98 сум цагаан зудтай байна

2016 оны 2 сарын 11

Сар шинийн өдрүүдэд налгар байсан тэнгэр хангай өнөөдрөөс муухайрч эхлэхийг Цаг уурын хүрээлэнгээс гаргасан мэдээ харуулж байна. Тодруулбал, Увс, Завханы нутгаар, баруун зүгийн нутгийн ихэнх, төвийн нутгийн баруун хэсгээр өнөөдрөөс цаг агаар эрс хүйтэрч, цасан шуурга шуурах гэнэ. Ихэнх нутгаар цас орж, хүчтэй салхи шуургатай, хүйтэн байхыг онцгойлон анхааруулж байна.

Мичин жилийн хавар хүндэрч магадгүй гэж зурхайчид сануулах болсон. Монгол орны ихэнх нутгаар өвөлжит хүнд байгааг ч холбогдох яам, агентлагийн газрууд хэлэх болсон билээ. Нийт нутаг дэвсгэрийн 80 гаруй хувь нь цастай байгаагаас 18 аймгийн 98 сум цагаан зудтай, 20 аймгийн 111 сум цагаан зудархуу байгаа гэнэ. Улсын нөөцийн салбар, цэгүүдэд байгаа 2011-2013 онд бүрдүүлсэн 6565 тонн өвсийг үнэгүй, 2011-2014 онд бүрдүүлсэн 2678 тонн тэжээлийн үнийг 50 хувь хямдруулан өвөлжилт хүндэрсэн аймгуудын малчдад хуваарилан олгожээ.

Б.ТУУЛ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна