Төрийн өндөрлөгүүд буурлуудаа хүндэтгэн золгов

2016 оны 2 сарын 12

Билгийн тооллын XVII жарны гал бичин жилийн Хаврын тэргүүн сарын шинийн нэгний ерөөл билэгт сайхан энэ өглөө /2016.02.09/ Төрийн өндөрлөгүүд айлчлан ирж буй жилд улс орны үйл хэрэг өөдрөг бүтэмжтэй, төр, түмэн нь төвшин амгалан байхыг бэлгэдэн Төрийн ордноо цагаан сарын золголт хийж, монгол түмний заншил ёсоор азай буурлуудын амар мэндийг асуун мэндлэх хүндэтгэлийн арга хэмжээ уламжлалын дагуу ёслол төгөлдөр болж өндөрлөлөө.

Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж, Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболд, Ерөнхий сайд Чимэдийн Сайханбилэг нар эхлээд Төрийн есөн хөлт цагаан туганд хүндэтгэл үзүүлсэн юм.

Дараа нь Төрийн өндөрлөгүүд Төрийн ёслол хүндэтгэлийн өргөөнөө морилон, золголт хийсэн юм.

Төрийн золголтод уламжлал ёсоор Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн Ц.Цэрэндорж хүрэлцэн ирж, төрийн хан хуурыг эгшиглүүлэн цэнгүүлж, төр, түмэндээ өргөх айлтгал магтаалыг аялгуулан хуурдлаа. Монголын бурхан шашинтны төв Гандантэгчинлэн хийдийн тэргүүн хамба, гавж Д.Чойжамц, Дашчойлон хийдийн тэргүүн хамба Ч.Дамбажав нар мөн Төрийн ёслол хүндэтгэлийн өргөөнөө морилж, Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж, Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболд, Ерөнхий сайд Чимэдийн Сайханбилэг нарт золгон бараалхсан юм. Энэ үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Монголын бурхан шашинтны төв Гандантэгчинлэн хийдийн тэргүүн хамбад Монголын ард түмний буян заяаг даатгаж мандал өргөхийг хүссэн юм.

Жил бүрийн цагаан сарын шинийн нэгэнд төр, засгийн тэргүүнүүд настан буурлуудыг Төрийн ёслол хүндэтгэлийн өргөөнд хүндэтгэн хүлээн авч, амар мэндийг айлтгадаг уламжлалтай.

Энэ жилийн төрийн золголтод Б.Зангад, З.Намжим, Б.Цэрэндолгор, Н.Бэгз, Ж.Товуудорж, Г.Зэвэг, С.Хандсүрэн, С.Сүрьеэ, Д.Ойдов нарын настан буурлууд Төрийн ордноо хүрэлцэн ирж, Төрийн өндөрлөгүүд тэдэнд хүндэтгэл үзүүлэн амар мэндийг нь айлтган золгож, гарын бэлгээ гардуулсан юм. Эдгээр азай буурлуудаас Д.Ойдов гуай өдгөө 87 насыг зооглож буй бөгөөд Төрийн золголтод оролцож байгаа ахмадуудаас хамгийн өндөр настай юм байна. Түүнчлэн анхны цэцэрлэгийг үүсгэн байгуулагчдын нэг, 83 насыг зооглоод буй Б.Цэрэндолгор гуай, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин, 80 насыг зооглосон Б.Зангад гуай нар энэ жилийн төрийн золголтод хүрэлцэн ирсэн юм.

Билгийн тооллын XVII жарны бичин жилийн Хаврын тэргүүн сарын шинийн нэгний энэхүү арга хэмжээний төгсгөлд Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж, Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболд, Ерөнхий сайд Чимэдийн Сайханбилэг нар хэвлэл мэдээллээр дамжуулан Монголын нийт ард түмэндээ сар шинийн мэнд дэвшүүлсэн юм.

Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболд хэлсэн үгэндээ, Та бүхэндээ XVII жарны гал бичин жилийн шинийн нэгний өдрийн мэндийг дэвшүүлье. Өнгөрсөн жил Улсын Их Хурал олон чухал хуулийг батлан гаргасан. Энэ оны эхнээс хэрэгжиж байгаа Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль болоод бусад олон хуулийн талаар хэвлэл мэдээллээр дамжуулан сурталчилж буй болохоор болохоор та бүхэн мэдэж байгаа. Улсын Их Хурал Эрүүгийн хууль, Зөрчлийн хуулиуддаа 10 гаруй жилийн дараа томоохон өөрчлөлтүүдийг хийлээ. Сүүлийн 25 жилийн турш 2 оронтой тоонд байсан инцляци гэдэг зүйлийг анх удаа 2-хон хувь болгон бууруулж чадлаа. Үүнээс улбаалаад энэ жилээс зээлийн хүүг бууруулах боломжтой болсон. 2012 оны сонгуулиар байгуулагдсан Улсын Их Хурал, Засгийн газар сүүлийн 25 жилийн турш 2 оронтой тоонд байсан зээлийн хүүг нэг оронтой болгох ажлыг дэс дараатай хийж ирсэн. 2012 оноос хойш анх удаа 8 хувийн зээлээр 76 мянга гаруй айл шинэ байранд орсон байна. Засгийн газраас анх удаа малчдын зээлийн хүүг 3 дахин бууруулах ажлыг хийж эхэлсэн. Төрийн банкнаас зээл авдаг 17 мянган малчны зээлийн хүү 3 дахин буурч, жилийн 10 хувь буюу сарын 0,8 хувийн хүүтэй болно хэмээн онцолсон.

Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболд, Энэ жил дэлхийн 50 гаруй орны 5000 гаруй өндөр дээд хэмжээний зочид, төлөөлөгчид АСЕМ-ын чуулга уулзалтад оролцохоор Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод хүрэлцэн ирнэ. АСЕМ-ийн дээд түвшний уулзалтыг эх орондоо амжилттай зохион байгуулах нь Монгол Улсын төр засгийн төдийгүй нийт Монголчуудын нэр төрийн хэрэг болж байна гэсэн. Мөн тэрбээр, 2016 онд сонгууль болно, иргэд хариуцлагатай сонголтоо хийх үе энэ бичин жил байх болно хэмээгээд элгээрээ энх амгалан, төрлөөрөө түвшин амгалан сайхан шинэлэхийг хүсэн ерөөв.

ЭХ СУРВАЛЖ: УЛСЫН ИХ ХУРЛЫН ТАМГЫН ГАЗРЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна