Н.Энхбаяр Тасганы овоонд гарчээ

2016 оны 2 сарын 9

Билгийн тооллын XYII жарны гал бичин жилийн хаврын тэргүүн сарын шинийн нэгний өглөө Тасганы овоог зорих иргэдийн тоо жилээс жилд нэмэгдсээр байна. Чингэлтэй дүүргийн 5-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Тасганы овоо орчмоос иргэд шинийн нэгний нарыг харахаар ийнхүү зорьдог болжээ.

 

Монголчууд эртнээс цагаан сарын шинийн нэгэнд уул, овоондоо хүндэтгэл үзүүлэн, идээ будааны дээжээ өргөн эх орон, гэр бүлээ даатган сайн сайхныг ярилцдаг. Уламжлал ёсоор нийслэлчүүд энэ л өдөр Тасганы овоог зорин шинийн нэгний нарыг харахаар өглөө эртлэн цугладаг. Энэ өдөр нийслэлийн иргэдтэй хамт МАХН-ын дарга Н.Энхбаяр хүрэлцэн ирж, шинийн нэгний нарыг харчээ.

Тасганы овооны талаар товч сонирхуулахад, энэ газрыг өмнө нь Заан хошуу гэдэг байжээ. Чингэлтэй хайрхан уулын урд хэсгийн энэ овоог эхийнхээ өмнө хошуугаа сунган суусан зааны тугалын хэлбэртэй гэж үздэг байсан учраас ийн нэрийдсэн байна. Угаас зааныг эд баялаг дууддаг хэмээн дээдэлдэг учраас манжууд халхын буянд эзэн сууна хэмээгээд Заан хошууны урд талд Гэсэр сүмийг бариулсан гэдэг. Мөн Гандангийн лам нар хурал тарсны дараа Заан хошуун дээр гарч, ном хаялцдаг байжээ. Ийн ном хаялцахыг “тасга авах” гэдэг учраас лам нар сүүлдээ Заан хошууг Тасга овоо хэмээн ярих болсон нь өдгөө Тасганы овоо болон нэрлэгдэх болжээ.

Ч.БОЛОР, Б.МӨНХ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна