Д.Баярбат: Захирамжаа цуцалж болно

2016 оны 2 сарын 12

Сар шинийн баярын өмнөх битүүний өдөр буюу хоёрдугаар сарын 8-ны өдрийн Засгийн газрын хуралдаанаас хурдан морины бүсийн наадмын хуваарийг тогтоохдоо “Дүнжингарав-2016” Төвийн бүсийн хаврын уралдааныг хаврын тэргүүн сарын 21-нд буюу хоёрдугаар сарын 28-нд Төв аймгийн Аргалант сумын Цагаан хөтөлд зохион байгуулах шийдвэрийг гаргасан. Тэгвэл тэрхүү шийдвэр гарахаас хэдхэн хоногийн өмнө Төв аймгийн Засаг дарга Д.Баярбат аймгийнхаа нутаг дэвсгэрт хаврын хариг хатуу цагт хурдан морины уралдаан зохион байгуулахыг хориглосон захирамж гаргасан билээ. Нэгдүгээр сарын 29-ний өдөр гаргасан захирамждаа Д.Баярбат Засаг дарга  тавдугаар сарын 1-нийг хүртэл аймгийн нутаг дэвсгэрт хурдан морины уралдаан бүү хэл томоохон хэмжээний сунгаа, үсэргээ ч хийхгүй байхыг  үүрэгдсэн байдаг.  Ердөө 10 хоногийн хугацаатай гарсан засаг захиргааны байгууллагуудын зөрүүтэй шийдвэр нь төвийн бүсийн хавар цагийн хурдан морины уралдаан Дүнжингарав наадам болох уу, үгүй юү гэсэн эргэлзээг төрүүлээд байгаа юм. Тиймээс бид Төв аймгийн засаг дарга Д.Баярбаттай холбогдон гаргасан захирамжийнх нь биелэлтийг сонирхлоо.

-Битүүний өдөр хуралдсан Засгийн газрын хуралдаанаар Дүнжингарав хурдан морины уралдааныг Төв аймгийн Аргалант суманд зохион байгуулахаар шийдсэн.  Энэ нь таны гаргасан Төв аймгийн нутагт тавдугаар сарын 1-ний өдрийг хүртэл хурдан морь уралдуулахыг хориглосон захирамжтай зөрчилдөж байгаа. Та захирамжаа эргэж харна гэсэн үг үү, эсвэл уралдаан болохгүй хэрэг үү?

-Төв аймгийн нутагт хурдан морины уралдаан зохион байгуулахыг хориглосон захирамж гаргах болсон гол шалтгаан бол малын гоц халдварт өвчин зарим сумдын нутагт гарсантай холбоотой. Нийслэл Улаанбаатар хот болон Багануур дүүрэгтэй хил залгаа орших Эрдэнэ, Баяндэлгэр, Баянчандмань, Мөнгөнморьт суманд малын цэцэг өвчин гараад байгаа. Тиймээс  хурдан морь уралдуулахгүй байхаар тогтсон юм. Гэвч Засгийн газар Дүнжингарав уралдааныг хийхээр шийджээ. Энэ бол буруу үйлдэл биш. Хуулиндаа дээд шатны Засаг захиргааны байгууллага нь доод шатны байгууллагын шийдвэрийг цуцлах эрхтэйгээр заасан байдаг. Тиймээс би захирамжаа цуцалж болно.

Гэхдээ орон нутгийн хэмжээнд гаргасан захирамжаа эргэн хэлэлцэх болно. Малын өвчний тархалт, цаг агаарын байдал ямар байхыг нягтална. Мөн Морин спорт, уяачдын холбоо болон Хүүхдийн эрхийг хамгаалах байгууллагынхантай гурвалсан гэрээ хэлцэл хийнэ. Унаач хүүхдийн хамгаалалт, даатгалыг онцгой анхаарч ажиллахыг чухалчилна. Цаг агаарын байдлыг мөн харгалзана. Цасан шуургатай, салхи ихтэй зэрэг таагүй нөхцөл байдал үүсэхгүй тохиолдолд хурдан морь уралдуулахад татгалзах зүйлгүй гэлээ.

Д.ЦЭЭЛ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна