IX болоод Х Богдын тухай яриа

2016 оны 2 сарын 15

Дөрвөн хаврын өмнөх энэ өдөр IX Богд Жавзандамба Хутагт таалал төгсчээ. Түүнээс хойш дөрвөн жилийн дараа хутагтын Лагшин эрдэнийг залах ёслол Гантэгчинлэнд болох нь. Монголын эрдэм, номтой лам хувраг хувилгаадын гурван жилийн нөр их хөдөлмөрийн үрээр энэхүү авшигт шүтээн бүтжээ. Үүнтэй зэрэгцээд бас нэгэн үйл ажиллагаа болох нь “Жавзандамба хутагт төв”-д 18.00 цагт Х дүрийн Жавзандамба Хутагт хуурмаггүй эндүүрэггүй Монгол орноо түргэн хувилан төрж, шашин амьтны тусыг цаглашгүй ихээр бүтээхийн тухайд "Х Богд түргэн залрахын залбирал буюу Нүржин солдэв" нийтээр унших аж.

Хааны алба халаатай, эзний алба ээлжтэй гэгчээр ийнхүү IX Богдын лагшин эрдэнийг залах ёслолтой зэрэгцээд Х Богдыг түргэн тодруулах тухай ярьж эхлэв. Энэ тухай ярьж байгаа эхний тохиолдол энэ биш. Өнгөрсөн хавраас эхлээд манай томоохон хоёр ч улстөрч түүнийг дараагийн дүрийг өөр өөрсдийнхөөрөө тодруулахаар хоёр газарт хүнээ бэлдэж, нөлөө бүхий хүмүүсээр хүлээн зөвшөөрүүлэхийг оролдоод эхэлсэн талаар мэдээлэл бий.

Түүх бэрх нугачаанд эрх мэдэл, элдэв хүсэлдээ хөтлөгдөн, бодит үнэнийг засварлахыг ямагт оролдож ирсэн учраас цагийн эрчлээсэнд баларч, зарим талаар бүдгэрсэн бишгүй олон баримт бий. IX Богдын хувь зохиол ч үүнийг тойроогүй билээ.

Түүний нэгэн жишээ нь богдуудын талаар сүсэгтэн хийгээд шашингүй үзэлтнүүдийн  VIII Богд Жавзандамбыг жанч халсны дараа хойд дүрийг нь залах явдлын эсрэг “Дахин газар дэлхийд эргэн ирэхгүй. Үүрд нирваан дүрийг олсон” хэмээн сурталчилсан байдаг. Гэсэн ч VIII Богд Жавзандамбын хойд дүрээр 1925 онд Лувсандорж хэмээх хүүг Л.Гомбо-Идшин гүн тэргүүтэн тодруулсан гэдэг. Очирдарь Лувсандорж Богдын IX дүр мөн гэдгийг Ванчин лам баталсан юмсанж. 1926 онд Түвдийн Засгийн газартай найрамдалт харилцаа тогтоохоор явахад лам Гэндэнсоном, Жанчивренчин нар хамт явж тэр үеийн Далай лам болон Ванчин богдын сунтагт тамгат бичиг”-ийг  авчирахад  VIII Богдын багш Ёнзонхамба “Энэ бол Далай лам болон Ванчин богдын сунтагт тамгат бичиг мөн" гэж давхар баталсан гэх баримт архивт бий талаар Жамбалнамдолчойжижанцанг үгүйсгэдэг. Гэхдээ өмнөх богдуудыг ч Ванчин ламын дүрүүдээр хүлээн зөвшөөрүүлж иржээ. Тиймээс ч Богдын хойд дүрийг Ванчин лам батламжилдаг уламжлалыг дагасан хэрэг юм. Харин VIII Богдын хойд дүр гэж тодруулсан  Очирдарь Лувсандорж шашны тэргүүн гэхээсээ илүүтэй хар хүн болж цэргийн албан хаан хожим 1948 онд өвчний улмаас нас барсан гэдэг. Тэр үнэхээр VIII Богдын хойд дүр байсан эсэхийг хэлэхэд бэрх. Учир нь ардчилсан хувьсгал ялснаас хойш бид Далай ламын хүлээн зөвшөөрсөн дахин нэг IX Богд Жамбалнамдолчойжижалцаны талаар мэдэх болж Монголын бурхны шашинтны тэргүүнээр залсан билээ. Харин өнөөдөр түүний Лагшин эрдэнийг залах гэж байна. Түүнийг 1936 онд дөрвөн насанд нь тодруулсан гэж намтарт нь бичдэг. Ингэхдээ 1936 он буюу дөрвөн нас сүүдэртэйд нь хоёр дахь IX богд Жамбалнамдолчойжижанцанг түвдийн Радэн Ринбүүчи  Түвдэнжамбал-Иш халхын наймдугаар Жавзундамба хутагтын хойд дүр мөн гэж тодруулжээ. Амьдралынх нь намтарыг хараад үзвэл бас л хувилгаан гэхээсээ илүү хар хүний амьдралаар амьдарч, хоёр эхнэрээс долоогийн долоон хүүхэд төрүүлсэн байх жишээтэй. Тиймээс ч түүнийг бурхны шашинтны тэргүүнээр залахад нь сүм, хийдүүдийн хамба нарын зарим нь эсэргүүцэж байсантай адилхан Дилав хутагт хүлээн зөвшөөрөөгүй болохоо амьд сэрүүндээ номдоо бичиж үлдээжээ. Жамбалнамдолчойжижалцан 1960-аад оноос Монголтой харилцаа тогтоохыг эрмэлзэж ирсэн ч талаар өнгөрч байсан баримтууд олон бий.

IX Богд Жэвзүндамба хутагт Жамбалнамдолчойжыжанцан нь XVI жарны харагчин бичин жил буюу 1932 онд Төвдийн Лхас хотын ойролцоо Томсиг гэдэг газар эцэг Лувсанжамбал, эх Янжинлхамын гэрт мэндэлжээ. Найман настайдаа гэцүл сахил хүртэж, Жамбалнамдолчойжижанцан хэмээх сахилын нэртэй болсон байна. Ингээд 29 нас хүртлээ номын өргөөнд шавилан сууж байгаад Энэтхэг улс руу дүрвэн гарсан. 1952 онд 21 настайдаа Дагдан Пунцоглин хийдэд шавилан сууж Жонан урсгал дамжлагыг даган залгамжлан суралцснаас эхлээд хожмоо эгэл хүний амьдралаар хар бор ажил хийж явангаа шашны дэг зэргээ хамгаалж байжээ. Тэрээр ардчилсан хувьсгал ялснаас хойш 1999 онд Монголд ирж байсан ч түүнийг төр засгийн зүгээс хүлээн зөвшөөрөөгүй бөгөөд визаны хугацаа нь дууссан гэдгээр шалтаглан хөөх шахуу Монголоос гаргасан.

VIII Богд хойд дүрээ “Харь оронд амьдрах төдийгүй, Монголчууд гэдэс цатгалан толгой хоосон амьдарч, миний дараагийн дүр монголчуудын зовлон зүдгүүрийг үүрэн гэтэлгэн амьдарна” гэж хэлжээ.

Ийнхүү VIII Богд гэгээн “харснаас” үзвэл магадгүй хоёулаа ч түүний зөгнөсөн зөгнөлтэй нийцсэн амьдралаар амьдарсан байх юм. Гэхдээ энэ цагийн судлаачид  энэ талаар эсрэг тэсрэг байр суурийг илэрхийлэхийг нь бишгүй.

2012 оны цагаан сараас өмнө IX Богд Жамбалнамдолчойжижанцанын бие муудсан байдаг. Тухайн үед эмнэлэгт хэвтүүлсэн бөгөөд эмч нар “Хэдхэн хоног л тогтоож чадна. Найдваргүй болжээ. Ойр дотных нь уулзах хүмүүстэй уулзуул” гэж зөвлөсөн талаар Гандантэгчэнлин хийдийн дэд хамба, гавж Н.Нанзаддорж хэлдэг. Түүнтэй ярилцаж байхад тухайн үед IX Богд Далай ламтай утсаар холбогдон,

-Би хэзээ явах вэ. Шарилаа хаан байлгах вэ? гэж асуухад Далай лам,

-Оны сүүлч болж байхад явбал билэг дэмбэрэл муутай. Тийм болохоор та он гаргаад яваарай. Харин өөрийн шарилаа Монголдоо байрлуулаарай хэмээн захисан талаар Монголын Бурханы шашинтны төв Гандантэгчилэн хийдийн дэд хамба Н.Нанзаддорж гэрчилдэг. Ингээд IX Богд он гарсан хойно явна гэж хэлж, бие нь сайжирсан талаар тэрээр хэлдэг. Ингээд Гандантэгчилэн хийддээ заларч, золголтоо хийжээ. Сар шинээр Богдын лагшин тунгалаг байсан бөгөөд шинийн найман Гандан хурлынхаа бүрээг татахын өмнөхөн нирваан дүрийг үзүүлжээ. Өөрөөр хэлбэл бурхан багш тэрсүүдийн шавь нарыг номотгосон дүйчин өдөр тэнгэрт хальж. Эндээс нь үзвэл эгэл хүн биш гэмээр.

Ямартай ч бид Монголын бурхны шашинтны тэргүүнээрээ өмчилсөн IX Богдын Лагшин эрдэнийг залахаар боллоо. Харин VIII Богд хааныг номын шавь нар нь занданшуулан алтадан дахин, шүтэж байсныг энд дурдах нь илүүдэхгүй болов уу.

Монголд улаан Оросын нөлөө ихсэж, социализмын үзэл суртал гаарч байх үед Гандан хийдэд оросын цэргүүд байрлаж, тэнд байсан сүм хийд, бурхан тахил сүйтгэгдсэний дотор VIII Богд хааны шарил оржээ. Тухайн үед буюу 1940-өөд оны дундуур оросууд Ганданд байсан Богдын шарилыг гаргаж хаясан гэх яриа бий. Үйл явдлыг ажиглаж байсан Х.Чойбалсан дарга тухайн үед “Энэ хүн бол Монголын түүхэн ихээхэн гавъяатай хүн. Тиймээс ч ард олны дургүйцлийг хүргэж, үймээн самуун гарч болзошгүй учраас зүй ёсоор нь нутаглуулах хэрэгтэй”-г зөвлөснөөр Нарангийн энгэрт залсан аж.

Ингээд Богд хааныг нутаглуулж, хөшөөн дээр нь “Галя” хэмээсэн нэр бичсэн гэлцдэг.  Тухайн үед ингэх болсон шалтгаан нь Богд хааны гүдэн буюу шарилыг ухамсар дорой нэг нь хөндөх вий гэхээс болгоомжилж, нөгөөтэйгүүр өөрийнх нь нэр эсвэл монгол нэр тавьбал сүсэгтэн олнууд сүсэглэж, коммунистууд сүйтгэж болзошгүй учир нууцалсан байж болох юм. Харин хожмоо буюу ардчилсан хувьсгал гарсны дараа тэрхүү орос нэртэй шарилуудыг олсон ч шарил нь байгаагүй талаар мэдээлэл бий. Гэсэн ч бурханч лам Пүрэвбат “Цаг нь болохоор ил гарч ирнэ” гэсэн байдаг.

Хутагт хувилгаадын мөн чанар, бурхны сургаалийг учир зүйг олохоос илүүтэй муйхраар сүсэглэж, ид шидийн ертөнцөд илүү автсан монголчуудад ямартай ч Итгэл хамба руу тэрбум тэрбумаар тоологдох мөнгөө үрэн байж зорих шаардлагагүй болж байна. Нөгөөтэйгүүр Итгэлт хамбатай ав адилхан занданшуулсан шарил Чойжин ламын музейд байдгийг бид төдийлөн мэддэггүй. Хотын төвөөс хэдхэн зуун метрийн зайд орших энэхүү музейд Ёнзон хамбын занданшуулсан шарил бий ч хүний юманд дуртай бид түүнийг бус гадаадыг зорьж мөнгөө үрэх нь бий. 

Аливаад бодит баримт, оюун дүгнэлтээр гэхээсээ илүүтэй хүний хэлснээр сүсэглэн биширдэг бидэнд ямартай ч IX Богдын Лагшин эрдэнийг залж өглөө.

Гэхдээ үүнээс үүдэн эхэнд дурдсан дахин нэгэн асуудал бидэнд гарч ирсэн нь Х Богдын тухай яриа. Далай лам, Ванчин богд нар биенээ үгүйсгэн энэ цаг үед Х Богдын дараагийн дүрийн хувь тавилан бас л бүрхэг мэт.  XI Ванчин эрдэнийн хувилгаан хэмээн тодруулан батламжилсан XI Ванчин лам Гэндэн Чойжи Нимагийн 26 насыг зооглож буй гэх ч түүний амьд сэрүүн эсэхийг үнэндээ дэлхий ертөнц төдийлөн мэдэхгүй. Хамгийн залуу улс төрийн хоригдол гэж түүнийг зарласан. Өөрөөр хэлбэл, Хятадын засгийн газрын хяналтанд байдаг гэсэн үг. Тиймээс ч тэрээр ХIV Далай ламыг үгүйсгэсэн талаар гэн гэн мэдээлэл цацагддаг. Харин XIV Далай лам өөрийн дараагийн дүрийг эрх чөлөөт орноос төрнө гэсэн нь Монгол гэж таамаглаж буй. Хэрэвзээ тэрээр жанч халахаасаа өмнө дараагийн Богдыг тодруулан батламжлахгүй бол асуудал их төвөгтэйхэн тийшээ эргэнэ.

Х Богд, ХV Далай ламын хойд дүрүүд бүрхэг болно гэсэн үг. Учир нь бурхны шашинд Далай лам, Ванчин богд, IX Богд гэсэн лидерүүд бий. Тэд харилцан бие биенийхээ дараагийн дүрийг батламжилдаг билээ.

Ийм эгзэгтэй үед улстөрчид ч өөр өөрсдийн хүнийг сойгоод эхэлсэн харамсалтай.

Л.НАРАНТӨГС

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна