Муухай Монгол хүн буюу С.Эрдэнэ

2016 оны 2 сарын 8

С.Эрдэнийн бие сайжирчээ. Тэрбээр хэвлэлд өгсөн ярилцлагадаа хувийн төдийгүй хувьсгалын асуудлыг хөндөн ярьсан байна.  Ямартай ч төр хүнийхээ амийг аварч чаджээ.  Өөрийгөө шатаасан С.Эрдэнийг төр хамгаалалтдаа  авч, амь насыг нь аварсан. Түлэгдэл гэмтэл нь амь наснаас нь холуур өнгөрсөн хэдий ч эмчилгээ нь дуусаагүй, БНСУ-д эмчлүүлж байна. Эхнэр, хоёр хүүхдийн хамт Солонгос Улсад байгаа. С.Эрдэнийн гэр бүлийн зөвхөн Солонгос улсад зорчсон хийгээд эмчилгээ, зочид буудал, хоолны зардал нийлээд 150 сая төгрөг болно гэж байсан. Гэхдээ Тавантолгой компаниас  300 сая төгрөг өгөхөөр шийдвэрлэсэн байна.

Харин С.Эрдэнийн хэвлэл өгсөн ярилцлага төр түмэндээ баярласан, талархсан бус тунирхсан, дахин мөнгө нэхсэн. Тэрбээр  хэвлэлд өгсөн ярилцлагдаа “Бие гайгүй л байна. Гол эмчилгээгээ хийлгэчихсэн. Бусад эмчилгээ нь тасраад 20 гаруй хонож байна. Одоо амбулаториор эмчлүүлэх ажил байгаа. Нэг гар татанхай, хөл дээрээ арай ядан зогсож байна даа. Эмчлүүлэх гэхээр мөнгө төгрөг нь байхгүй. Компаниас мөнгийг нь гаргаж өгөх гэхээр өмнөөс нэг юм нэхээд болж өгөхгүй. Хэцүүхэн л байна даа” хэмээн тунирхжээ. Цаашлаад “Намайг асарч байгаа миний хань, хүү хоёр маань хэцүүхэн л нөхцөлд байна. 1 дүгээр сарын 20-ноос буудлын мөнгөө ч төлж чадсангүй. Яахав гадуур байгаа болохоор таньдаг мэддэг хүмүүсийн тус дэмээр хоолоо залгуулаад л явж байна. Харин эмнэлэгт байгаа хүмүүс нь солонгосчуудын өгсөн будааг нь идчихээд л. Өрөвдөлтэй улсууд ч юм даа” хэмээн матрын нулимс унагаж. Усыг нь уувал ёсыг нь дага гэдэг. Солонгосчуудын хүнсний гол хэрэглээ будаа. Тэгээд ч будаа чинь тансаг хэрэглээ. Будаа олдохгүй бол гурилаа ид” гэж манай экс Ерөнхий сайд хэлж байсан юм шүү.

Ийнхүү төрөөс мөнгө нэхээд сууж байгаа түүнийг хүч хөдөлмөрөөрөө  хөлсөө гарган зүтгэж хоолныхоо мөнгийг олж байгаа нэгэнтэй зүйрлэшгүй. Цаашлаад хөдөлмөрийн амт шимтийг мэдрээгүй нэгэн байна гэж бодогдохоор байна. Өнөөдөр С.Эрдэнэ хэмээх энэ хүн   өвлийн хүйтэнд гадаа гудамжин доороо цаас дэвсээд сандал ширээ засан тамхи ширхэглэн  бохь зарж, өдрийнхөө олсон орлогыг эмээгээс ичих булчирхайтай байх  хэрэгтэй.  Өөрийнхөө болчимгүй зангаас болж улсыг өчнөөн төгрөгийн алдагдалд оруулаад байгаадаа ичих гэмших байтугай төр цаг тухайд нь мөнгөө шилжүүлэхгүй байна гэж гоморхож, тунирхаж, цагтаа хийгдээгүй эмчилгээний хариуцлагыг төр хүлээнэ шүү гэж сүрдүүлж байгаа нь увайгүй үйлдэл.  Бүр хоёрхон сартай зээгээрээ “шантааж” хийж байгааг юу гэж ойлгох вэ....

Тавантолгой компани төрийн  компани, сүүлийн жилүүдэд алдагдалта ажиллаж, өр төлөөсөнд орж, ажилчдынхаа цалинг тавихад хүртэл хугацаа алдаж байсныг  энэ эрхэм мэдэхийн дээдээр мэдэж байгаа. Төрийн буруу үйл ажиллагааны төлөө тэмцэх эрх С.Эрдэнэд байтугай хүн бүрт бий. Харин өөрийгөө шатаасан нь хувь хүний залруулж боломгүй буруу үйлдэл.  Энэ буруу, болчимгүй үйлдлийнхээ төлөө тэрээр эрүүл мэндээрээ хохироод зогсохгүй, түмнийг тэжээх үүрэг бүхий төрийн компанийг  ч хүнд байдалд оруулаад байгаа.

Тэрбээр тэмцлээ үргэлжлүүлнэ гэдгээ илэрхийлж, Тавантолгой компанийн үүсээд байгаа нөхцөл байдлын талаар ярьсан байна лээ. Бодвол ҮЭ-ийн гишүүдтэйгээ байнгын холбоотой байх. Харин тэмцлийн дараагийн хэлбэр гээд  хэн нэгэн өөрийнхөө эрүүл мэндэд хохирол учруулах үйлдэл гаргавал яах вэ. Дахиад төрөөр даалгана гэх үү. Төр гэдэг бол түмний төлөөлөл.  С.Эрдэнийн гэр бүл төр түмэнд талархаж явахаас бус буруу санамааргүй дэг.

А.ДӨЛГӨӨН

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна