Кесоны ус, цахилгааны хангамжийг зогсоожээ

2016 оны 2 сарын 12

 

Пхеньян дөрөв дэх удаагаа цөмийн туршилт хийж, хиймэл дагуул зөөгч пуужин хөөргөснөөс үүдэн хоёр Солонгосын харилцаа муудаад байна. Улмаар Өмнөд Солонгосын талаас өнөөдөр /II.12/ Кесоны аж үйлдвэрийн цогцолборын ус, цахилгааны хангамжийг зогсоожээ. Өмнө нь Кесоны аж үйлдвэрийн цогцолбороос 280 ажилтнаа эргүүлэн татсан билээ. Үүний хариуд Пхеньяны талаас хилийн шууд утсан харилцааг тасалж, Кесонтой холбосон хурдны автозамыг хаажээ. Түүнчлэн Кесон дахь Өмнөд Солонгосын компаниудын хөрөнгийг царцааж байгааг Пхеньян мэдэгдсэн аж.

 

Кесоны аж үйлдвэрийн цогцолборыг хааснаар Өмнөд Солонгосын талаас “дайн зарлалаа” хэмээн Пхеньяны албаныхан мэдэгджээ. Харин Пхеньян холын тусгалын пуужин хөөргөснөөр ноцтой үр дагаварт хүрнэ гэдгийг Өмнөд Солонгосын албаныхан анхааруулж байсан билээ.

 

Өмнө нь 2013 онд АНУ, Өмнөд Солонгосын хамтарсан цэргийн сургуулилтыг эсэргүүцэн Пхеньяны талаас Кесоны аж үйлдвэрийн цогцолборыг хааж байв. Кесоны аж үйлдвэрийн цогцолборт 2004 оноос эхлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж эхэлсэн юм. Хойд Солонгос аж үйлдвэрийн цогцолбороос 616 тэрбум вон /560 сая ам.доллар/ бэлэн мөнгөний орлого олсон аж. Кесоны аж үйлдвэрийн цогцолборт БНСУ-ын 124 компани Хойд Солонгосын 54 мянга орчим хүнийг авч ажиллуулан оймс, бугуйн цаг зэрэг 500 орчим сая ам.долларын бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг аж.

 

Б.АНХТУЯА

ЭХ СУРВАЛЖ: ASSOCIATED PRESS

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна