Янукович дэлхийн хамгийн тэргүүн авлига авагч болов

2016 оны 2 сарын 12

Виктор Янукович

Фото: Василий Дерюгин / «Коммерсантъ»

 

Украины ерөнхийлөгч асан Виктор Януковичийг дэлхийн хамгийн авлигачаар хэмээн Unmask the Corrupt сайт нэрлэжээ. Уг сайтын санал асуулгад хариу өгсөн 13,2 мянган хүн Януковичийг тэргүүн авлигач гэж нэрлэсэн байв. Хоёрдугаарт нь 11,9 мянган хүн Бразилийн нефтийн Petrobras компанийг нэрлэжээ. Гуравт орссн Панамын ерөнхийлөгч Рикардо Мартинеллид 10,2 мянган хүн санал өгөв.

 

Януковичийг авлигач хэмээн нэрлэсэн шалтгаануудад хэдэн арван сая ам.долларын байртай байсан, улсын олон сая ам.долларыг хувь хүний гарт шилжүүлсэн, хулгайлсандаа шийтгэл хүлээхгүй гэж ОХУ руу зугтан гарсан зэргийг хэлжээ. Хоёрдугаар сарын 6-нд Януковичийн завшсан мөнгөнөөс сохор зоос ч улсад буцаан төлөгдөөгүй гэж  Украины прокурор Виталий Красько хэлсэн байв.

 

Олон улсын Transparency International байгууллагын Unmask the Corrupt гэдэг имижийн төсөл нь хамгийн зартай авлигачийг тодруулдаг  юм. Уг сайтын санал асуулга өнгөрсөн оны сүүлчээр эхэлсэн бөгөөд дуртай хүн бүр санал өгөх боломжтой. Тунисийн ерөнхийлөгч асан Зин эль-Абидин Бен Али, Доминикан улсын сенатор Фелиск Баутиста, FIFA, Чеченийн Ахмад Кадыровын сан, Америкийн  Делавэр мужийн удирдлага, Petrobras, Ливаны улс төрийн систем, Рикардо Мартинелли, Виктор Янукович зэрэг есөн байгууллага, хувь хүнээс санал өгөгчид сонголтоо хийх байлаа.

 

Transparency International байгууллагыг дэлхийн авлигыг илрүүлэх үүднээс Берлин хотноо Дэлхийн банкны дарга асан Петер Айген 1993 онд байгуулжээ.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна