Дэлхийн олон орны үндэсний уламжлалт бөхийн төрлөөр чуулжээ

2016 оны 2 сарын 15

“Дэлхийн олон орны үндэсний уламжлалт бөхийн төрлүүд” сэдэвт чуулга уулзалт болжээ

ДБНХ-ноос Туркийн бөхийн холбоотой хамтран тус улсын Стамбул хотод олимпийн наадмын хөтөлбөрт ордоггүй дэлхийн олон орны үндэсний уламжлалт бөхийн төрлүүдийн сэдвээр 2 өдрийн чуулга уулзалтыг өнгөрсөн долоо хоногт зохион явуулжээ.

Чуулга уулзалтаар бөхийн үндэсний уламжлалт төрлүүд бий болсон түүх, хөгжил, тэдгээрийн төсөөтэй талууд, бөхийн олон төрлүүдээр тэмцээн зохион явуулж байх эсэх асуудлыг хэлэлцжээ.

ДБНХ-ны Ерөнхийлөгч Н.Лалович тус чуулга уулзалтын ач холбогдлыг үнэлж “Бөхийн олон төрлүүдийг хэлэлцэхээр Стамбулд цугларсандаа бид баяртай байна. Бөхийн хамтын нийгэмлэг өрсөлдөөн гэдгийг сайн мэднэ, бөхийн уламжлалт төрлүүд нь бөхийн спортыг тууштай сонирхогчдыг нэгтгэх талбар болно.” гэжээ.

Чуулга уулзалтанд таван тивийн гуч гаруй орны төлөөлөгчид оролцож уламжлалт бөхийн төрлүүдийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл хийсэн байна. Тэрчлэн ДБНХ-ны Бүстэй барилдаан, Панкратион, Грэпплинг бөхийн төрлүүдийн хороодоос үйл ажиллагааныхаа талаар мэдээлэл хийж Бүстэй барилдааны хорооноос зөвлөмжийн агуулгатай дүрмийн танилцуулгыг хийсэн байна.

ДБНХ-ны Товчооны гишүүн, Бөхийн янз бүрийн төрлүүдийн хорооны дарга, ХБНГУ-ын иргэн Карл-Мартин Диттман чуулга уулзалтыг хааж үг хэлэхдээ “Олон орны бөхийн үндэсний уламжлалт төрлүүдийг дэлхий даяар хөгжүүлэх олон боломж байна. Хоёр юм уу дөрвөн жилд Дэлхийн бөхийн наадмыг зохион байгуулж тэмцээн, баяр, бусад арга хэмжээг зохион явуулж байх саналыг дэвшүүлж байна. Бид бөхийн янз бүрийн төрлүүдийг хөгжүүлэхийн төлөө байна.” гэж онцлон дурджээ.

Чуулга уулзалтын үеэр дараах сэдвээр танилцуулга хийсэн байна:

1. “Бүстэй барилдаан”, Гинутас Виллета, Латви
2. “Грэпплинг барилдаан”, Ризван Боскаев, ОХУ
3. “Панкртаион барилдаан”, З.Исаев, ОХУ
4. “Казахын кураш барилдаан”, С.Марат Оразбаевич, Казахстан
5. “Оросын кореш барилдаан”, Фарид Акмадиев
6. “Бүстэй болон узбекийн кураш барилдаан”, Н.Юсупов, Узбек
7. “Ираны пахлавани барилдаан”, Фарназ Парнал, Иран
8. “Украиний бүстэй барилдаан”, Геннадий Артузов, Украин
9. “Сенегал бөхийн барилдаан”, Алиун Капп, Сенегал
10. “Гоурен барилдаан”, Орли Эпрон, Франц
11. “Монгол үндэсний бөх”, Б.Батбаяр, Монгол
12. “Казахын туузтай барилдаан”, Рафик Велиев, Казахстан
13. “Якут үндэсний хапсагай барилдаан”, Пётр Усманов, ОХУ
14. “Зимбабвагийн уламжлалт барилдаан” Тапива Масинире, Зимбабве
15. “Туркийн уламжлалт барилдаан”, Мехмет Эмин Бей

Unitedworldwrestling.org” сайтаас авав.

Д.ӨЛГИЙСАЙХАН (МЧБХ)

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна