Гал бичин жилийг зурхайчид хэрхэн тодорхойлов?

2016 оны 2 сарын 12

Сэтгүүлч:
Улаанбаатар

Жил жилийн өнгө, үр өөр байдаг. Ирж буй гал бичин жилийн өнгийг зурхайчид хэрхэн тодорхойлсоныг харцгаая. 


Хүн юу тарина, түүнийгээ авдаг

Түвдэнпэлжээлин хийдийн хамба лам, зурхайч Ж.Гончигсүрэн

-Хаврын амьсгал орсон өдөр болон тухайн жилийн амь, бие эрхтэн, махбодуудад үндэслэн гал бичин жилийн шороон үхрийг зураглавал, цагаан биетэй, улаан толгойтой, шар омруутай, эвэр, чих, сүүл ходоод нь улаан, шар шийртэй, амаа ангайсан, сүүлээ зүүн тийш шарвасан үхрийн өмнө шар биетэй, ногоон дээл өмсч, цагаан бүс бүсэлсэн, үсээ толгой дээрээ тоорцоглон боосон хүү хоёр гутлаа бариад яаравчлан гүйж явна. Жилийн ерөнхий байдал нь гандуу, хүчтэй аадар бороо, мөндөр ихтэй, халуун өвчин гарна. Жилийн сүүлээр ургац арвин авна. Мал сүрэгт ээлтэй боловч хямрал их болно. Залууст амгалан, нялхас, өвгөдөд ширүүн жил болно. Ер нь зурлагад улаан өнгө давамгайлахаар ган, цагаан өнгө гарахаар мөндөр орохын дохио юм. Үүнээс харахад энэ жил ерөнхийдөө гантай жил болохоор байна.

Нийгмийн байдал ямар байх нь Монголын гурван сая ард түмнээс шалтгаална. Хүмүүсийн бие, хэл, сэтгэлээрээ хийсэн үйлээс бүх зүйл хамаарна. “Хүн юу тарина, түүнийгээ авдаг”-тай адил юм шүү дээ. Түүнээс биш цаанаасаа“ингэнэ, тэгнэ” гэж тогтсон зүйл байдаггүй. Тиймээс монголчууд бид хамгийн гол нь эвтэй байх хэрэгтэй. Нэгнийгээ муу хэлэх нь өөрийгөө муугаар хэлүүлэхийн үүдийг нээгээд байгаа хэрэг юм. Нийтээрээ хараал ерөөлгүй, уур уцааргүй байвал бид ямар ч бэрхшээлийг даваад л гарна. Тэгэхээр хүмүүс ганцхан“би” гэдэг бодлоосоо салах хэрэгтэй байна. Юу үнэн гэхээр төрөх, өвдөх, үхэх үнэн шүү дээ. Хүний сэтгэлийг номхотгодог арга бурхны шашинд байдаг. Өглөг буян, тэвчээр, хичээнгүй, сахилга баттай байхыг хүн бүр дор бүрнээ хичээх хэрэгтэй.

Дээдэс улс орноо анхаарахыг огоорох нигууртай

Монголын бурхан шашинтны төв Гандантэгчинлэн хийдийн зурхайч лам Д.Цогтбаатар

-Гал бич жилийн төлөвийг шинждэг зурхайн олон зурлага байдаг.Тухайлбал, жилийн эзэн гараг, хаан гараг,түшмэл гараг, цасан чихрийн амт, боовны үр, шороон үхрийн зурлага гэх мэт зурхайн зурлага байдаг. Уламжлалт ёсоор монголчууд бид шороон үхрийн зурлагыг хэрэглэдэг, хүрээ хийдийн үүдэнд шороон үхрийн зурхайн зурлагыг хадаж, тухайн жилээ шинждэг байжээ.ХVII жарны “Муу нүүрт” хэмээх гал бичин жил гарч байна. Энэ жилийн ерөнхий ноён нурууг “Шороон үхэр”-ийн шинжээр дүрсэлбэл үхэр нь: Толгой, эвэр, чих, сүүл, ходоод нь улаан, цагаан биетэй, дөрвөн шийр, ногт, омруу туурай нь шар, хөх цулбууртай, амаа ангайгаад, сүүлээ зүүн тийш шарваж явна. Үхэр хариулаач нь: шар царайтай, гэзгээ орой дээрээ бухалдсан, ногоон дээл, цагаан бүстэй, хоёр шар гутлаа бариад хөл нүцгэн, малгайгаа баруун гартаа барьсан, мяндсаар томсон, бургасан улаан шилбүүр барьсан, хүч чадалтай хүүхэд үхрийнхээ баруун талд алхаж явна гэж дүрслэгдсэн.

Жилийн төлөв нь:Нялхас болоод түмэн олон маш амгалан, өвгөд өндөр суудалтанд дунд, залуус болоод дунд суудалтанд дорой болой. Түүнчлэн энэ жил хааны язгуур дэлгэрэх, иргэд амгалан тайван, залуу хүний ажил үйлс бүтээмжтэй байна. Гэвч дээдэс бээр улс орноо анхаарахыг огоорох, үймээн самуун, хямрал тэмцэл ихтэй, хулгай дээрэм идэвхжих нигууртай.Үр ашиг дэлгэрэх маш сайн.

Сайн санаагаар хүлээж авах юм бол үр дүн сайнаар л гарна

“Манба дацан” хийдийн хамба лам Д.Нацагдорж

-Энэ жил Гал бичин жил морилон ирж байна. Аливаа нэг жилийг бэлэг дэмбэрэлээр тосон хүлээж авах ёстой. Сайн санаагаар хүлээж авах юм бол үр дүн сайнаар л гарна. Гэхдээ нэгэнт байгалийн гамшиг үзэгдэл, байгаль дэлхийтэй холбоотой зүйлсүүд байгаа учраас энэ жилийн хувьд хаврын дунд, сүүл сар руугаа хүйтэн жихүүн, салхи шуургатай байх төлөвтэй. Зуны сардаа ч зарим газруудаар хур тунадас муутай жил байна. Малчид, хадлан тариаланчдын тухайд анхааралтай байх жил. Өөрийнхөө байгаа газар орныг тахиж, лам нараар ном уншуулж сөрөг юмыг нь эерэг болгох шаардлагатай. Тэгэх юм бол ач буян нь ирнэ. Ган зуд болно гэж төсөөлөхгүй бүхнийг сайхан бэлэг дэмбэрлээр эхлүүлье.

Улс төрийн хүрээнд жаахан эв түнжингүй таарамжгүй байдал харагдаж байгаа жил. Гэхдээ олны төлөө тусын тулд явах нэгэн байгаа бол бодьсадвагийн явдал замналаар явах хэрэгтэй. Тэгэх юм бол бодьсадва хүнтэй хэл ам, хэрүүл шуугиан хийдэггүй, муу санаа өвөрлөж, муухай үйл хийдэггүй, хорлолтой хомхой сэтгэл үүсгэдэггүй, хулгай хийж, хулгай хийдэггүй, ширүүн үг яриадаггүй, амьтны амь таслахыг тэвчиж, буруу үйл хийхээс зугтаадаг. Үйлийн үр байхгүй гэж ойлголдог нөхдүүд юу ч хийж магадгүй тийм айхтар цаг ирсэн. Гэтэл энэ төр удирдаж байгаа нөхдүүд өөрсдийгөө бүгд элит гэж ойлгоод байгаа нь эндүүрэл юмаа. Элит байхын тулд хангасан хамгийн эхний үйлдэл бол арван хар нүглийг тэвчсэн байх, арван хар нүглээ судалчих, амьтны тусыг хийж УИХ-д гарч ирэх гэж байгаа бол бодьсадвагийн явдлыг судлаад тэр замаар яваарай. Тэгэх юм бол ард түмэн хүндэлнэ, хайрлана, та бол нүгэл хилэнцгүй, буянлаг бусдын тулд ачааны хүндийг үүрдэг нэгэн болно. Амьтан болгоныг зовлонгоос хагаслуулж, жаргалд хүргэхийн төлөө явах хэрэгтэй дээ. Өөрийн өөрийгөө үйлийн үрийн толинд сайтар хар.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна