Засгийн газарт өгсөн даалгавар

2016 оны 2 сарын 12

Эдийн засаг хүндхэн байгаа ч Засгийн газар УИХ-аас өгсөн гэрийн даалгавраа хэрэгжүүлэхээр тодорхой шийдвэр гаргаж эхлэв. Жилийнх нь хүү 29.5 хувьтай байсан малчны зээлийн хүүг 18 хувь болгов. Ерөнхий сайдын амлалтаар энэ төрлийн зээлийн хүүг 10 хувь руу оруулах ёстой. Гэвч одоогоор Төрийн банкнаас малчны зээл авсан 17550 гаруй иргэний зээлийн хүү 18 хувь руу шилжсэнээс биш Хаан банкаар дамжуулж авсан малчны зээлийн хүү буураагүй байгаа юм. Статистик мэдээллээр дээрх хоёр банкаар дамжуулж авсан малчны зээл 240 гаруй тэрбум төгрөгт хүрчээ. Гол нь малчны зээлийн хүүгийн зөрүүнд төр хэчнээн хэмжээний хөрөнгө хаанаас гаргах вэ гэдэг эдийн засагчдын хувьд хамгийн анхаарал татах асуудал болж хувираад байна.

Харин Засгийн газар малчны зээлийн хүүг 10 хувь болгон буулгахдаа Төрийн банкийг түших нь. Эхний шалгуураар малчид тус банкинд “Малчин” данс нээлгэнэ. Мөн малчид малаа эрүүлжүүлэх, малаа экспортод гаргах, мал, мах бэлтгэлийн тогтолцоог дэмжиж ажиллахаас гадна эрүүл мэнд, нийгмийн даатгалд хамрагдах, малынхаа арьс шир, ноос, ноолуурыг үндэсний үйлдвэртээ тушаах үүрэг хүлээх болж байна. Ийм шаардлага тавьж буй нь малчдаар дамжуулж мал аж ахуйн салбараа эдийн засгийн эргэлтэд оруулж, экспортоос олох орлогоо нэмэгдүүлэх зорилт тавьж буйтай холбоотой.  

УИХ-аас авсан Засгийн газрын хоёр дахь даалгавар нь ипотекийн зээлийн хүүг 5 хувь болгон бууруулах ёстой. Төв банкны удирдлага ирэх гуравдугаар сараас ипотекийн зээлийн хүүг 5 хувь руу оруулахаа мэдэгдсэн. Шийдвэр гарсан нөхцөлд ипотекийн 8 хувийн зээлтэй иргэд 5 хувь руу шилжинэ. Мөн л хүүгийн зөрүүг хаанаас санхүүжүүлж шийдвэрлэх вэ гэдэг нь анхаарал татаж буй.

Нөгөөтэйгүүр, Засгийн газар Ирээдүйн тэтгэврийн нөөц сангийн тухай хуулийг хэрэгжүүлэх ажилдаа оржээ. Энэ нь ипотекийн зээлийг урт хугацаанд хэрэгжүүлэх санхүүгийн эх үүсвэр болох юм.

Засгийн газар өнгөрсөн даваа гаригийн хуралдаанаараа ирээдүйн тэтгэврийн нөөц сангийн эх үүсвэрт шаардагдах хөрөнгийг Монголбанкнаас шилжүүлэн авах шийдвэр гаргажээ. Ингэснээр тус санд 2.5 их наядын хөрөнгө төвлөрөх юм. Өнгөрсөн хугацаанд 76 мянган иргэн ипотекийн зээлд хамрагдсанаар эргэн төлөлтөөр сар бүр 28 тэрбум төгрөг хуримтлагддаг болсон. Энэхүү хуримтлал нь цаашдаа ирээдүйн тэтгэврийн нөөц санд орж буцаж ипотекийн зээл болж иргэдэд хүрнэ. Ийм цусны эргэлт бий болгосноор барилгын салбарынхныг ажлын байраа хадгалж үлдэхэд нь дэм болоод зогсохгүй  ирээдүйн тэтгэврийн санд үүсч болзошгүй эрсдлийг бууруулах зорилготой. Учир нь 2030 оноос эхлэн Монгол Улсын хүн ам насжиж, 1960, 1970-аад оны хүн амын огцом өсөлтийн үеийнхэн тэтгэвэрт гарах үед өнөөгийн тэтгэврийн даатгалын тогтолцоо нь үйлчилж чадахгүй болох нөхцөл байдал үүсч буй ажээ. Тодруулж хэлбэл, жил ирэх тусам тэтгэвэр авагчдын тоо өсөх тусам даатгалын тогтолцоо нь тэрхүү ачааллыг даах чадамжгүй болох дүр зураг бууж буй юм байна. Тиймээс тэтгэврийн санг арвижуулах, нэрийн дансны тогтолцооноос хагас хуримтлалын тогтолцоонд шилжихэд шаардагдах зардлыг санхүүжүүлэх зорилгоор ирээдүйн тэтгэврийн нөөц санг байгуулж байна. 

Тэтгэврийн зардлын өсөлттэй холбоотойгоор дэлхийн бусад улс орнууд тэтгэврийн хөрөнгө оруулалтын сан байгуулдаг. Монгол Улсын хувьд ирээдүйн тэтгэврийн нөөц санг орон сууцны ипотекийн зээлийн одоогийн бий болсон хуримтлал дээр үндэслэн байгуулах боллоо. Энэ бол үе, үеийн УИХ, Засгийн газрын олон жилийн туршид ярьсан ч хойшлуулсаар ирсэн шийдвэр байсан билээ. Одоо л суурийг нь цутгах боллоо.

Г.ХОРОЛ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна