Монгол түмэн сайхан шинэллээ

2016 оны 2 сарын 12

Хаврын тэргүүн сарын шинийн нэгэн буюу өвлийг өнөтэй давсны баяраа монгол түмэн өнгөтэй сайхан тэмдэглэлээ. Жил, жилийн цагаан сар өргөн дэлгэр болж, ах дүү, амраг садан, ураг төрлөө мэдэлцдэг ганц баяр болдог.

Энэ жилийн сар шинэ урьд өмнөхтэй харьцуулахад өргөн дэлгэр хэрнээ  энгийн даруухан болж өнгөрлөө. Эндээс манай монголчууд баярлаж сурчээ гэсэн ганцхан дүгнэлтийг хийж болохоор.

Гэмт хэрэг, осол аваар бага, архи ууж агсарч, согтуурсан хүн цөөхөн, хараад байхад монголчууд маань идэж уух, өмсөж зүүх хэрэглээгээ өөртөө тохируулан хэрэглэдэг болсон нь бидний хувьд цагаан сарыг баяр гэхээсээ илүү ураг төрлөө мэдэлцэж, ахас ихэсээ хүндлэх ёс хэмээн хүлээж авдаг болсонтой холбоотой байх.

Хэдхэн жилийн өмнө цагаан сараар архи уусан хүмүүс хаа сайгүй л харагддаг, ямар сайндаа л баяраар архи, дарсандаа хордох явдал багагүй гардаг байлаа. Харин энэ жилийн цагаан сарын өнгө төрхийг харахад  сар шинээр архи уусан хүн өдрийн од шиг болсон байна лээ.

Сар шинээр согтуугаар авто машин жолоодсон хүний тоо жилээс жилд буурч байгааг Замын цагдаа нар ч хэлж байна. Сар шинээр авто замын зөрчил харьцангуй бага гарсан нь нэг талаар цагдаа нар гурван хоног өндөржүүлсэн бэлэн байдалд ажилласантай, нөгөө талаар монголчууд өргөн дэлгэр гэхээсээ илүүтэйгээр баяр наадмыг соёлтой тэмдэглэдэг болсонтой холбоотой биз. Мөн монголчуудын архины хэрэглээ буурч, зөв соёлтой хэрэглэдэг болсны илрэл ч байх. Ямар ч байсан сар шинээр айлд ороод архидаж суудаг үе ард үлджээ гэж хэлэхэд буруудахгүй биз.

Архи, согтууруулах ундааны хуулийг чангатгасантай биш монголчууд зөв хэрэглэдэг болсонтой л холбоотой юм.

Өнгө өнгийн хоргой торгоор дээл хийж , хаан, хатан аятай гоёдог байсан бол энэ жил монголчууд илүү даруухан дээл өмсөцгөөснийг төрийн гурван өндөрлөгийг өмссөн хувцас, гудамжаар алхаж яваа энгийн иргэдийн эгэл гоёлоос харж болно. Өөрөөр хэлбэл, сар шинээр бэл бэнчингээ гайхуулж, гарт багтахгүй хөөрөг барьж, эрээн могой шиг хувцаслаад явдаг байсан монголчууд энэ жилийн баяраар илүү даруухан илүү энгийн байхыг чухалчилдаг болжээ.

Сар шинээр харагдсан бас нэгэн дэвшилтэт үзэгдэл бол бэлэг. Өмнө нь Эрээний бараа элдэв хэрэгтэй, хэрэггүй хаях ч хэцүү, авах ч хэцүү  зүйл бие биедээ бэлэглэдэг байсан монголчууд энэ жилийн сар шинээр хэн нэгэн хэрэглэж болохоор, тэр тусмаа үндэсний үйлдвэрийнхээ бүтээгдэхүүнийг   бэлэглэдэг болсон нь ажиглагдав.

Замын хөдөлгөөнд оролцож байгаа жолооч нар ч бие биедээ хүндэтгэлтэй, соёлтой оролцож байсныг бас дурдмаар байна. Өмнө хойгуураа өрсөөд дайрчихдаг, урсгал сөрөөд давхичихдаг байсан  монголчууд замын хөдөлгөөний дүрмээ сахьсан цагдаа нар сайн ажилласантай ч холбоотой байх. Сар шинийг сайхан тэмдэглэдэг болсонтой ч холбоотой биз.

Харин нэг өөлөх юм нь сар шинээр сайхан нэвтрүүлэг үзье гэхнээ байсангүй. Тавь, жаран телевизүүд дунд сар шинэд зориулсан бэлтгэсэн олигтой нэвтрүүлэг ганц байгаагүй нь даанч харамсалтай.

Ийнхүү гал бичин жилийн сар шинийн баяр сайхан боллоо. Монгол түмэн сар шинэ элгээрээ энх амгалан,  төрлөөрөө төвшин амгалан угтлаа.

Б.ХОНГОР

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна