ХҮН Ерөнхий нарийн бичгийн даргаа солив

2016 оны 2 сарын 10

Сар шинийн өмнөхөн буюу энэ сарын 5-ны өдөр Хөдөлмөрийн үндэсний намын (ХҮН) Удирдах зөвлөл хуралдсан байна. Уг хурлаар Удирдах зөвлөлийн гишүүдийн олонх нь тус намын Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Т.Доржхандын удирдах арга барилд дүгнэлт хийж, тус намын дарга С.Ганбаатарт хандан дүрмийн дагуу үүрэгт ажлаас нь чөлөөлж өгөх санал гаргасан байна. Удирдах зөвлөлийн гишүүдийн олонхийн шийдвэрийг намын дарга С.Ганбаатар харгалзан үзэж Т.Доржхандыг чөлөөлж оронд нь Н.Одонгуаг томилжээ. Н.Одонгуа нь тус намын анхны үүсгэн байгуулагчдын нэг Сувилахуйн их сургуулийн захирлаар ажиллаж байсан өндөр боловсролтой зарчимч эмэгтэй гэдгээрээ намынхаа гишүүдэд үнэлэгддэг. Хөдөлмөрийн үндэсний намаас гаргасан энэхүү үйл явдал АН, МАН, МАХН-д дотоод ардчилал шудрага зарчим хариуцлагын үлгэр дууриалал болохуйц шийдвэр гэж улс төрийн хүрээнийхэн дүгнэж байна.

Ямар ч байсан Хөдөлмөрийн үндэсний нам Их хурлаараа С.Ганбаатарыг намын даргаар сонгосон бол Удирдах зөвлөлийн гишүүдийн олонхийн шийдвэрээр генсекээ өөрчилж, сонгуульд удирдаж орох  багынхаа удирдлагыг олонд танил, рейтинг өндөртэй хүмүүсээр сольсон нь ухаалаг шийдвэр гэж харагдаж байгаа юм. Өөрөөр хэлбэл, сонгуулийн марафонд гүйх тамирчдынхаа толгойд шилдгүүдээ томилж, сонгож байгаа нь Хөдпөлмөрийн үндэсний намын хувьд  зөв тактик болж магадгүй байна.

Б.БАТ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна