Путин, Обаматай Сирийн талаар ярилцлаа

2016 оны 2 сарын 15

Владимир Путин, Барак Обама

Фото: Сергей Гунеев / POOL / РИА Новости

 

Орос, АНУ-ын ерөнхийлөгч нар утсаар  ярилцжээ. Тэдний яриа “ажил хэрэгч, илэн далангүй болсон” гэж Кремлийн сайт мэдээлэв. Яриаг Обамагийн санаачлагаар хийжээ.

 

Сирийн асуудлын талаар лидерүүд голчлон ярилцсан байна. “Сирийн байдлыг зохицуулахыг дэмжих олон улсын групп” Мюнхен хотноо хоёрдугаар сарын 11-12-нд болсон хуралдааны үр дүнд хоёр талаас  эерэг үнэлгээ өглөө” хэмээн мэдэгдэлд өгүүлжээ.

 

Хоёрдмол стандартаас татгалзан террорын эсрэг нэгдсэн фронт байгуулахын чухлыг Оросын ерөнхийлөгч дахин санууллаа. “Исламын улс” болон бусад террорист бүлэгтэй  амжилттай тэмцэхийн тулд хоёр орны Батлан хамгаалах яамнууд ажлын нягт харилцааг тогтоох шаардлагатайг Путин хэлсэн байна.

 

Ерөнхийлөгч нар Мюнхений хуралдааны  мэдэгдлийг биелүүлэхэд  дипломат болон бусад шугамаар хамтын ажиллагааг идэвхжүүлэхээр тохиролцов.

 

Тэд Украины талаар ярилцахдаа 2015 оны хоёрдугаар сарын 12-нд байгуулсан Минскийн тохиролцоог  бүх талаар нь биелүүлэх нь чухал гэж үзлээ.

 

“Сирийн байдлыг зохицуулахыг дэмжих олон улсын групп” Мюнхен хотноо хуралдаж, энэ долоо хоногт Сирийн бүслэн хаагдсан нутаг дэвсгэрт хүмүүнлэгийн  тусламж оруулах замыг нээх, долоо хоногийн дотор тус оронд гал зогсоох нөхцөлийг тогтоохоор шийджээ. Сирийн засгийн газар ба сөрөг хүчний бүлэглэлүүд галаа зогсоох ёстой. Харин  энэ тохиролцоог үл зөвшөөрсөн террорист бүлэглэлийг үргэлжлүүлэн бөмбөгдсөөр байх юм.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна