Хөдөөгийн цагаан сар

2016 оны 2 сарын 9

-Өвөөгийн гарт нэлээд гандсан саарал өнгийн самбай хадаг харагдана. Жил болгон энэ хадгаа бариад суух өвөөгөө хараад "Өвөөдөө том болж байгаад гоё шинэ хадаг авч өгнө өө" гэж боддог байж билээ. Харин тэр хадаг өвөөгийн маань нандин зүйл удам дамжиж хэрэглэсэн шинийн хадаг байсан нь тэр юм билээ-

Баяр баярын дундаас цагаан сар нь монгол ахуй, уламжлалт ёс жаягийг хүүхэд ахуй цагаас мэдрүүлсэн сайхан баяр. Бага байхдаа энэ баярыг ойртох тусам л догдолж хуруу тоолон хүлээдэгсэн. Айл хэсэж бэлэг цуглуулах нь хамгийн гоё "ажил" байсан байх л даа. Хөдөөнийхөн сар шинийн баяртаа эртнээс бэлдэж эхэлдэг. Энэ бэлтгэл ажил гэж дэндүү нүсэр. Гол ажил нь бууз, банш, хэвийн боов хийх. За өнөө орой бүгдээрээ буузаа хийе гэж аав ээжийн хэлэхийг сонсоод баярлах, төвөгшөөх зэрэгцдэг байж билээ. Учир нь өчнөөн олон бууз өрж тоолох ажил бидэнд ноогддог. Эхэндээ их идэвхитэй тоолноо сүүлдээ залхуу хүрч, нойрмоглодог байсан нь санаанаас ер гардаггүй юм. Арваад хүн тойрч суугаад зогсоо зайгүй чимхээд байгаа хэрнээ хорийн /20 литрийн/ цагаан түмпэн дүүрэн мах нь яасан ч дуусдаггүй юм бэ дээ гэж бодож өрдөгсөн.

Бууз ч гайгүй хэвийн боов хийх үнэн бэрх. Биднийг унтаж байхад ээж өглөө эртлэн босож зуурмагаа бэлдэнэ. Гуриландаа шар тос хийгээд багсрахад шар тосны содон үнэр хамар цоргидог байж билээ. Аав маань хэвийн боов хийх цаг товоо харин ч нэг яв цав тодорхойлно доо. Цаг тооны хуанли эргүүлж, сайн цагийг сонгодог байв. Тэгээд л авдраасаа тос даасан эрээн даавуунд нандигнан боосон хэв гаргаж ирээд л тосолж гардагсан. Бидний нухсан гурилыг хэвэндээ тааруулан татаж сунгана. Хэвийн боовоо чанаж буй айл андашгүй. Гудамжаар явж байхад хачин сайхан үнэр ханхалж, “Тэр гуай, энэ ах хэвийн боовоо хийж байна” гэж сумаараа нэг мэдчихнэ. Хөдөөгийн айлуудын гэртээ хийдэг хэвийн боов үйлдвэрийхээс ч илүү амттай. Тэр дундаа аав ээж хоёрын минь сэтгэлээ шингээн байж амтлаж, хэвлэж, хайрсан хэвийн боов айл айлынхаас үнэхээр амттай, өнгө зүйс сайтай байдаг юм. Гаднах өнгө нь тос дааж шаргалтаад л одоогийн үйлдвэрийн хэвийн боов хаана нь ч хүрэхгүй.

Битүүний өглөө радиогоор уртын дуу эгшиглэхэд год хийн босдог байлаа. Харин аав, ах нар маань аль хэдийн зурагтынхаа өмнө суучихсан бөхийн брилдаан үзэж байдагсан. Энэ өдөр айлууд ховор нандин бүхнээ гаргаж гэрээ гоёдог. Намайг жаахан байхад айлууд найман тахил болон арван хоёр жилийн амьтан, хос хунтай хатгамал бүхий хөшгөөр гангардаг байсан юм. Нөгөө гоё хөшгөө орныхоо урдуур мөн унинаасаа татдаг байв. Битүүний орой нар жаргахаас өмнө тавгаа засдаг уламжлалтай. Өнгө өнгийн чихэр, сахар, цагаан идээгээр тавгаа чимж ланжгар сүүлтэй хонины ууцаа зэрэгцүүлнэ. Хажуугаар нь архи, дарс, бараашиг гээд элдэв амттанаа өрнө. Ингээд орой болонгуут битүүлэг эхэлнэ дээ. Ах дүү хамаатан саднаараа хамгийн залуу гэр бүлийндээ цуглаад битүүлнэ.

Шинийн нэгний өглөө хаврын урь орчихсон, өчигдрөөс хамаагүй дулаарчихсан мэт санагдаж, байгаль дэлхий ч намуухан болчихсон байдаг даа. Юм бүхэн өнгөтэй харагдаж цаанаа л нэг сайхан. Шинийн нэгэнд хамгийн түрүүнд зүг чигээ гаргана. Дараа нь ахмад настныдаа очиж золгодог ёсоор өвөөгийндөө цуглана. Ах дүү хамаатан садангууд гээд олон айл ирнэ ээ. За тэгээд хойморт тухлах өвөө, эмээ хоёртоо бид насныхаа эрэмбээр очиж золгоно. Өвөөгийн гарт нэлээд гандсан саарал өнгийн самбай хадаг харагдана. Жил болгон энэ хадгаа бариад суух өвөөгөө хараад "Өвөөдөө том болж байгаад гоё шинэ хадаг авч өгнө өө" гэж боддог байж билээ. Харин тэр хадаг өвөөгийн маань нандин зүйл удам дамжиж хэрэглэсэн шинийн хадаг байсан нь тэр юм билээ.

Хөдөөгийн цагаан сар сайхан шүү.

Б.ЭНХЖАРГАЛ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна