Дүнжингарав наадам Төв аймагт болох уу?

2016 оны 2 сарын 10

Ийн асуухаас аргагүй нөхцөл байдал үүслээ. Учир нь хоёрдугаар сарын 8-ны өдрийн Засгийн гарын хуралдаанаас хурдан морины бүсийн наадмын хуваарийг тогтоохдоо “Дүнжингарав-2016” Төвийн бүсийн хаврын уралдааныг Хаврын тэргүүн сарын 21-нд буюу хоёрдугаар сарын 28-нд Төв аймгийн Аргалант сумын Цагаан хөтөлд, Хангайн бүсийн хаврын уралдааныг Өвөрхангай аймагт гуравдугаар сарын 6-ны өдөр тус тус зохион явуулахаар шийдвэрлэлээ. Мөн Баруун бүсийн уралдаан Говь-Алтай аймагт, Зүүн бүсийнх Хэнтий аймагт, Говийн бүсийнх Өмнөговь аймагт, Хангайн бүсийн уралдаан Орхон аймагт долдугаар сарын 30-31-ний өдрүүдэд, Монголын уяачдын баяр-Шигшмэл хурдан морьдын “Их хурд-VII” уралдаан Хүй долоон худагт долдугаар сарын 24-нд болно гэж заажээ.

Урин дулаан цагийн уралдаан наадам ч яахав тогтсон цагт, тогтоосон дэг жаягийн дагуу өрнөх нь мэдээж. Харин хавар, өвлийн хариг хатуу цагт хурдан морины уралдаан зохион байгуулж, адуу мал, хүүхэд багачуудыг ядраан тарамдуулахыг зарим хүмүүс эсэргүүцдэг. Сар шинийн дараахнаас шил даран уралдуулдаг элдэв наадам, наргианаас албан ёсоор татгалзах шийдвэрийг аймаг орон нутгийн удирдлагууд ч гаргаад амжсан. Тэдний нэг нь Төв аймгийн Засаг дарга Д.Баярбат. Тэрбээр энэ оны нэгдүгээр сарын 29-ний өдөр захирамж гаргаж,  тавдугаар сарын 1-нийг хүртэл аймгийн нутаг дэвсгэрт хурдан морины уралдаан зохион байгуулахыг хориглосон байна. Тэр бүү хэл томоохон хэмжээний сунгаа, үсэргээ ч хийхгүй байхыг сумдын засаг дарга нарт үүрэгдсэн байдаг.

Гэтэл Засгийн газраас “Дүнжингарав-2016” Төвийн бүсийн хаврын уралдааныг Хаврын тэргүүн сарын 21-нд буюу хоёрдугаар сарын 28-нд Төв аймгийн Аргалант сумын Цагаан хөтөлд зохион байгуулах шийдвэрийг хоёрдугаар сарын 8-ны өдөр гаргаж орхив. Чухам эндээс л гарчигт тодотгосон “Дүнжингарав-2016 төвийн бүсийн хаврын уралдаан” Төв аймагт болох уу гэж асуухад хүрч буй юм. Ингэхэд аймаг орон нутгийн шийдвэр төр засагт хамааралгүй юү, эсвэл аймгийн Засаг дарга гаргасан захирамж, шийдвэрээ Засагтаа танилцуулж, ойлголцоогүй юү, Засгийн газар нь Засаг даргын шийдвэрийг үл тоосон уу, ямартай ч хэдхэн хоногийн зайтай эрс тэс ялгаатай шийдвэрийг эрх мэдэлтнүүд гаргалаа. Хурдан морины хорхойтнууд, намраас хойш наадам зугаагаа санасан уяач, хурдан буянтнуудад бол Дүнжингарав хүсэн хүлээдэг наадам нь яах аргагүй мөн. Бушуухан хурдан буянаа сойж, ид хавыг нь гайхуулахсан гэж тэд яарч байгаа нь мэдээж. Хурдан морьдоо  сойсон бэлтнүүд хурдан унаагаараа уралдан Дүнжингаравыг зорьдог. Хөрөнгө мөнгөтнүүдийн энэхүү зугаа харин унаач хүүхдүүд, уралдаач морьдод хэрхэн тусдгийг нарийн тооцсон, шинжлэх ухааны үндэслэлтэй мэдээлэл одоогоор алга. Ямартай ч шавар шавхайд булуулж, хайруу жаварт хацар нүүр нь хайрагдсан хүүхдүүдийн өрөвдмөөр зургийг олонтаа харж байлаа. Уралдааны өмнө болоод хойно хүүхдийн эрхийн байгууллагынхан баахан халаглаад л өнгөрдөг дүр зураг ч өнөө жил давтагдах нь бололтой. Яагаад гэвэл жингийн туухай дээр тавибал мэдээж Засгийн шийдвэр Засаг даргын захирамжаас хувь илүү хүчтэй. Олон жилийн турш наадаж заншсан хурдан хүлгийн эздийн хүсэл эгэл айлын нялх хүүхдүүдийн эрүүл мэндээс дээгүүр залраастай болохоор Төв аймгийн Засаг ноёны шийдвэр сарын ч насгүй болж таарах нь.  

Яг нэг жилийн өмнөхийг эргэн сануулъя. Хэний морьд түрүүлж өнгөлсөн, хэний хүү бэлтэй баяныг гайхан шагширч суусан хаврын морины уралдааны үеэр 37 хүүхэд мориноос унаж бэртсэн тухай хэвлэлүүд мэдээлж байжээ. Тухайлбал, 2015 оны хоёрдугаар сарын 22-нд Баруун-Уртад зохион байгуулагдсан Сүхбаатар аймгийн аварга хүлэг шалгаруулах дээд гурван насны морьдын уралдааны үеэр 24 хүүхэд мориноос унаж, хоёр хүүхдийнх нь тархи доргиж, цээж нь битүү гэмтсэн гэсэн оноштойгоор аймгийнхаа эмнэлэгт хэвтжээ. Харин Орхон аймагт болсон хурдан морины сунгааны үеэр хоёр хүүхэд мориноос унаж, нэг нь чөмөгнийхөө ясыг хугалсан байна. Төвийн бүсийн “Дүнжингаравын их хурд” наадмын үеэр ч 11 хүүхэд мориноос унаснаас нэг нь хүнд бэртэж,  гэмтлийн эмнэлэгт хүргэгджээ. Сүүлийн арваад жилд жил дараалан хурдан морины уралдаанаас болж хүүхдийн амь нас эрсэдсэн гэж Хүний эрхийн байгууллагынхан мэдээлжээ.

Энэ бүхнээс үзсэн ч, аймгийн Засаг даргынх нь захирамж түрүүлж гарсныг бодолцсонч Дүнжингарав энэ жилдээ өнжмөөр, үгүйдээ л Төв аймагт болохгүй байхаар дүр зураг харагдаж байгаа юм. Гэвч жаяг, жамаараа өрнөдөг үйл өнөөдөр үгүй болохоор хэрхэхийг харж л суухаас даа.

Д.ЦЭЭНЭ

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна