Трамп Оросыг өмөөрч маргалдав

2016 оны 2 сарын 15

Дональд Трамп

Фото: Susan Walsh / АР

 

Бүгд найрамдах намаас ерөнхийлөгчид нэр дэвших гэж байгаа тэрбумтан  Дональд Трамп, Флорида мужийн захирагч асан Жеб Буш хоёр телевизийн халз мэтгэлцээний явцад Орос Америкийн түнш болж чадах уу гэсэн сэдвээр маргалдсан тухай Sputnik News агентлаг мэдээлжээ.

 

Бушын үзэж буйгаар, Оросын ерөнхийлөгч  Владимир Путин Вашингтоны холбоотон байж чадахгүй гэнэ. “Тэрээр бидний дэмждэг дайчид руу довтолдог. Москва Сирийн бодлогод зөв байр сууринд байгаа гэдгийг хэлэхэд хүндрэлтэй” гэж тэрээр хэлжээ. 

 

Трамп хариуд нь өөрийн ээлжид “Жеб огт зөв зүйл хэлсэнгүй” гэж мэдэгджээ. Тэрбумтан Оростой хамтран ажиллахын төлөө байгаа гэв. “АНУ хэнтэй байлдаад байгаагаа ойлгох хэрэгтэй. Хэний төлөө бид байлдаж байна вэ? Сирид бид тэрбум тэрбумаар хэн гэдгийг нь мэдэхгүй хүмүүсийг дэмжиж байна” гэж Трамп хэлжээ.

 

Трамп арваннэгдүгээр сарын 11-нд Оросын удирдлагыг “Исламын улс” бүлэглэлтэй байлдаж байгааг нь магтсан юм. Мөн тэрээр есдүгээр сарын сүүлчээр Путиныг дээд  зэргээр үнэлэн, ИУ-ын эсрэг хийж байгаа тэмцэлд нь саад болохгүй байхыг  уриалсан юм.

 

Дональд Трамп нь АНУ-ын томоохон барилгын компанийн тэргүүн бөгөөд даяарчлалын казино, буудлын сүлжээтэй. Тэрээр бүгд найрамдахчуудын нэр дэвшигчдийн сунгаанд тэргүүлж явна.

 

Жеб Буш өнгөрсөн зургадугаар сард ерөнхийлөгчид нэр дэвшихээ зарласан юм. Энэ жилийн АНУ-ын гол хоёр нам ирэх долдугаар сард нэр дэвшигч нараа тодруулна.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна