Гал бич бидэнд ямар нүүрээ харуулах бол?

2016 оны 2 сарын 12

-“Муу нүүрт” гэдгийг хүмүүс бид өөрсдөө ямар нүүр түүнд харуулна түүнийг л бидэнд бич харуулах юм хэмээн зурхайчид тайлбарлаж байна-

XVII жарны “муу нүүрт” хэмээх гал бичин жил айлчлан ирлээ. Тухайн жилийн төлөв байдал тэрхүү жилийн ёгт нэртэй гүн холбоотой гэж зурхайд үздэг. Зарим зурхайч “муу нүүрт” биш “муу нигуурт” гэж хэлэх ёстой гэж хэлж байна. 12 жилийн есөд бичигддэг бичин жилийг “Үзсэн бүхнээ элэглээд байдаг илбэчин эрдэмтэй бич есөн жилээ” хэмээн тодорхойлдог. Элэглэх юм байгаа цагт элэглэж л байх нь. “Муу нүүрт” гэдгийг хүмүүс бид өөрсдөө ямар нүүр түүнд харуулна түүнийг л бидэнд бич харуулах юм хэмээн зурхайчид тайлбарлаж байна. Зөв явсан хүнд зөв, буруу явсан хүнд буруу байх жил хэмээн ойлгох нь хамгийн бодит тайлал болох аж. “Мичин жил бол монголын түүхэнд дандаа том сэгсрэлт хийдэг жил байсан” гэж бичгийн их хүн Л.Түдэв хэлсэн байдаг юм билээ.

Бичин жилийн зуд гэсэн үг монголчуудын ой ухаанд гүн бат шингэсэн байдаг. Тиймээс ч айлчлан ирж буй гал бичин жилийн хавар зуд турхан тохиолдож магадгүй хэмээн малчид малаа ихээр махалж, өнгөрсөн намар махны үнэ өмнөх жилээсээ бараг гурав дахин буурч, инфляцийг нэг оронтой тоонд барих эрх баригчдын мөрөөдлийг биелүүлсэн. Харин цаг уурчид зуд болно гэж муу амлахгүй байгаа.

Энэ гал бичин жил монголчууд хууль тогтоох дээд байгууллагаа шинээр сонгоно. 1992 оны бичин жилээс эхлэн дөрвөн жил тутам парламентын сонгууль явуулжээ. Өнгөрсөн 24 жил парламентын олонхийг дөрвөн удаад нь хуучнаар МАХН, одоогийн МАН, хоёр удаад Ардчилсан нам бүрдүүлжээ. Ийнхүү 24 жилийн хугацаанд энэ хоёр нам ээлжлэн төрийн эрхийг барьсан ч энэ хоёр нам монголчуудын амьдралыг илүү сайжруулж чадахгүй гэсэн бодол нийгэмд давамгайлж эхэлсэнийг энэ хоёр намын рейтинг сүүлийн жилүүдэд тасралтгүй буурч байгаа нь харуулж байгаа. Тэгэхээр ирэх зургадугаар сарын 29-нд болох сонгуульд сонгогчдын дүрээр гал бич маань тэдэнд ямар дүн тавих бол?  

12 жилийн мөчлөгөөрөө өнгөрсөн зууны эхнээс тооцоход 1908, 1920, 1932, 1944, 1956, 1968, 1980, 1992, 2004 онуудад бичин жил тохиож байжээ. Дорнын зурхайд бичийг онцгой сониуч, зөнч амьтан гээд бичин жилийг тааварлашгүй үйл явдлаар арвин жил болдог хэмээн тодорхойлсон байдаг.

Харин дэлхийн түүхийг зөгнөсөн хоёр их зөнч Францын Нострадамус, Болгарын Ванга нар аль аль нь 2016 оныг зөгнөн хэлсэн байдаг нь олон хүний анхаарлыг татаж байна. Нострадамус Вангагаас бараг 500 жилийн өмнө амьдарч байсан ч энэ хоёр хүний зөн давхцаж байгаа учраас ийнхүү анхаарал татаж байгаа юм.

Нострадамус өөрийн зөндөө тухайлсан улс гүрэн, хотын нэр, оныг заагаагүй ч түүний хэлсэн олон үйл явдал дэлхийд бодитоор болж өнгөрсөнийг эрдэмтэд хүлээн зөвшөөрдөг. Нострадамусын зөнг олон хүн олон янзаар тайлан, тэр нь хоорондоо зөрдөг. Нострадамусын зөнгөөр энэ 2016 онцгой өөрчлөлт болох жил аж. Түүний хэлсэнээр энэ оны эхэнд нэгэн тахир дутуу хүүхэд төрнө. Тэр хүүхэд хүмүүсийн хувь заяаг өөрчлөх сүйрлийг дуудна, улмаар хүмүүс өөрөө өөрийгөө устгаж эхлэх төдийгүй, байгаль эх ч хүмүүсээс хариугаа авна гэж тайлсан байдаг.

Нострадамус, Ванга нарын аль аль нь энэ онд Европ тивд галав юүлнэ хэмээн хэлсэн байдаг. Европод хоёр сар гаруй үргэлжилсэн хүчтэй бороо орж, одоогийн Итали, Чех, Унгар, Их Британийн зарим хэсэг усан дор орно гэж Нострадмус зөгнөсөн бол Ванга мөн байгалийн том гамшиг болно хэмээсэн байдаг. Галав юүлсэний дараа шатам халуун болж, их халуунаас зугтсан хүмүүс цастай газар руу нүүдэллэнэ гэж Нострадамус зөгнөжээ. Харин Нострадамусын зөнг өөрөөр тайлсан зарим хүн шатам халуун гэдэг нь Ойрхи Дорнодын нэгэн улс химийн зэвсэг хэрэглэнэ гэж тайлсан байдаг аж.

Ванга амьсгал хураахынхаа өмнө мөн иймэрхүү зүйл хэлсэнийг сүүлд хүмүүс тайлжээ. Ванга мөн тодорхой он, сар, газрын нэрийг хэлээгүй ч сүүлийн таван жилийн хугацаанд өрнөсөн үйл явдлыг хөөн үзээд 2016 оныг зөгнөсөн гэж тайлжээ. “Дорно хэсэгт эхэлсэн дайн Европыг сүйрүүлнэ, 16 он-Европ эзгүй, хүйтэн болно” хэмээн Ванга хэлжээ. Мөн тэрбээр Европын эх газар усаар дүүрнэ гэдгийг мөн хэлсэн байдаг аж.

Дайн болно гэдгийг Нострадамус мөн хэлсэн байдаг аж. Түүний хэлсэнийг “лалын шашинт нэгэн улсад цус урсгасан дайн болно, яваандаа дайнд бусад лалын шашинтнуудын дунд болон өргөжиж, бүүр сүүлдээ христийн шашинтнууд татагдан орно, оны эхээр нэгэн сонин үйл явдал болж лалынхныг нэгтгэн тэд хамтын хүчээр хиристийнхний эсрэг явах болно” хэмээн тайлсан байдаг аж. Гар бичин жил хүмүүс их усан дор хот байгуулж, улмаар далайг эзэмшинэ гэсэн тайлал ч бас байдаг байна.

Мэдээж эдгээр зөнчийн үгэнд итгэхэд бэрх. Гэсэн ч 2001 онд Нью Йоркийн ихэр цамхгийг алан хядагчид онгоцоор мөргөн унагасны дараа Нострадамусын зөнд ийм үйл явдал дүрслэн үлдсэнийг, мөн Крымийг ОХУ-д нэгтгэсний дараа “арал нэг эргээс нөгөө рүү шилжинэ” гэсэн Вангагийн үг үнэн байсныг хүмүүс ойлгосон.

Д.НАРАНТУЯА

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна