Японы хөрөнгийн зах зээл дахиад унав

2016 оны 2 сарын 15

Фото: Eugene Hoshiko / AP

Индекс Nikkei 225 долоо хоногийн дотор 11 хувиар унасан нь 2008 оноос хойших хамгийн сөрөг үзүүлэлт байлаа.

Хоёрдугаар сарын 12-ны баасан гаригийн арилжааны төгсгөлөөр Nikkei 225 индекс 4,8%-иар унан  14 952,61 пунктын төвшинд хүрсэн нь 2014 оны аравдугаар сараас хойших хамгийн доогуур үзүүлэлт болсон юм. Ерөнхийдөө энэ он гарсаар  Nikkei 225 нь 21%-иар буурсан ба теле холбооны мөн авто компаниудын үнэт цаас ихээр буужээ. Тухайлбал, Toyota компанийн хувьцаа 6,5%, Honda 4,8% тус тус хямдарчээ.

Японы хөрөнгийн зах зээлийн долоо хоногийн дээд хэмжээний уналт нь дэлхийн хөрөнгийн зах зээлийн уналтаас үүссэн  хөрөнгө оруулагч нарын сэтгэл түгшсэн ерөнхий дүр зургийн нэгэн илэрхийлэл нь боллоо.

Одоо Японы эдийн засагт хэд хэдэн сөрөг хүчин зүйл үйлчилж байна. Дотоодын нийт бүтээгдэхүүний сулхан өсөлт, төв банкны зүгээс  эдийн засгийн өсөлтийг дэмжих дэмжлэг бараг байхгүй, даяарчлалын зогсонги байдал үүснэ гэсэн айдас, нефтийн үнийн уналтын сөрөг үр дагавар зэрэг нь сөргөөр нөлөөлж байгаа юм.

Mizuho Asset Management-ийн ахлах эдийн засагч Цүеши Шимизү “Үнийн заалтуудад АНУ-ын болон дэлхийн эдийн засгийн зогсонги байдлын ирээдүй нөлөөлөх болсон” гэжээ. Японы Төв банк удалгүй бодлогын хүүгээ тэгээс доош -0,1-ээс -0,5% болгоно гэсэн хүлээлт байна.

Үүний зэрэгцээ, хачирхалтай нь нефтийн үнийн уналт Японы санхүүгийн системийн байдлыг дордуулав. Nomura-гийн (санхүүгийн холдинг)  ерөнхий захирал Кози Нагай, Ойрхи Дорнодын орнуудын бие даасан сангуудын зүгээс Японы хөрөнгийн зах зээл дээр хийсэн үйлдэл нөхцөл байдлыг муутгалаа гэв. Өнгөрсөн оны дунд үе гэхэд бие даасан сангууд нь Японы  хөрөнгийн зах зээлийн хувьцааны зургаа орчим хувийг барьж байлаа. Нефтийн үнээс байдал нь муудсан эдгээр сангуудын онилгоонд Японы зах зээл орсон байгааг тэр хэлжээ. Тэд өөрсдийн барьсан хөрөнгийн худалдааг дуусгасны дараа  зах зээл эргэн сэргээгдэх болно гэж Нагай Financial Times сонинд ярьжээ.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна