Эдийн засагт солонго татах уу?

2016 оны 2 сарын 15

“Найрсаг Улаанбаатар”-аас зохион байгуулсан өнгөрсөн жилийн даншигт 465 сая төгрөгийг зарцуулж, хоёр тэрбум төгрөг олсон амжилтаа давтахаар энэ наадмыг ирэх зун дахин зохион байгуулахаар болсноо нийслэлийн удирдлагууд дуулгав. Даншгийг үзэхээр ирсэн жуулчдын тоо энгийн үед Улаанбаатарт ирдэг жуулчдын тооноос 3-6 хувиар өссөнийг тэд цохон тэмдэглэв.

Нэг сая жуулчин татахаар шийдсэн нийслэлийн удирдлагууд Улаанбаатараа “найрсаг” болгож, зарим танхай нэгний өмнөөс хотын дарга уучлалт хүртэл гуйсан удаатай.

Олон улсын аялал жуулчлалын экспорт өнгөрсөн 2015 онд 1.5 их наяд ам.долларт хүрчээ. 2015 онд давхацсан тоогоор 120 сая Хятад иргэн гадаадад жуулчилж, хилийн чанад дахь зардал 104 тэрбум 500 сая ам долларт хүрсэн нь 2014 оныхоос тус бүр 12 болон 16.7 хувиар илүү гарч, хилийн чанадад жуулчилсан хүний тоо, зардлаар олон улсад тэргүүлсэн гэсэн судалгаа байна. Олон улсын бизнес жуулчлалын нийгэмлэгийн урьдчилан тооцоолж байгаагаар, 2016 онд Хятад улс Америкийг давж дэлхийн хамгийн том бизнес аяллын зах зээл болно гэжээ. Аялал жуулчлалын энэхүү том зах зээлийн дэргэд оршиж байгаа атлаа Монголын аялал жуучлалын салбар амь орохгүй байгаа шалтгаан юу вэ?

Долоон өнгөөр солонгорсон эдийн засагтай болох нь монголчуудын олон мөрөөдлүүдийн нэг. Тэр тусмаа аялал жуулчлалыг алт болгох сонирхол аймаг, сум бүхэнд бий. Гэвч,эдийн засгаа солонгоруулахын тулд эхлээд мөнгө хэрэгтэй. Харамсалтай нь, Монголын мөнгө олдог ганц салбар нь уналтад орсноор, улсаараа  хямралд өртөөд байгаа билээ.

Дан ганц уул уурхайн хэт хамаарлаас эдийн засгаа гаргахын тулд аялал жуулчлал, хөдөө аж ахуй, хөрөнгийн зах зээл,эрчим хүч, барилгын  салбараа хөгжүүлэхээр Засгийн газар болгон том, том хөтөлбөр боловсруулдаг.  Харин боловсруулсан хөтөлбөрөө хэрэгжүүлье гэхээр мөнгөгүйн том зовлон бидэнд бий.

Аялал жуулчлалыг хөгжүүлэхийн тулд дэд бүтцээ сайжруулах ёстой. Дэд бүтцээ сайжруулахын тулд  хөрөнгө мөнгө олох ёстой. Хөрөнгө мөнгө олохын тулд эрдэс баялгаа эргэлтэд оруулах шаардлагатай. Ингээд л эдийн засгийн гинжин урвалаар эдийн засгийн солонгын эхлэл нь нөгөө л уул уурхай болж байна.

Монголын эдийн засагт хямрал улам бүр гүнзгийрч байна.  Сүүлийн гурван жилийн ханшийн судалгааг харахад долларын ханш  байнгын өсөлттэй байсан бөгөөд өнөөдрийн байдлаар 2025 төгрөгтэй тэнцээд буй.

Монголбанкны зүгээс хуулийн дагуу өөрт ногдсон эрх үүргийнхээ хүрээнд ам.долларын ханшийг тогтворжуулах бүхий л арга чаргаа хэрэглэж буй ч, дотогшлох урсгал нь царцсан нөхцөлд ханшийг хязгаарлах бодлого нь  байгаа онож чадахгүй байгаа нь худлаа биш.  Ялангуяа эрдэс баялгийн экспортийн орлого хумигдсан энэ үед долларын урсгалыг сэргээх ганц арга бол Монголын хувьд олон улсын хөрөнгийн зах зээлд дахин бонд гаргах. 

Дэлхийн зах зээл дэх эрдэс баялгийн үнийн уналт үргэлжлэх төлөвтэй,  манай улсын төсвийн 40 хувийг дангаараа бүрдүүлж байгаа зэсийн ханшийг 2016 оны эцэс гэхэд 4500 ам.доллар болж буурна хэмээн “Goldman Sachs”-аас оны эхэнд мэдээлсэн билээ. Эндээс харахад зэсийн ханш өснө гэж найдахад төвөгтэй, энэ оны төсөвт зэсийн үнийг 5137 ам.доллараар тооцсон улсын төсөв оны сүүлээр дахиад л хэдэн зуун тэрбум төгрөгийн алдагдал хүлээж магадгүй байгаа юм.

Бүртгэл статистикийн газраас гаргасан судалгааг харахад  нийт эдийн засгийн өсөлтөд оруулсан салбаруудын хувийн жинг харахад уул уурхай нэгдүгээрт жагсч байна.   Сүүлийн таван жилийн эдийн засгийн үзүүлэлтэд  уул уурхайн салбарын эзлэх жин 27 хувьтай байгаа бол хөдөө аж ахуйн дөнгөж 13 хувийг эзэлжээ.

Гурван сая хүн амтайгаа харьцуулахад 25 дахин их, 70 сая малтай Монголын хөдөө аж ахуйгаас эдийн засагт эзлэх жин нь дөнгөж 13 хувьтай гарснаас харахад хэдэн малтайгаа байхад өлсөж үхэхгүй ч хөгжиж гавихгүй нь гашуун ч гэсэн үнэн бөлгөө. Уламжлалт мал аж ахуйн эдийн засгийн өсөлтөд нөлөөлөх жин бага, тиймээс эдийн засагт үзүүлэх нөлөөллийг нь нэмэгдүүлэхийн тулд нэг тэрбум долларын мах экспортод гаргах яриа өрнөж байгаа. Гэхдээ энэ бол одоохондоо яриа төдий, ажил хэрэг болчихсон асуудал биш гэдгийг сануулахад гэмгүй биз.

Эдийн засгаа солонгоруулахын тулд эхлээд эдийн засгийн гол салбар болсон уул уурхайн салбараа солонгоруулах ёстой. Зэс, нүүрс, уран, алт, газрын тос, төмрийн хүдэр, ховор металын олборлолт болон экспортыг нэмэгдүүлж, эхлээд мөнгөжих нь чухал. Үүний дараа эрчим хүч, аж үйлдвэр, аялал жуулчлал, барилга, хөдөө аж ахуй, хөрөнгийн  зах зээлийнхээ салбарт хөрөнгө оруулах ёстой. Ингэж байж л эдийн засаг солонгорно. Эцэст нь эдийн засгаа солонгоруулахад эхлээд мөнгө л хэрэгтэй. Мөнгөгүй хүнд мөрөөдөх амархан байх л даа.

 Ж.ЭРХЭС

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна