Нийгмийн халамжаас олгох хөнгөлөлтийн хэмжээг нэмэгдүүллээ

2016 оны 2 сарын 10

Засгийн газрын ээлжит хуралдаан 2 дугаар сарын 8-нд болж, дараах шийдвэрүүдийг гаргалаа.


Ирээдүйн тэтгэврийн нөөц сангийн тухай хууль батлагдсантай холбогдуулан дараах арга хэмжээг авна

Ирээдүйн тэтгэврийн нөөц сангийн тухай хууль, Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөл, бусад холбогдох хууль тогтоомжийг энэ оны нэгдүгээр сарын 22-ны өдрийн УИХ-ын намрын ээлжит чуулганаар хэлэлцэж анхны хэлэлцүүлгээр баталсан.

Ирээдүйн тэтгэврийн нөөц сангийн тухай хууль батлагдсантай холбогдуулан “Ипотекийн зээл, санхүүжилтын ерөнхий журам-ыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж, гишүүдийн саналыг тусган албажуулахаар тогтлоо. Тус сангийн 2016 оны төсвийн тухай хуулийн төслийг боловсруулж Засгийн газарт танилцуулан УИХ-ын хаврын чуулганаар хэлэлцүүлэх, сангийн 2016 оны төсвийг батлах хүртлэх хугацаанд хууль болон журмыг хэрэгжүүлэхтэй холбоотой бэлтгэл ажлыг хангаж Ирээдүйн тэтгэврийн нөөц сангийн тухай хуульд заасны дагуу Монголбанктай гэрээ байгуулах, ипотекийн зээл олгох үйл ажиллагааг холбогдох байгууллагатай хамтран үргэлжлүүлэн хэвийн, тасралтгүйгээр зохион байгуулахыг Сангийн сайд Б.Болор, Барилга, хот байгуулалтын сайд З.Баянсэлэнгэ, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ нарт даалгалаа.

Ирээдүйн тэтгэврийн нөөц сангийн хөрөнгийн эх үүсвэрийг Монгол банкнаас шилжүүлэн авах, хуульд заасны дагуу сангийн хөрөнгийн удирдлагыг Монгол банкаар хэрэгжүүлэх, үүнтэй холбоотой гэрээг Монголбанктай байгуулахыг Сангийн сайдад зөвшөөрлөө.

Хурдан морины бүсийн уралдааны 2016 оны хуваарийг тогтоолоо

Хурдан морины “Дүнжингарав-2016” Төвийн бүсийн хаврын уралдааныг Хаврын тэргүүн сарын 21-нд буюу 2016 оны 2 дугаар сарын 28-нд Төв аймгийн Аргалант сумын Цагаан хөтөлд, Хангайн бүсийн хаврын уралдааныг Өвөрхангай аймагт 3 дугаар сарын 6-ны өдөр тус тус зохион явуулахаар шийдвэрлэлээ. Мөн Баруун бүсийн уралдаан Говь-Алтай аймагт, Зүүн бүсийнх Хэнтий аймагт, Говийн бүсийнх Өмнөговь аймагт, Хангайн бүсийн уралдаан Орхон аймагт 7 дугаар сарын 30-31-ний өдрүүдэд болно. Монголын уяачдын баяр-Шигшмэл хурдан морьдын “Их хурд-VII” уралдаан Хүй долоон худагт 2016 оны 7 дугаар сарын 24-нд болно.

Хурдан морины уралдааныг тогтоосон хугацаанд дүрмийн дагуу зохион байгуулахыг холбогдох аймаг, нийслэлийн Засаг дарга, Монголын морин спорт, уяачдын холбоонд даалгалаа.

Нийгмийн халамжаас олгох хөнгөлөлтийн хэмжээг нэмэгдүүллээ

Хөнгөлөлтийн хэмжээг тогтоох тухай Засгийн газрын 2013 оны 19 дүгээр тогтоолын заалтыг өөрчлөн найрууллаа. Ахмадын зориулалттай амралт, сувиллын газарт ахмад настан хөнгөлөлттэй үнээр амарч сувилуулах хугацааг 10 хүртэлх хоногоор, эрхийн бичгийн нэг ор хоногт нийгмийн халамжийн сангаас олгох хөнгөлөлтийн хэмжээг аймаг, дүүргийн Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтсийн харьяа ахмадын амралт, сувилалд 13 мянган төгрөгөөр, ахмадын бусад амралт, сувиллын газарт 20 мянган төгрөгөөр тус тус тогтоох шийдвэр гаргалаа.

“Төрийн болон орон нутгийн өмчөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль”-ийн дагуу сонгон шалгаруулалтад шалгарч, Нийгмийн халамжийн ерөнхий газартай гэрээ байгуулсан 39 болон Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтсийн харьяа 16 аймаг, 1 дүүрэгт ахмадын 17 амралт, сувилал үйл ажиллагаа явуулж байна.

Халамжийн сангаас НХҮХ-ийн харьяа амралт, сувилалд 1 ор хоногт 8000 төгрөг, гэрээ байгуулсан амралт, сувиллын газруудад 1 ор хоногт 15 мянган төгрөг олгож байсан юм.


ТОВЧ МЭДЭЭ:

- Соёл, урлагийн их сургуулийн Дүрслэх, дизайн урлагийн сургуулийг Монгол Улсын Төрийн шагналт, Ардын зураач Д.Амгалангийн нэрэмжит болголоо.

- Хууль сахиулах тухай хуулийн төслийг хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтов.

- Б.Батсайханыг Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн даргаар, Ю.Идэрцогтыг Хөдөлмөрийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар томиллоо.

- Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд Н.Батцэрэгийн 2016 оны нэгдүгээр сарын 16-19-ний өдрүүдэд Испанийн Вант Улс, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсад хийсэн ажлын айлчлалын дүнг Засгийн газрын гишүүдэд танилцууллаа

ЭХ СУРВАЛЖ: ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТЭЙ ХАРИЛЦАХ АЛБА

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна