Улсын цолыг 29 уяачидад гардууллаа

2016 оны 2 сарын 8

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр Төрийн ордонд Алдарт уяач, Тод манлай, Манлай уяач цолыг 29 хүнд гардууллаа. Ерөнхийлөгчөөс цол тэмдгээ гардан авсан уяачид манай агентлагт сэтгэгдлээсээ хуваалцлаа.

 

Архангай аймгийн иргэн Алдарт уяач Ө.Пүрэвбаатар

-Улсын цолтон боллоо. Сэтгэгдэл маш өндөр байна. Би есөн настайгаас хурдан морь унаж, түүнээс хойш морьтой амьдралаа холбосон. 1998 онд улсад анх удаа өрийнхөө шүдлэн морийг уяад, аман хүзүүнд ирсэн. Үүнээс хойш морьд маань сайхан давхиж байна. 2014 онд шүдлэн үрээгээ өөрөө уяж шүдлэн үрээ аман хүзүүдсэн. 

Завхан аймгийн иргэн Манлай уяач Б.Энхболд

-Сэтгэгдэл маш өндөр байна. Намайг түшиж байдаг уул ус, нутгийн ард түмэндээ Сар шинэдээ сайхан шинэлээрэй гэж хүсэн ерөөе. Энэ цолыг авахад улс бүсийн наадамд 12 айраг түрүү авсан байх ёстой байдаг. Төрийн түмэн эх дүүгүүр саарал гэдэг сайхан морь маань амжилтын эхлэлийг тавьсан. Мөн Егзөр хээр морь минь улсын цолны 60 хувийг хийж өгсөн.


Монгол Улсын Тод манлай уяач цолоор Булган аймгийн Гурванбулаг сумын уугуул П.Мэндбаяр, Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын уугуул С.Төмөр-Очир, Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын уугуул Н.Даш-Өлзий, Булган аймгийн Гурванбулаг сумын уугуул Д.Хишигжаргал, Төв аймгийн Баянцогт сумын уугуул Д.Одгэрэл нарыг,

Монгол Улсын Манлай уяач цолоор Төв аймгийн Батсүмбэр сумын уугуул С.Лувсанбалдан, Увс аймгийн Өндөрхангай сумын уугуул Д.Цэнд-Аюуш, Завхан аймгийн Дөрвөлжин сумын уугуул Д.Баяраа, Ховд аймгийн Дарви сумын уугуул Т.Батцоож, Төв аймгийн Баян сумын уугуул Х.Цогтсайхан, Хөвсгөл аймгийн Тариалан сумын уугуул Г.Доржпүрэв, Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын уугуул Б.Энхболд, Завхан аймгийн Сантмаргаз сумын уугуул Б.Баасанжав нарыг,

Монгол Улсын Алдарт уяач цолоор Төв аймгийн Өндөрширээт сумын уугуул А.Отгонбаяр, Хэнтий аймгийн Баянхутаг сумын уугуул Ц.Амарсайхан, Ховд аймгийн Дарви сумын уугуул Ү.Атарсайхан, Өмнөговь аймгийн Хүрмэн сумын уугуул Х.Бадамсүрэн, Увс аймгийн Зүүнхангай сумын уугуул Х.Барсүрэн, Ховд аймгийн Дөргөн сумын уугуул Н.Батбаяр, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын уугуул Т.Болдбаатар, Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын уугуул Б.Бүрэнтөр, Төв аймгийн Баянцагаан сумын уугуул Б.Ганбат, Хэнтий аймгийн Дадал сумын уугуул Н.Дарамренчин, Төв аймгийн Сэргэлэн сумын уугуул Т.Ихбаяр, Орхон аймгийн Баян-Өндөр сумын уугуул Р.Мягмардорж, Төв аймгийн Сэргэлэн сумын уугуул С.Эрдэнэбат, Архангай аймгийн Төвшрүүлэх сумын уугуул Ө.Пүрэвбаатар, Дундговь аймгийн Сайнцагаан сумын уугуул П.Одонбаатар нарыг тус тус шагнав.

Т.ДАВААНЯМ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна