох.

Зэрэг олон ажлуудыг бид хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна. Гэхдээ энэ бүхэн бол зөвхөн эхлэл төдийгүй бас олон зүйлийн үргэлжлэл гэдгийг танд хэлэхэд таатай байна.

Хатагтай ноёдоо, Эрхэм хэрэглэгчидээ, хэрэглэгчийн төлөө, хүний төлөө гэсэн сэтгэлээр бидэнтэй хамтран зүтгэх эрхэм анд найз нараа энэ 2016 он бол Төр иргэнийхээ эрхийн төлөө хүчин зүтгэх, бодит алхам, хувьсгалт өөрчлөлт хийх чухал он болно.

Эцэст нь хэлэхэд хэрэглэгч та бидэнтэй хамт байж, бидэнд итгэвэл ард түмний дэмжлэг албан тушаалаас хүчтэй гэдгийг хамтдаа нотлон харуулах болно. Д.Мөнхтөр намайг дайрах элдэв гүтгэлэг зөвхөн над руу чиглэхгүй Монгол Улсын Ерөнхий сайд, Засгийн газрын эрхэм гишүүд, болон миний хүндэтгэж итгэж ирсэн эрхэм хүмүүс рүү очиж байгаад харамсаж байна. Гэсэн хэдий ч би хэзээ ч урваж шантаршгүй, айхгүй төдийгүй дээрх үйл явдал нь зөвхөн надад тохиолдоод байгаа зүйл биш, миний өмнөх үеийн бүх дарга нарт болон шударга ёсны төлөө тэмцсэн хүн бүхэнд тохиолдож байгааг та анзаарч байгаа байх аа.

Эрт дээрээс уламжлагдан ирсэн эв эеийг эрхэмлэн дээдэлдэг ‎элэгсэг, найрсаг ард түмний зан заншлаа хүндэтгэн Битүүний энэ өдөр өнгөрсөн оны муу муухайгаа таягдан хаяж ирж буй гал бичин жилдээ элгээрээ энх амгалан байж төрлөөрөө түвшин сайхан байхын ерөөлийг өргөн дэвшүүлье.

Монгол хүнийхээ төлөө гэсэн үйлс бүхэн дэлгэрч, Монголын маань хэрэглэгчид өдөр бүр инээмсэглэж байг...

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна