Бид баярлаж сурчээ

2016 оны 2 сарын 15

-Нийслэлд согтуугаар автомашин жолоодсон 68 жолоочийг журамласан байна. Энэ нь өнгөрсөн жилээс буурсан үзүүлэлт-

XVII жарны гал бичин жил айлчлан, хаврын тэргүүн сарыг монгол түмэн амар амгалан угтлаа. Түүчээлэн одох хонин жилээ үдэж, мичин жилийг угтах сар шинийн баярын уур амьсгалаас монголчууд маань баярлаж сурчээ гэсэн дүгнэлт хийж болохоор байлаа. Гудамж талбайд хөлхөх хөлөмцүү халамцуу хүнгүй, мэргэжлийн байгууллагуудын хувьд ч дуудлага цөөтэй тайван амгалан байсан нь урт хугацааны амралтын дараах ажлын өдрийн хамгийн сайхан мэдээ байлаа. Онцгой байдлын газарт л гэхэд улсын хэмжээнд гамшиг ослын томоохон дуудлага ирээгүй бөгөөд харьцангуй тайван өнгөрснийг тус газрын рапортоос харж болно.

14 МАШИН ЦАСАНД СУУЖЭЭ

Сар шинийн баяр,  амралтын өдрүүдэд Онцгой байдлын алба албаны өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж иржээ. Улсын хэмжээнд томоохон гамшиг ослын дуудлагагүй тайван байлаа. Дундговь аймгийн Сайнцагаан, Увс аймгийн Малчин суманд хоёр иргэн сураггүй алга болсон гэсэн дуудлага ирсэн ч Онцгой байдлын газрын албан хаагчид эрэн хайх ажиллагааг зохион байгуулж эсэн мэнд олсон байна.  Хөдөө замд цасанд сууж саатсан 14 автомашиныг цаснаас татан гаргаж, нийт 71 зорчигчийн аюулгүй байдлыг ханган ажиллажээ. Шинийн гуравны өдөр зарим аймгийн нутгаар цас орж, цасан шуурга шуурсан хэдий ч улсын хэмжээнд одоогоор  хаагдсан зам даваа байгаагүй юм.

ГАЛ ТҮЙМРИЙН ДУУДЛАГА 50 ХУВЬ БУУРАВ

Өнгөрсөн жилийн хувьд сар шинийн өдрүүдэд 70 гаруй гал түймрийн дуудлага нийслэлийн Онцгой байдлын газарт ирж байсан бол  энэ жил  30 гаруй дуудлагатай өнжсөн байна. Харин Налайх, Сонгинохайрханы Баруун туруун зэрэг газруудад цасанд боогдсон дуудлага ирснээс бусдаар тайван байсан хэмээн нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

СОГТУУ ЖОЛООЧ ЦӨӨРЧЭЭ

Энэ жил нийслэлийн хэмжээнд шинийн 1-3-ны өдрүүдэд Замын цагдаагийн газарт 869 дуудлага иржээ. Улмаар зам тээврийн ослын 686 дуудлага ирснээс 24 хүн гэмтсэн байна. Харин орон нутгийн замд ослын улмаас гурван хүн нас баржээ. Өнгөрсөн жилийн хувьд сар шинийн баярын өдрүүдэд долоон хүн зам тээврийн ослоор амиа алдсан юм.

Харин жолооч нарын гаргаж буй нийтлэг зөрчил нь согтуугаар автомашин жолоодох байжээ. Нийслэлд согтуугаар автомашин жолоодсон 68 жолоочийг журамласан байна. Энэ нь ч мөн өнгөрсөн жилээс буурсан үзүүлэлт юм. Энэ жилийн сар шинийн өдрүүдэд зам тээврийн осол, зөрчил өмнөх жилийнхтэй харьцуулахад буурсан дүнтэй байгаа талаар Замын цагдаагийн газраас мэдээллээ.

Мэргэжлийн байгууллагын албан мэдээлэл ийм байна. Нэгэн үеийг бодвол монголчууд бид баярлаж, цэнгэж, үндэсний уламжлалт баяраа жаяг дэгээр нь өнгөрүүлж сурчээ. Хаврын тэргүүн сараа хэрхэн угтсанаас тухайн жилийн айлын өнгө тодорхойлогддог гэдэгчлэн монгол түмэн маань гал мичин жилээ сайхан угтлаа. Сайныг ерөөсөн сайхан жил эхэллээ. Түмэн олон маань төвшин байхын ерөөл биз ээ.

Д.ЦЭЭНЭ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна