Сэлэнгэ аймгаас таван “Улсын сайн малчин” шалгарлаа

2016 оны 2 сарын 8

Сэтгүүлч:
Сэлэнгэ

Энэ жил 21 аймгаас 140 малчин, долоон фермер нэг малчдын бүлэг тодорхойлолт ирүүлснээс 75 шалгуур үзүүлэлтийг хангасан 118 малчныг “Улсын сайн малчин” гурван иргэн, нэг хоршоог “Улсын тэргүүний фермер”-ээр шагнахаар болсон. Сэлэнгэ аймгийн тухайд Баянгол, Жавхлант, Сант, Түшиг, Цагааннуур сумын таван малчинд “Улсын сайн малчин” цол хүртэж байна. Уг шагналыг Сант сумын Ивэн багийн малчин Г.Түмэнхүү, Жавхлант сумын нэгүгээр багийн малчин Н.Баатар, Баянгол сумын Баян багийн малчин Л.Пунцагноров нарт ЗГХЭГ-ын дарга С.Баярцогт гардуулсан юм. Тиймээс манай агентлаг дээрх гурван “Улсын сайн малчин”-г онцлон уншигт таны хүртээл болгож байна.

Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт:

-Өмнө нь “Улсын сайн малчин” шагналыг гэр бүлийн гишүүнд хамт өгөх санал гарч байсан. Уг саналыг энэ жилээс хэрэгжүүлж байна. Сэлэнгэ аймгийн тухайд Сумын сайн малчин, Аймгийн сайн малчин цолыг гэргийд нь хамт өгдөг уламжлалтай.

Сэлэнгэ аймгийн тухайд сар шийнийн босгон дээр ихээхэн олз омогтой байлаа. Тухайлбал Баянгол, Жавхлант, Сант, Түшиг, Цагааннуур сумаас таван сайн малчин Цагааннуур, Түшиг сумаас гурван иргэн, нэг хоршоо “Улсын тэргүүний фермер”-ээр шалгарлаа.

УИХ-ын Намрын ээлжит чуулганаар газар тариалангийн чиглэлээр маш том хууль батлагдсан. Энэ хуулиар малчид, тариаланчидтай холбоотой зохицуулалтыг хийж өгсөн. Тухайлбал эрчимжсэн мал аж ахуйн бүсийн асуудлыг уг хуульд шинээр оруулж өгсөн. Ингэхдээ аймаг орон нутгийн санаачлагаар Засгийн газар тогтоож өгөхөөр тусгасан. Мөн газар тариалангийн бүс нутгаас 500 метрийн дотогш хаваржаа, өвөлжөө байгуулахгүй, мал оруулахгүй байхаар зохицуулсан. Дээр нь хамгийн сүүлийн өдрийн чуулганаар гурил, бордооны үйлдвэрлэл, хөдөө аж ахуйн тоног төхөөрөмжүүдийг гааль, НӨАТ-ын татвараас чөлөөлөх тухай хууль батлагдсан. Энэ хууль 2020 он хүртэл үргэлжилнэ. Өөрөөр хэлбэнл газар тариалангийн салбарт томоохон хэмжээний хөрөнгө оруулалт хийж байна гэсэн үг юм.

Монгол орны мал 56 саяд хүрсэн малын гаралтай түүхий эдийн үнэ унасан нөхцөл байдал үүсээд байна. Тиймээс малчдын орлогыг нэмэгдүүлэх чиглэлээр олон зүйлийг тусгаж ажиллаж байна. Тодруулбал малчдын зээлийн хэмжээ бага дунджаар 3 сая төгрөгийн зээлтэй байдаг. Гэтэл хүү нь жилийн 30 орчим хувь байна. Тиймээс гурав дахин багасгаад 10 хувьд бариулах бололцоог хайсан. Үүний тулд малчдын бодит орлогыг жинтэй нэмэгдүүлэх шаардлагатай гэж үзээд байна.

Ман үйлдвэрийн аргаар боловсруулсан махыг урд, хойд хоёр хөршид Бургастайн боомтоор дамжуулан экспортлоно.


“Улсын сайн малчин”-аар шагнуулсан малчид сэтгэгдлээ хуваалцлаа. 

Баянгол сумын Баян багийн малчин Л.Пунцагноров /Нөхөр/:

-Сайхан нутагтаа мал маллаад улсын өндөр цолонд хүрсэнд баяртай байна. Манайх Увс аймгийн Баяд үйлдрийн хонь, Тэсийн голийн адуу малладаг. Өмнө нь 2006 онд Сумын сайн малчин, 2011 онд Аймгийн сайн малчин, 2012 онд Хүнс хөдөө аж ахуйн тэргүүний ажилтан болж байсан. Энэ удаад гэргий маань хамт шагнуулж байна. Мал маллах бол хамтын хөдөлмөр байдаг тиймээс төр засаг маш зөв шийдвэр гаргажээ.

Урьд өмнө нь “Улсын сайн малчин” цолыг өрхийн тэргүүнд гардуулдаг байсан бол энэ удаад Засгийн газрын тогтоолоор эхнэр нөхөр хоёрыг хамт шагнаж байгаад малчид талархаж байгаагаа илэрхийллээ. Тодруулбал Сант сумын малчин Г.Түмэнхүү “Малчин айлын бүхий л асуудлыг эхнэр хүн зохицуулдаг. Нөхөр бол архи ууж явж байгаад шагнал авчихдаг гэхэд болно. Энэ удаад эхнэр, нөхрийг хамт шагнаж байгаа нь нүдээ олжээ” хэмээлээ.

Сант сумын Ивэн багийн малчин Г.Түмэнхүү /Нөхөр/:

-Малчин хүн малынхаа төлөө сэтгэл гаргаж чадвал хишиг буянаа хайрладаг. Сэлэнгэ нутагт малын тоо цөөн байдаг ч шилмэл үйлдрийн мал ихтэй. Манай хотонд нарийвтар ноост хонь, Сэлэнгийн цагаан толгойт үхэр хоёрыг голчилж өсгөж байна. Харамсалтай нь сүүлийн үед бэлчээрийн даац хэтэрсэн. Тиймээс малчин өрх бэлчээрээ тордох, ургамлын үр цацах шаардлагатай.  

Сант сумын Ивэн багийн малчин Д.Бадамхоролоо /Гэргий/:

-Манай гэр бүл анх 1985  онд Сэлэнгэ аймагт ирсэн. Түүнээс хойш малын буян хүртэж явна. Одоогийн байдлаар хонь, ямаа нийлсэн 1 мянга гаруй малтай, 110 үхэртэй, 80 адуутай.

Энэ жил Монгол Улсын мал сүрэг 56 саяд хүрч, малчин өрхийн тоо есөн жил дараалан буурч байсан бол сүүлийн хоёр жилд харьцангуй өсч, энэ жил малчин өрхийн тоо 153 мянгад хүрсэн байна.

Т.ДАВААНЯМ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна