Ард нийтээс санал асууна

2016 оны 2 сарын 11

Намрын чуулганы сүүлийн өдөр Н.Батбаяр гишүүний өргөн барьсан Ард нийтээс санал асуух хуулийг УИХ баталсан юм. Ингэснээр Үндсэн хуулийг өөрчлөх эсэх асуудлаар ард түмнээсээ санал авахаар болж байна.

Гурван ч парламент дамжин яригдаж байгаа Үндсэн хуулийг өөрчлөлтийг өнөөгийн парламент хийхээр ажлын хэсэг байгуулж ахлагчаар нь УИХ-ын гишүүн Н.Батбаярыг томилсон. Тус ажлын хэсэг өнгөрсөн оны арваннэгдүгээр сард Үндсэн хуулийг өөрчлөх хуулийн төсөл өргөн барихдаа Ард нийтээс санал асуух хуулийн төслийг давхар өргөн барьсан юм.

УИХ-ын дарга З.Энхболд хэвлэлд өгсөн ярилцлагадаа нэг бус удаа “Бид ард нийтээс Үндсэн хуулийг өөрчлөх асуудлаар саналыг нь авч өгнө. Харин дараагийн парламент хуулийг өөрчлөх ёстой” хэмээн онцолсон байдаг.

Үндсэн хуулийг өөрчлөх үү, үгүй юу гэдгийг ард түмэн анх удаагаа шийдэх гэж байна. Хэрэв Үндсэн хуулийг өөрчлөхгүй гэж ард олон үзэх юм бол эцэг хуулийг эх болгон өөрчлөх асуудал ингээд зогсоно. Харин улс төр, эдийн засагт үүсээд буй олон асуудлын “алдаа “ нь Үндсэн хууль гэж ард түмэн үзэх юм бол эцэг хуулийг өөрчлөх нь дараагийн парламентад даалгавар болон үлдэх учиртай.

Үндсэн хуулийг өөрчлөлтийг бүх намууд дэмжиж байгаа. Гол нь хэн хэзээ эцэг хуулийг эх болгон өөрчлөх эрхтэй вэ гэдэг дээр л асуудал үүсгээд байгаа юм. Тиймээс намуудын дунд үүсээд байгаа асуудлыг ард түмний санал шийднэ гэсэн үг.

Үндсэн хууль бол ард түмэн төр хоёрын дунд хийсэн гэрээ. Энэ гэрээг өөрчлөх эсэхийг ард түмэн шийдэх ёстой гэж өнөөгийн парламент үзлээ.

1992 онд батлагдаж, дундаа долоон зүйл заалтаар засвар орсон Үндсэн хуулийг бүхэлд нь шинэчлэх нь улс төр, эдийн засаг, нийгмийн зайлшгүй захиалга болж байгааг улстөрчид ярьдаг. Тэр тусмаа өнгөрсөн дөрвөн жилд 13 удаа сайдыг огцруулах, засгийн унагах асуудал УИХ-д орж ирж байгааг ч Үндсэн хуулийг алдаа хэмээн үзэх хүмүүс бий.

Тэр тусмаа өнөөдөр Эрүүл, мэнд спортын сайдаа томилж чадалгүй сар шинэтэй золгосон нь мөн л эцэг хуулийн нэг гажуудал юм. Ерөнхий сайд нь өөрөө танхимынаа сайдаа томилж чадахгүзй намуудын барьцаанд орчихоод байгаа нь эцэг хуулийг өөрчлөх ёстой харуулж буй том гажуудал хэмээн хэлж болохоор. Ямар ч байсан Үндсэн хуулийг өөрчлөх, УИХ, Засгийн газрын өөр, өөрийн байранд нь тавих асуудал нэг алхамаар урагшилж байна.

Та бидний бүгдийнх нь санал Үндсэн хуулийг өөрчлөх асуудлыг шийдэхээр болсон гэсэн үг юм.

О.САРНАЙ

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна