Ховд аймаг сайн малчны тоогоо таваар нэмлээ

2016 оны 2 сарын 13

 

Сар шинийн өмнөхөн Монгол Улсын Засгийн газраас хонин жилийн шилдэг малчид, тариаланчдыг тодруулав. Хонин жилд 21 аймгаас 118 "Улсын сайн малчин", 21 ногоочин, механикжуулагчийг “Улсын тэргүүний тариаланч”-аар шалгарууллаа.

 

Алс баруун хязгаар Ховд аймаг алтай, хангай, говь, хээр тал хосолсон, байгаль цаг агаарын эрс тэс уур амьсгалтай нутаг. 17 сум 91 багт нийтдээ 8500 гаруй малчин өрх бий. Тэдгээрээс мал маллах арга туршлага, хөдөлмөр зүтгэлээрээ аймагтаа шалгарсан 50 малчин аймгийн сайн малчин гэсэн хүндтэй шагналыг хүртсэн бол мал маллах арга ухаан, хөдөлмөр зүтгэлээ улсдаа үнэлүүлсэн таван малчин "Улсын сайн малчин", хоёр тариаланч "Улсын тэргүүний тариаланч" болж Монгол Улсын Засгийн газрын шагнал хүртсэн юм.

 

Улсын Их Хурлын гишүүн, НББСШУБХ-ны дарга Д.Батцогт болон аймгийн Засаг дарга Д.Цэвээнравдан, орон нутгийн удирдлагууд "Улсын тэргүүний тариаланч", "Улсын сайн малчин"-ны шагналыг малчдын хотонд нь гардууж өгөв. Шагнал гардуулах үеэр УИХ-ын гишүүн Д.Батцогт төрөөс малчид тариаланчдын талаар авч хэрэгжүүлж буй үйл ажиллагаа, УИХ-аар хэлэлцэж буй хууль тогтоомжуудын талаар товч танилцуулав.

 

Буянт сумын тариаланч Т.Нурлан, Ховд сумын тариаланч С.Наскей нар "Улсын тэргүүний тариаланч" болов

 

Буянт сумын Т.Нурлан 38 насандаа Улсын тэргүүний тариаланч хэмээх эрхэм алдрыг хүртэв. Түүний аав Төлөөгөн 22 настайдаа Монгол Улсын гавьяат механикжуулакч болж байсан түүхэн амжилтыг энэ жил хүү нь давтаж буй юм.

 

Мөн Ховд сумын 12 дахь Улсын тэргүүний тариаланч төрсөн нь тус сумын иргэн С.Наскей байв. Тариаланчдын хувьд жил бүрийн эхний ургац болох төмс хүнсний ногоогоо наадмаас өмнөхөн зах зээлд нийлүүлдэг. Намар болохоор хүнсний ногооны үнэ унах эрсдэл их байдаг аж. 2012 онд С.Наскей гуайнх гэхэд л 12 тонн төмс борлуулалтгүйн улмаас хаясан байна. Энэ жил ч төмсний үнэ сайнгүй байгаа. Учир нь тариаланчид бүгд нэгэн зэрэг нэг төрлийн хүнсний ногоо тариалдаг нь жижиг зах зээлд ихдэх, зарим төрлийн хүнсний ногоо ховордох эрсдэл бий болгодог гэнэ. Тиймээс төр болон аймаг, орон нутгийн зүгээс зохицуулалт хийх шаардлагатай байгааг улсын тэргүүний тариаланчид учирлаж байв.

 

Чандмань сумын малчин Ч.Батдорж "Улсын сайн малчин" болов

 

Чандмань сумын Баянхайрхан багийн малчин Чойжилсүрэнгийн Батдорж гэргийн хамт сар шинийн босгон дээр "Улсын сайн малчин" хэмээх хүндтэй шагналаа гардан авсан юм. Улсын сайн малчны болзол хангасан Батдоржийнх Баянхайрхан багийн нутаг Жаргалант хайрханы өвөр бэл Мурий гэх газар өнтэй сайхан өвөлжиж байна. Ч.Батдоржийнх энэ жил 1242 толгой мал бодод шилжүүлсэнээр 280,7 мянган толгой мал тоолуулсан, сүрэгт эзлэх хээлтэгчийн хувийн жин бод малд 40-48 хувь, бог малд 55,3-56,1 хувьд хүргэж, улсын сайн малчны болзол журмыг бүрэн хангасан учраас ийнхүү Монгол Улсын сайн малчинаар шалгарчээ. Өнгөрсөн жилүүдэд зөвхөн өрхийн тэргүүнд Улсын сайн малчны энгэрийн тэмдэг, үнэмлэхийг олгодог байсан бол энэ жилээс эхлэн ХХААЯ-ны сайдын шийдвэрээр гэргийд нь ч "Улсын сайн малчин"-ны энгэрийн тэмдэг үнэмлэхийг гардуулдаг уламжлалд шилжив. Ч.Батдорж "мал маллах арга ухааныг аав ээжээсээ өвлөн өдий хүртэл мал маллаж байна. Өнгөрсөн хугацаанд өөрөө малаа маллахаас гадна залуу малчдыг малжуулж ажлын байраар хангах, мал маллах арга туршлагаасаа хуваалцах өгээд их ажилтай байдаг. Цаашид "Улсын сайн малчин" хэмээх эрхэм хүндтэй нэрийг нэр төртэй авч явах үүрэг надад ирлээ" хэмээн хэлж байлаа. Тэрээр 1950-иад оноос хойш тус сумаас төрж байгаа 17 дахь улсын сайн малчин Баянхайрхан багаасаа төрж байгаа 4 дэхь улсын сайн малчин болж байна.

 

Сүүлийн гурван Чандмань сумын мал сүрэг таван төрөл дээрээ өсөж 2,9 саяд хүрсэн нь өнгөрч буй Хонин жилд гаргасан олон сайхан амжилтуудын чухал үзүүлэлт юм.

 

Цэцэг сумын малчин А.Амархүү "Улсын сайн малчин" болов

 

Цэцэг сум одоогоос 26 жилийн өмнө улсын аварга малчинтай болж байжээ. Түүнээс хойш улсын сайн малчин төрөөгүй бөгөөд тэмээн сүргээ өсгөн үржүүлж ашиг шимийг нь хүртэж яваа Хажинга багийн малчин Авидын Амархүү, Нямгэрлийн Байгалмаа нар "Улсын сайн малчин"-аар шалгарлаа. А.Амархүүгийнх 2100 орчим толгой малтай, бодод шилжүүлсэнээр 949,8 малтай малчин. Сүрэгт эзлэх хувийн жин 40-42,8 хувь, бог малд 55,1-56 хувиар, 100 эхээс бойжуулсан төл, оны эхний нэг малаас үйлдвэрлэсэн мах ашиг шимийн гарцын үзүүлэлтээрээ улсын сайн малчны болзлын шаардлага бүрэн хангасан байна. Ихэвчлэн тэмээн сүргийг өсгөн үржүүлдэг бөгөөд сумын хэмжээнд нийтдээ 600 гаруй толгой тэмээтэй бөгөөд 70 гаруй хувь буюу 478 тэмээ нь Амархүүгийн хотонд сүрэглэн байна.

 

"Улсын сайн малчин" А.Амархүү, "бод малыг тэр дундаа тэмээн сүргийг өсгөж үржүүлэх зорилт тавин ажиллаж байна. Учир нь манай нутгийн өвс ургамал, орчин нөхцөл, ус хужир нь тэмээний нутаг, унд болсон сайхан нутаг, тиймдээ ч ийнхүү өгөөж буянаа хайрлаж байна. Жилдээ 90 гаруй ингэ төллүүлдэг болохоор жилээс жилд тэмээн сүргээ илүү ихээр өсгөх боломж байгаа. Мал өсөхийн хэрээр залуу хүмүүсийг малжуулахын зэрэгцээ хоёр ч хүүгээ мал маллах арга ухаанд сургаж байна" гэв.

 

Мөнххайрхан сумын малчин Ч.Оюун "Улсын сайн малчин" болов

 

Мөнххайрхан сумын Хаг багийн малчин Чоймболын Оюун малч ухаанаараа бусдыг хошуучилж малаа өсгөн үржүүлж "Улсын сайн малчин" болов. Аав ээжийнхээ мал маллах ажилд тусалж эхэлснээс хойш 50-иад жил мал маллаж яваа Ч.Оюун гуай энэ жил 1700 гаруй толгой мал тоолуулжээ. Сумынхаа 10 гаруй өрхийг малжуулж ажлын байраар хангахын зэрэгцээ 5-6 туслах малчныг авч ажиллуулдаг нь түүний хөдөлмөр зүтгэлийг үнэлэх нэг томоохон үзүүлэлт болж байна. Эмэгтэй хүн өрхөө толгойлон, 5 хошуу малыг төрөл тус бүрд нь өсгөн үржүүлж ашиг шимийг нь зүй зохистой ашиглаж өдий зэрэгтэй амжилтанд хүрнэ гэдэг амаргүй хөдөлмөр, хүндхэн ачаа.

 

Улсын сайн малчин Ч.Оюуных сумын төвөөсөө 70 гаруй км-ийн зайд орших Гарлагийн бэлчир хэмээх газар өнтэй сайхан өвөлжиж байна. Уулсын хаан гэгдэх Мөнххайрхан уул, түүний салбар уулсын өвөр бэл, өвс ургамлын соргогийг даган отор нүүдэл хийж мал сүргээ өсгөн үржүүлж яваа Ч.Оюун аль хэдийн энэ оны анхны төлөө хүлээн авч хөрөвжүүлжээ.

 

Байгаль цаг агаар хүйтэн жиндүү ч Мөнххайрхан сум нь өндөр уулын бүс нутагт багтдаг учраас өвөлдөө харьцангуй дулаахан байдаг. Тийм болохоор бог малаа 2 ээлжээр төллүүлдэг. Нэгдүгээр сарын дундаас хоёрдугаар сар хүртэл нэг хэсгийг нь төллүүлж, нөгөө хэсгийг нь гуравдугаар сараас дөрөвдүгээр сарын хооронд төллүүлж ажлын ачааллаа хуваарилдаг. Энэ нь төл малын хорогдол бага гаргаж мал сүргээ өсгөх нэг нөхцөл болдог хэмээн Улсын сайн малчин Ч.Оюун хэлж байлаа.

 

Ч.Оюун 1706 толгой мал тоолуулсан бөгөөд мал сүргийн сүрэгт эзлэх хээлтэгчийн хувийн жин бод малд 41,7-50,0 хувь бог малд 56-56,1 хувьд хүргэсэн гээд Улсын сайн малчны болзлыг журмынх нь дагуу бүрэн хангасан учраас ийнхүү Монгол улсын сайн малчин болж байна.

 

Мөнххайрхан сум 2015 оны жилийн эцсийн мал тооллогоор сумын хэмжээгээр 100 гаруй мянган толгой мал тоолуулсан байна.

 

Манхан сумын малчин Д.Амгаланбаатар "Улсын сайн малчин" болов

 

Манхан сумын Тахилт багийн малчин Д.Амгаланбаатар, гэргий н.Уранцэцэгийн хамт Улсын сайн малчин боллоо. Өвөө аавынх нь мал маллах арга ухаан Д.Амгаланбаатарт уламжилж, өдий зэрэгтэй амжилтанд хүрэхэд нөлөөлсөн гэж сумын удирдлага танилцуулж байв. Д.Амгаланбаатарынх удам дамжсан малчин төдийгүй удам дамжсан Улсын сайн малчин болов. Түүний өвөө Ж.Магнай 70 жилийн өмнө 1946 онд Улсын сайн малчин болж байсан үнэмлэх, дурсгалын хувин өнөөдрийг хүртэл хадгалагдсаар иржээ.

 

Тэрээр, 2008 онд аймгийн сайн малчнаар шалгарч байсан бол түүнээс хойш 7 жилийн дараа ийнхүү Улсын сайн малчин гэсэн хүндтэй шагналыг гардан авч байна. Буянт мал сүргээ өсгөн үржүүлэхэд нутаг бэлчээрийн онцлог ихээхэн нөлөөлнө. Тийм ч учраас малынхаа тарга хүчийг сайн авхуулах тал дээр анхаарч байнга нутаг сэлгэн нүүдэллэж өвөл хаврын бэлтгэлийг зун намарт нь хангаж ирснээр жиндүү өвөл, хаврын хавсаргыг ажрахгүй давдаг байна. Нөмөр нөөлөг өвөлжөө хаваржаа ч мал сүрэг, төл мал зутрахгүй байхад ихээхэн нөлөөдөг болохыг тэрээр ярьж байлаа.

 

Буянт сумын малчин М.Энх-Амгалан "Улсын сайн малчин" болов

 

Буянт сумын Цагаанбургас багийн малчин М.Энх-Амгалан, гэргий Оюунбилэг нар Улсын сайн малчин болов. Улсын сайн малчин М.Энх-Амгалангийнх Хатан хар ус нуурын арал Цагаан гол хэмээх газар өвөлжиж байна. Жилийн дөрвөн улирлын аль ч цагт ялангуяа намар өвлийн цагт хүн малд ээл ивээлээ өгсөн сайхан нутаг учраас буянт мал сүргээ адгуулан нутаглахад таатай байдаг аж.

 

М.Энх-Амгалан аймагтаа хамгийн олон үхэртэйгээс гадна олон хурдтай, Ховд аймагтаа нэр хүндтэй уяач юм. Тэрээр сум, аймаг, бүсийн олон баяр наадамд хурдан морьдоо уяж уралдуулан наадамчин олноо цэнгүүлж яваа шилдэг уяадын нэг аж. Монголын морин спортыг хөгжүүлэх үйлсэд оруулсан хувь нэмэр, түүний амжилтыг үнэлж 2014 оны Монгол Улсын шилдэг уяачаар шалгаруулсан нь түүний амжилтын нэг батламж юм.

 

М.Энх-Амгалан миний хувьд удам дамжсан малчин. Миний аав ээж бог малыг голлон өсгөдөг байсан. Харин миний хувьд үхэр сүргийг өсгөе гэсэн бодлого барьж буй. Бог мал маллахад байгаль дэлхий өөрчлөгдөж, өвс ургамалын гарц багасч байгаа нь бэлчээр таарахгүй болох шалтгаан болж буй. Тиймээс үхрийн тоо толгойг өсгөхдөө сүү махны чиглэлийн үүлдрийг бий болгож байна гэв.

 

Буянт сум өнгөрсөн жил анх удаа 169500 толгой мал тоолуулж мал сүргээ өгөж түүхэн амжилт гаргасан байна.

 

Ховд аймаг өнгөрсөн түүхэндээ анх удаа 1000 гаруй км авто замын ашиглалтад хүлээн авсан, 700 гаруй орон сууц шинээр ашиглалтад оруулсан, 10 сум аймгийн төвтэйгээ хатуу хучилттай автозамаар холбогдож аймгийн эдийн засаг 20 гаруй хувиар өссөн амжилтаар хонин жилээ үджээ. Цаашид хийж хэрэгжүүлэхээр төлөвлөсөн олон ажил хүлээгдэж буйг тус аймгийн удирдлагууд хэлж байсан юм.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Х.БОЛОР