Хонгконгчууд сар шинээ цуст мөргөлдөөнөөр угтжээ

2016 оны 2 сарын 11

 

Хонгконгийн бизнесийн дүүрэг Монгкокт битүүний орой цагдаа нар болон жагсагчдын хооронд цуст мөргөлдөөн гарч олон хүн гэмтэж бэртжээ. Цагдаа нар үймсэн олныг тарааж, эмх замбарааг тогтоохын тулд агаарт хий буудаж анхааруулга өгсөн аж.

 

Хонгконгийн цагдаа нар сар шинийн баярын өмнө гудамжид зөвшөөрөлгүй загас, хүнсний бүтээгдэхүүн зарж байсан наймаачдыг тараах гэснээс мөргөлдөөн гарсан аж. Уурссан наймаачид цагдаа нар руу лонх, лааз, хог шидэж эсэргүүцэл үзүүлснээр мөргөлдөөн эхэлсэн байна. Улмаар энэ нь олныг хамарсан үймээн болон хувирчээ.

 

 

Мөргөлдөөн үймээн самууны улмаас 80 гаруй цагдаа, дөрвөн сэтгүүлч гэмтэж бэртсэн байна. Түүнчлэн цагдаагийн автомашинууд, нийтийн өмчийг галдан шатааж, цонхыг нь хагалсан аж. Цагдаа нар 23 эрэгтэй, нэг эмэгтэйг баривчилж хорьсон нь 17-70 насны хүмүүс байжээ.

 

Өмнө нь 2014 онд Хонгконгийн Монгкок дүүрэгт ардчиллын төлөө тэмцэгч жагсагчид цагдаа нартай мөргөлдөж байсан юм. Хоёр сар гаран үргэлжилсэн суулт жагсаалыг Хонгконгийн удирдлагууд хүчээр тарааснаар мөргөлдөөн гарч байв. Жагсагчид Бээжингээс сонгуулийн бүрэн эрхийг шаардаж байсан билээ.

 

 

 

 

Б.АНХТУЯА

 

ЭХ СУРВАЛЖ: THE WALL STREET JOURNAL

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна