Намрын чуулган үүргээ биелүүлсэн үү?

2016 оны 2 сарын 11

Намрын чуулган битүүний өмнөх өдөр буюу өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт хаалтаа хийсэн боловч хэлэлцэх асуудал багагүй байгаа тул ээлжит бус чуулган зарлан хуралдуулахаар болсноо УИХ-ын дарга хэлсэн.

УИХ-ын чуулганы хуралдаан товлосон хугацаанаасаа хоёр цагаар хоцорч эхлэх, хэлэлцэх асуудлаар намууд хэд, хэдэн удаа завсарлага авах зэргээр улс төрийн бойкот зарласаар байгаад намрын чуулганаар хэлэлцэхээр жагсаасан асуудлаа дуусгаагүй.

Тэр тусмаа энэ парламентад ганцхан чуулган үлдэж байгаа нөхцөлд үстэй толгойноос их хэлэлцэх асуудал олон бий. Гэвч дахиад л МАН-ын бүлэг чуулганы хуралдааны үйл ажиллагааг саатуулж, Үндсэн хуулийн цэцийн гишүүний эргүүлэн татах асуудлаар завсарлага авлаа. Цэцийн тухай хуулийн өөрчлөлт болон Цэцэд маргаан хянан шийдвэрлэх тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийг УИХ-аар хэлэлцэх явцад өмнө нь МАН хоёр ч удаа завсарлага авсан. Энэ асуудлыг ээлжит бус чуулганаар хэлэлцэх нь тодорхой болсон.

УИХ-аар хэлэлцсэн асуудал дээр МАН-ын бүлэг завсарлага авахгүй өнгөрч байсан явдал тун цөөхөн. Зарим асуудал дээр авсан завсарлагынх нь хугацаа хаврын чуулган хаалтаа хийхээс өмнө дуусахгүй байгаа юм.

Дөрвөн жилийн, найман чуулганы бүрэн эрхийн хугацааны дийлэнхэд буюу долоон чуулганд сайдыг огцруулах асуудлыг хэлэлцэж багагүй улс төржсөн өнөөгийн УИХ хэлэлцэх асуудлуудаа гүйцээхийн тулд сар шинийн дараа ээлжит бус чуулган дахин зарлахаар болж байх шиг.

Энэ намрын чуулганы хуралдааны гол сенсааци нь Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг хэлэлцсэн явдал байв. Оюутолгойн гэрээг Монголд ашиггүй баталсан гэх Г.Уянгын баланк дээр МАН-ынхан гүйж очоод гарын үсэг зурсан биш харин ч Ардчилсан намын унаж байсан рейтингийг өсгөж өгөв. Энэ явдлын дараа засгаа хамгаалж үлдсэн АН-ын нэр хүнд өсч, засгийг унагаах операци нь бүтэлгүйтсэн МАН-ын рейтинг унасан гэвэл буруудахгүй биз.

Намрын чуулганаар хэлэлцсэн чухал хуулиудын нэг нь Эрүүгийн хуулийг шинэчилсэн явдал. Энэ хууль ирэх есдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлнэ. Төсвийн тухай хуулийн хүрээнд зарим агентлагуудыг татан буулгаж, төсвийг хэмнэхээр шийдвэрлэсэн. Мөн Сонгуулийн хуулийг шинэчлэн баталсан. Жижиг нам болон шинэ хүмүүсийг шахсан Сонгуулийн шинэ хууль АН, МАН-ын гол тохироогоор батлагдсан гэж хэлж болно.

Гэвч, хамгийн чухал асуудлаа намрын чуулган ярилцаагүй өнгөрсөн бөгөөд үлдэж байгаа ганцхан чуулганы хугацаанд Тавантолгойн тогтоолын төсөл, Үндсэн хуулийг өөрчлөх асуудлыг хэлэлцэж амжихгүй. Тиймээс УИХ-ын дарга З.Энхболд дараагийн парламентад даалгавар болгон үлдээж байгаагаа өнгөрсөн онд хэвлэлд өгсөн ярилцлагадаа онцолсон. Гэхдээ хаалтаа хийх өдрөө Ард нийтээс санал асуулга авах тухай хуулийг УИХ баталсан юм.

Ихэнх хугацаагаа хэрэлдэж, асуудал болгон дээр завсарлага авч, гацааж, унагааж өнгөрөөсөн энэ намрын чуулган үүргээ биелүүлсэн үү. Энэ парламентад ямар дүн тавих нь зургадугаар сарын 29-нд болох сонгуулийн үр дүнгээр харагдах болов уу.

Б.ХОНГОР

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна