Бөмбөгтэй хоккейчид хүрлийн төлөө тоглоно

2016 оны 2 сарын 14

Бөмбөгтэй хоккейн (bandy) ДАШТ-ий “В” ангиллын өрсөлдөөн ОХУ-ын Ульянрвск хотод болж байна. Тус тэмцээнд оролцож буй манай баг тамирчид өнөөдөр хүрэл медалийн төлөө Украины багтай тоглоно. Энэхүү тоглолт Улаанбаатарын цагаар 20.30 цагт эхэлнэ.

10 орон оролцож буй бөмбөгтэй хоккейн ДАШТ-ий "В" ангилалд Украин, Япон, БНХАУ, Чех, Сомали, Монгол улсын шигшээ баг нэг хэсэгт багтсан. Манай хоккейчид хэсгийн эхний тоглолтод Японы багт хожигдсон ч БНХАУ, Сомали, Чех, Украины багуудыг дараалан хожиж, хэсэгтээ гуравдугаар байрыг эзэлсэн. Улмаар "А" хэсгээс гуравдугаар байраар шалгарсан Нидерландын багийг 4-0-оор хожиж, хагас шигшээд үлдсэн. Хоккейчид өчигдөр мөнгөн медалийн төлөөх шийдвэрлэх тоглолтод Унгарын багт 5-4 онооны харьцаагаар хожигдож, хүрлийн төлөө Украины багт тоглохоор боллоо. Украины баг шөвгийн наймд Японыг хожсон ч хагас шигшээд Германд ялагдсан.

Тус тэмцээний алтан медалийн төлөө Герман, Унгарын багууд шалгараад байна. Монгол-Украины тоглолт Улаанбаатарын цагаар 20.30-д эхэлнэ.

ДҮН: (ДАШТ-ий В ангилал)

02.10 Монгол -Япон 0:4

           Монгол - БНХАУ 7:1

02.11 Монгол- Самоли 9:1

02.12 Монгол - Чех 7:1

          Монгол -Украин   2-1

Шөвгийн наймд:

  • Монгол - Нидерланд 4-0

Хагас шигшээ:

  • Унгар - Монгол 5-4

Хүрлийн төлөө:

  • Украин - Монгол /Улаанбаатарын цагаар 20.30-с эхэлнэ/

Алтын төлөө:

  • Герман - Унгар тус тус тоглоно.

Дашрамд дуулгахад, Манай хоккейчид өнгөрсөн оны ДАШТ-ий “В” ангилалд гурван хожил, нэг тэнцээ, хоёр хожигдол авснаар VII байрт орж байсан юм.

ШУУД ҮЗЭХ: www.bandy2016.ru

А.ТАМИР

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна