Хайрын шүлгүүд

2016 оны 2 сарын 14

NEWS.MN-ийн нийт ушигчиддаа Гэгээн хайрын баярын мэнд хүргэж байна. Дурлал хайраар орчлонд жигүүрлэж, дур зоргоороо нисч яваа та бүхэндээ зориулан яруу найрагчдын хайрын тухай хэдэн шүлэг хүргэж байна.

 

Б.Лхагвасүрэн: Чамдаа хайргүй байхын аргагүй

Уул бууралтахад ухаарч хамт байлаа
Урийн шувууд ирэхэд ганганаж хамт байлаа
Найр хайрын дунд уярч хамт байлаа
Нас насны хөлд улирч хамт байлаа
Чамдаа би хайргүй байхын аргагүй

Өвөг дээдсээ нутаглуулахад уйлж хамт байлаа
Өлгий живх хоёр оёход инээж хамт байлаа
Үүл нарны ээлжинд үргэлж хамт байлаа
Үхэхгүй юм шиг ургаж хамт байлаа
Чамдаа би хайргүй байхын аргагүй

Он жилүүдийн урсгалд элж хамт байлаа
Од харваж унахад эрж хамт байлаа
Саахалтын чинээхэн холдоход зүүдэлж хамт байлаа
Санаан зоргоороо хоёулаа эрхэлж хамт байлаа
Чамдаа би хайргүй байхын аргагүй


Арлааны Эрдэнэ-Очир

Голын тохой дээр

Газрын магнайнаас хөлөрч урссан Сэлэнгийн салаа тохой дээр
Гандсан намрын шаргал өдөр устай мушгиран одохыг харжээ суугаад
Ганц дуу чамд зориулан дуулж түүнийгээ тэнгэрийн цээлд нараар мэтгэн
Ганихан хорвоогийн өнгөн дээр бусдын зүрхэнд шигтгэн гэрэлтүүлэх болов би

Амьдрал мөнхийн зүүд минь тэнгэрийн зурсан зураг минь
Алдааг нь цуглуулахад ч жаргал амтагдмаар хонгор минь
Алсаас над руу урссан цаг хугацааны зэрэглээн дундаас
Амжиж миний олж харсан үл мэдэг инээмсэглэлт минь

Нуруу алаг ангир цоохор дуу гарган ганганан ус цахлаад
Нулимс сувдан бороо тэнгэрийн хаяанд цайраад болив бололтой
Нутаг алсын чамайгаа эзгүй хойгуур голын чинь тохой дээр санаашран
Нууцхан шаргал гунигийг минь нарны утас хөвөрдөхөд хөндүүр төрнө

Тэр нэг хаврын энгэрийн чинь гэгээ шиг хэсэг үүл
Тэр л цагаас хойш миний цээжинд нүүсээр одов
Тийм сайхан нүдэнд гуниг суусныг олж харсан цагаас хойш
Тэнгэрийн дор хайрын үлгэр эхлүүлэн чамайг бодов

Ирж яваа цаг бид хоёрыг амрагийн төгөлд уулзуулан зурж
Ирэх хайрын зовлонгоор жил сар тохуурхан урсах ч билүү
Идэр зүрхний гүнд хаврын нэг өдрийн салхи тоглон эргэж
Ийм нэг намар голын чинь тохой дээр суулгана гэж санаа ч билүү

Гэрлийн мянган долгис мод бургас сүлжин уул ороогоод
Гэнэн хонгор шувуу өвс зууж амраг ижилдээ нисэх нь уярал хөндөнө
Гэгэлгэн ийм нэг агшныг сэтгэлдээ намуухан хонгор салхиар бичиж
Гэгээн хорвоогийн хуудас бүхэнд хувилан чамд илгээх болов

Мартагдсан хуучин дууны нэг бадаг гэнэт санаанд орж аялагдаад
Манантай алсын ууланд зүр гур эрхлэхийг бодолдоо харж сууна
Мандаж жаргах нар сарны урсгалд сэтгэлийн навч ганц нэгээр унаж
Магадгүй энэ голын тохой дээр дахиад л дурсамжийн салхи сэвэлзэх биз ээ

Амьдрал мөнхийн зүүд минь тэнгэрийн зурсан зураг минь
Алдааг нь цуглуулахад ч жаргал амтагдмаар хонгор минь
Алсаас над руу урссан цаг хугацааны зэрэглээн дундаас
Амжиж миний олж харсан үл мэдэг инээмсэглэлт минь

Алчуур нь дэрвэх бүсгүй шиг салхины хаяа цэнхэртээд
Алсын хөхрөгч ууланд манан суугаад босов бололтой
Амрагын санаашралд гунигших нь залуу насны эгшиглэн юм аа
Аниргүйн дунд ганцаардах минь тэнгэрийн мөнгөн зүүд юм аа


Л.Өлзийтөгс

Би цэв цэнхэр атлаа

Би цэг цэг цэг атлаа
Би үүлнээс ч илүү үүл, уснаас ч илүү ус, үл баригдахуй атлаа
Би салхины бие, шувууны нисэлт, өвлийн тэсгим жавар атлаа
Би хязгааргүй, хайрын биелэл атлаа
Биеэр минь дүүрэн ертөнц, нүдээр минь дүүрэн тэнгэр атлаа
Цаг хугацаа хаана оршдогийг ганцаарханаа мэддэг атлаа
Цасны ширхэг бүрийг нэрлэж чаддаг атлаа
Гайхамшигт, гүн нууцлаг амьдралаас айдаггүй мөртлөө
Галд гараа дүрэхээс буцдаггүй атлаа
Ганцхан чиний л өмнө үл дүрэлзэн гэрлээ хумьж
Гарт чинь буй сарнай адил нам гүмхэн юунд бөхийнө вэ?


Б.Ичинхорлоо

 
Зуун намар
 

Зуун намар, зуун намар би ингэж гунихгүй
Зузаан үүлсээр чамдаа хэл өгүүлэхгүй
Амгалан царайг чинь догдлон ширтээд
Аялгуут үгсийг шагладаг минь ч үлдэхгүй
Зуун намар, зуун намар ингэж гунихгүйгээс хойш
Зузаан үүлсээр чамдаа хэл өгүүлсээр байх болно
Амгалан царайг чинь догдлон ширтээд
Аялгуут үгсийг шагласаар л байх болно
Зуун намар, зуун намар би ингэж дурлахгүй
Зулзаган нахиа шиг алган дээр чинь дэлгэрэхгүй
Зүүдэн гүнд чинь шөнийн саран шиг үлдээд
Зүрхэн дээр чинь хаврын мод шиг ургахгүй
Зуун намар, зуун намар ингэж дурлахгүйгээс хойш
Зулзаган нахиа шиг алганд чинь эрхэлсээр байх болно
Зүүдэнд чинь шөнийн саран шиг үлдээд
Зүрхэн дээр чинь хаврын мод шиг ургасаар л байх болно
Зуун намар, зуун намар


Ж.Болд-Эрдэнэ

Сайхан, сайхан охид үзэгдээд байдаг болов

Сайхан сайхан охид үзэгдээд байдаг болов
Сар гарахын алдад санагдаад байдаг болов
Лаа шиг гоолиг бие нь гэрэлтэн харагдаад
Лавай шиг цагаан шүдээ гайхуулж инээмсэглээд
Сормуусаа өргөж харахад нь эрвээхэй нисэх шиг болоод
Солонго татсан зүг руу сэмхэн харц алдуураад
Ойртоод очихын алдад гөрөөс шиг хулжаад
Холдоод явчих гэхээр хойноос инээд алдаад
Ороо морь шиг омголон охид үзэгдэх болов
Он өнгөрөх тусам охид гоо болов.
Сайхан сайхан охид үзэгдээд байдаг болов
Сар гарахын алдад санагдаад байдаг болов.


Р.Эмүжин

Алдвал ч алдаг ээ миний гал халуун нас


Алдвал ч алдаг ээ, миний гал халуун нас
Ахиад би ямар залуу явах биш дээ
Хорин тав хүрчихлээ гэж
Гомдоллохоо болъё
Хор шар, атаа хорслын цаана
Насаа нууж явъя
Дураараа л гэлцдэгсэн, идэр залуу насыг минь
Дурсамжнаас өөр юу үлдэх юм бэ?
Задгай гэзэг эрх чөлөөнөөс минь
Юундаа бишүүрхээв
Замын уртад үүнээс өөр
Хань болсон нь үгүй ээ
Оо энгэсэгээр гоёхын хэрэг байгаагүй
Одоо бол харин гоочлохын хэрэг байхгүй
Ай миний гал халуун нас
Ганцаар өнгөрөөсөн мөч болгоны төлөө
Гараан дэрлэж хоносон шөнө болгоны төлөө
Дундуур үлдсэн хундага болгоны төлөө
Дурлалаас нь татгалзсан хөвгүүдийн төлөө
Чиний өмнө, би буруутай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна