Шинэ хүйтэн дайн ирж байна гэв

2016 оны 2 сарын 14

 

 

Орос болон Барууны хоорондох харилцааны зөрчил, үл ойлголцол дэлхийг шинэ хүйтэн дайн руу түлхэж байна хэмээн ОХУ-ын ерөнхий сайд Дмитрий Медведев мэдэгджээ. “Бараг өдөр болгон биднийг НАТО эсвэл Европ, АНУ болон бусад орнуудын хамгийн том аюул заналхийлэл мэтээр дүрсэлж байна. Заримдаа би энэ 2016 он бил үү эвсэл 1962 он уу гэж гайхдаг” хэмээн Дмитрий Медведев ярьсан байна.

 

Барууны орнуудын зүгээс ОХУ-ын Сири дэх агаарын цохилт болон Украины зөрчил мөргөлдөөд Москваг хурцаар шүүмжлэх болсон юм. Крым хойг Киевээс салж, Кремльд нэгдсэнээр ОХУ болон Барууны харилцаанд хамгийн том ан цав гарсан билээ. Энэ талаар НАТО-гийн ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтенберг ВВС-д өгсөн ярилцлагандаа “ОХУ хилийн зурвасаа хүчээр тэлснээр илүү түрэмгий болсон. Иймд НАТО болзошгүй аюул заналхийлэлд хариу өгөх эрхтэй. Бид хүйтэн дайны нөхцөл байдалд биш боловч хүйтэн дайныг дуусгасан түншийн холбоогүй болсон ” хэмээн ярьсан аж.

 

Хүйтэн дайн нь ЗХУ болон Барууны хоорондох үзэл суртлын зөрчилдөөн байсан юм. Хүйтэн дайн дэлхийн II дайны сүүлээс эхэлж 1989 онд ЗХУ-ыг задрах хүртэл үргэлжилжээ. Энэ хугацаанд талууд шууд нүүр тулан байлдсан бол цөмийн дайн гарч, хэн ч ялахгүй гэдгийг мэдэж, эмээж байсан учраас цэргийн эвсэл байгуулж, тагнуул, үзэл суртлын тэмцэл өрнүүлэх замаар тулалдан, зөрчилдөн тэмцэлдэж байсан аж.

 

Эх сурвалж: ВВС

Б.АНХТУЯА

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна