МАН МАХН-тай нэгдэх үү?

2016 оны 2 сарын 13

УИХ-ын сонгуульд оролцох бэлтгэлээ улс төрийн намууд базаан хүчээ зузаатгах ажилдаа оров. Сар шинийн өмнөхөн Ардчилсан намд ИЗНН, МҮАН нэгдэж байгаагаа зарласан бол хоёрдугаар сарын 9-нд МАХН, Монголын Ногоон намууд хамтын ажиллагааны гэрээ байгууллаа. Энэ бол тус хоёр нам 2016 оны УИХ, аймаг, нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийг сонгох сонгуульд хамтарна гэсэн үг юм.

Уг нь шинэ он гарахтай зэрэгцэн улс төрчдийн ярианы хачирт МАН, МАХН хоёрын нэгдэл хавчуулагдаж байсан билээ. Хоёр намын ахмадууд нь язгуур угсаа нэг намаа нэгтгэх санаа зорилго бол их. Гэвч дунд болоод залуу үеийнхэн нь эсэргүүцэж байгаа дуулддаг. Мөн МАН-ын дарга “Хоёр намын нэгдлийг Н.Энхбаяр, М.Энхболд гэдэг хоёр хүн шийдэхгүй” гэж хэлсэн удаатай. Дээр нь УИХ-ын гишүүн Ц.Нямдорж нарт шалбаагаараа дуудуулчихаад нийлж нэгдэнэ гэдэг МАХН-ын удирдлагад таатай санагдаагүй болов уу. Тиймдээ ч сонгуулийн нүүдлээ эхлүүлж, Монголын Ногоон намтай нэгдэж орохоор болж байна.

Энэ нэгдэл МАХН-ынхны хувьд эхнийх биш. 2012 оны УИХ-ын сонгуульд тус нам МҮАН-тай нэгдэн ороод 11 суудал авч байсан. Харин одоо Н.Энхбаяр О.Бум-Ялагчтай хамтарснаар энэ хэмжээний суудал авна гэсэн цээжний тооцоо хийсэн болов уу. Гол нь АН, МАН-ынхантай өрсөлдөхүйц кандидат байна уу гэдэг хамгийн чухал асуудал болж хувираад байна.

Монголын Ногоон намд байгаа нэг давуу тал нь улс төрийн намуудаас гуравт эрэмбэлэгдэж байгаа явдал. Нэг үгээр хэлбэл, Улсын Дээд Шүүхэд бүртгүүлсэн дарааллаараа Монголын Ногоон нам нь МҮАН-аас өмнө жагсч байгаа. Тиймээс МАХН-д одоо урдуур оочер авахаар дугаарлах шаардлагагүй болсон гэсэн үг.

Харин МАН-ынхан МАХН-тай нэгдэх талд санаачлага гаргахгүй яваа нь лидер нь ганцаардаж нөхөдгүй болохыг л хүлээж буй тухай улс төрийн хүрээнийхэн шивэр авир хийх нь бий. Түүнд одоо хүү Э.Батшугар, Шадар сайд Ц.Оюунбаатар, дэд сайд асан Б.Тулга гэсэн гурван хүн л үлдсэн юмдаг уу даа. Бусдынх нь хувьд зайгаа барьж, эхэлжээ. Үүсээд буй энэхүү асуудалд зайгаа барьж буй нөхдийг буруутгахаас илүүтэй МАХН-ын удирдлагын өөрийнх нь араншин нөлөөлж буй бололтой. Тиймээс МАН-ын хувьд МАХН-тай эвсэхэд нэг их яарахгүй байж мэдэх нь. МАХН-ын хувьд ч нэг рүү зүтгээд байх онцын шаардлага үгүй болсон.

Г.ХОРОЛ

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна