Сар шинээр гарах осол, зөрчил буурчээ

2016 оны 2 сарын 12

Энэ жилийн сар шинийн өдрүүдэд зам тээврийн осол, зөрчил өмнөх жилийнхтэй харьцуулахад буурсан дүн гарчээ. Тухайлбал, энэ жил нийслэлийн хэмжээнд шинийн 1-3-ны өдрүүдэд Замын цагдаагийн газарт 869 дуудлага иржээ. Улмаар зам тээврийн ослын 686 дуудлага ирснээс 24 хүн гэмтсэн байна. Харин орон нутгийн замд ослын улмаас гурван хүн нас баржээ. Өнгөрсөн жилийн хувьд сар шинийн баярын өдрүүдэд долоон хүн зам тээврийн ослоор амиа алдсан юм.

Харин жолооч нарын гаргаж буй нийтлэг зөрчил нь согтуугаар автомашин жолоодох байжээ. Нийслэлд согтуугаар автомашин жолоодсон 68 жолоочийг журамласан байна. Энэ нь ч мөн өнгөрсөн жилээс буурсан үзүүлэлт гэдгийг Замын цагдаагийн газраас мэдээллээ.

ОРОН НУТГИЙН ЗАМД ТҮГЖРЭЛ ҮҮСЖЭЭ

Сар шинийн өдрүүдэд Авто тээврийн үндэсний төвөөс хариуцлагатай жижүүр, яаралтай техникийн тусламжийн хэсэг гарган, өндөржүүлсэн байдалд ажиллажээ.

Шинийн гуравны үдээс хойш зарим нутгаар цасан шуурга шуурж, автомашин цасанд суух, үзэгдэх орчин хязгаарлагдсанаас явах боломжгүй болжээ. Улмаар орон нутгийн замд автомашинууд саатаж, түгжрэл үүссэн байна. Ялангуяа Дундговь аймгийн Өндөрдов, Ногоондовын чиглэлд тээврийн хэрэгсэл 3-5 цаг цасанд боогдох, үзэгдэх орчин хязгаарлагдсанаас хөдөлгөөнд оролцох боломжгүй болсон байна. Мөн өчигдрөөс эхлээд Дархан, Өмнөговь, Мөнххааны чиглэлд цас ихээр орсонтой холбоотойгоор тээврийн хэрэгсэл олон цагаар саатах асуудал үүсжээ.

Үүнтэй холбоотойгоор Зам тээврийн хөгжлийн төвийн зам арчлалтын байгууллагынхан дуудлага өгсөн замыг цэвэрлэж, чөлөөлжээ. Мөн Зам тээврийн яамны харьяа байгууллагууд тээврийн хэрэгслийг саадгүй зорчуулах нөхцөлийг бүрдүүлж ажиллаж байгаа аж.

Өнөөдрийн байдлаар орон нутгийн зорчигч тээврийн үйлчилгээ, шууданг зогсоосон асуудал байхгүй гэдгийг Автотээврийн үндэсний төвөөс мэдээллээ.

Мөн өнөөдрөөс эхлэн орон нутгаас нийслэлийг чиглэсэн хөдөлгөөн эрс нэмэгджээ. Тухайлбал, Увс аймгаас л гэхэд есөн автобус, Баян-Өлгий аймгаас долоон автобус нэмэгдлээр гарсан байна. Орон нутгаас нийслэлийг чиглэсэн ачаалал өмнөх жилүүдээс 1.5 дахин нэмэгджээ.

ГАЛ ТҮЙМРИЙН ДУУДЛАГА БУУРЧЭЭ

Нийслэлийн хэмжээнд сар шинийн өдрүүдэд гамшгийн нөхцөл харьцангуй тайван байжээ. Нийслэлийн Онцгой байдлын газрын зүгээс сар шинийн өмнө гэр хорооллыг галын аюулаас сэргийлэх нэгдсэн арга хэмжээ зохион байгуулсны үр дүн эхнээсээ мэдэгдэж буйтай холбон тайлбарлалаа. Өнгөрсөн жилийн хувьд сар шинийн өдрүүдэд 70 гаруй гал түймрийн дуудлага нийслэлийн Онцгой байдлын газарт иржээ. Харин энэ жилийн хувьд 30 гаруй дуудлага ирсэн байна.

Мөн нийслэлийн ойр орчимд цасанд суусан, саатсан дуудлага багагүй иржээ. Налайх, Сонгинохайрханы Баруун туруун зэрэг газруудад цасанд боогдсон дуудлага ирснээс өөрөөр тайван байсан хэмээн нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Б.ЗАЯА

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна