"Хариуцлагатай олон ажил бидний өмнө байна"

2016 оны 2 сарын 9

Билгийн тооллын XYII жарны гал бичин жилийн хаврын тэргүүн сарын шинийн нэгний өглөө Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж, УИХ-ын дарга З.Энхболд, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг нар ахмад настнуудын төлөөлөл болсон 9 өтгөс бууралтай Төрийн ордны ёслол, хүндэтгэлийн А танхимд алд цэнхэр хадаг дэлгэн золгож амар мэндийг нь айлтгалаа.

Төрийн золголтод Эрчим хүчний тэргүүний ажилтан, Завхан аймгийн Баянхайрхан сумын уугуул Ж.Товуудорж, Анхны цэцэрлэгийг үүсгэн байгуулагч, тэргүүний багш, Улаанбаатар хотын уугуул Б.Цэрэндолгор, Худалдааны гавьяат ажилтан, Худалдаа бэлтгэлийн орлогч сайд асан, Баянхонгор аймгийн Бууцагаан сумын уугуул Н.Бэгз, Худалдааны ахмад ажилтан, Сүхбаатар амйгийн Баруун-Урт сумын уугуул З.Намжим, Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин, Ховд аймгийн Буянт сумын уугуул Б.Зангад, Анхны оёдлын артелийн оёдолчин, дайны жилүүдэд цэргийн дулаан хувцас оёж явсан Архангай аймгийн Батцэнгэл сумын уугуул С.Хандсүрэн, Худалдааны тэргүүний ажилтан Говь-Алтай аймгийн Дарви сумын уугуул С.Сүрьеэ, Эрүүл мэндийн тэргүүний ажилтан, Дундговь аймгийн уугуул Д.Ойдов, Эрүүл мэндийн тэргүүний ажилтан, Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын уугуул Г.Зэвэг нар оролцлоо.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж  Билгийн тооллын XYII жарны гал бичин жилийн сар шинийн баярыг тохиолдуулан ард түмэндээ хандаж мэндчилгээ дэвшүүлэв.

Тэрээр хэлсэн үгэндээ “Ард түмнийхээ энэ өглөөний түмэн амгаланг айлтгаж, хамгийн сайн сайхныг хүсэн ерөөж мэндчилье. Гал бичин жил маань сайхан гарч байна. Өнөөдөр өглөө, өдөр манай ард иргэд ахмад буурлуудтайгаа золгож, хүүхэд багачууд, залуустаа найртай сайхан үгээ хэлж, золгож байгаа, ийм сайхан жил маань ирлээ.

Сар шинийн өглөө бол энэ жилийн 365 хоногт нэг удаа тохиодог сайхан бэлгэдэлтэй өглөө юм. Өнөө өглөөг шинжиж лам хувраг, мэргэд маань ярьж байна. Сайхан өглөө гарлаа. Хүн ард маань тайван, ёс төртэй, их сайхан, гоё ганган золгож байна гэж сая Гантэгчинлэн хийдийн тэргүүн хамба лам ярьж байна. Энэ бол их сайхны үүд нээгдэж байгаагийн шинж тэмдэг .

Энэ жил бол хариуцлагатай жил. Хариуцлагатай олон ажил бидний өмнө байна. Монголын ард түмний амжилт гэдэг бол монгол хүн бүрийн амжилт юм. Ийм учраас тал талаасаа эвлэж, улс орноо хөгжүүлэхийн төлөө бүгдээрээ хамтран зүтгэцгээе. Үндэсний үйлдвэрлэлээ дэмжие. Үр хүүхдээ сайн хүн болгож өсгөж бойжуулъя.

Гал бичин жилдээ ард олны маань хийморь өөдөө, төрийн минь сүлд түвшин сайхан байх болтугай гэсэн ерөөлийг өргөн дэвшүүлье. Баярлалаа” гэлээ.

Т.ДАВААНЯМ, Ц.АРИУНБОЛД

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна