Тусламжийн мөнгө Сангийн яаманд саатжээ

2016 оны 2 сарын 15

-Зудтай нутагт өвөлжиж, хаваржиж буй малчин өрхөд 5019 жирэмсэн эмэгтэй, тав хүртэлх насны 20847 хүүхэд, хөгжлийн бэрхшээлтэй 6117 иргэн байна-

Хаврын тэргүүн сарын баярын уур амьсгал татармагц хэн бүхний санаа зовдог зүйл бол мал аж ахуйн салбарын байдал. Ард олноороо золгуут шинэлгээ хийж, аймаг бүр сайн малчнаа шалгаруулан хөл алдаж байх зуурт өвөл, хаврын хатууд түүртэж ядрагсад цөөнгүй байгааг бид мартжээ. 

Сар шинийн өмнөхөн Хүнс, хөдөө аж ахуйн яамнаас авсан мэдээллээр /хоёрдугаар сарын 5-ны мэдээгээр/ Монгол орны нийт нутгийн 80 гаруй хувь цастай, 18 аймгийн 98 сум цагаан зудын байдалтай байгаа бол  20 аймгийн 111 сум цагаан зудархуу нөхцөлд байна.  Зудархаг бүс нутгуудад 80 мянган малчин өрх буюу нийт малчин өрхийн 53.4 хувь, 23 сая мал буюу нийт мал сүргийн 42.5 хувь өвөлжжээ. Зудтай нутагт өвөлжиж, хаваржиж буй малчин өрхөд 5019 жирэмсэн эмэгтэй,  тав хүртэлх насны 20847 хүүхэд, хөгжлийн бэрхшээлтэй 6117 иргэн байгаагийн дээр дээрх 80 мянган өрхийн 4173 нь  нэн ядуу зэрэглэлийн өрх байна гэсэн мэдээг салбарын яамнаас өглөө.

Хаваржилт хамгийн ихээр хүндэрч магадгүй байгаа аймгийн жагсаалтыг Завхан, Увс, Дундговь, Сүхбаатар аймгууд тэргүүлж байна. Дээрх аймгуудын  нийт нутгийн 90 хувь нь өнөөдөр зудын байдалтай байна.

Өнөөгийн нөхцөл байдлыг 2009-2010 оны зудын байдалтай харьцуулахад:

Дээрх хүснэгтээс харахад 2009-2010 оны өвөл, хаврын улиралд учирсан хүндрэлээс өнөө жил тохиож буй хүндрэл хамаагүй давуутай байгааг харж болно. Мичин жилийн зуд гэж муу амлахаа байя гэхнээ ядаж л малын хорогдлыг тогтоон барих, малчдын ахуй амьдралд дэм болох тал дээр анхаарахгүй бол хичнээн өрх айл хотоо харлуулахыг таашгүй нь. Одоогийн байдлаар улсын хэмжээнд хорогдоод буй 44 мянган мал бол оны эхэнд тоолуулсан нийт малын 0.07 хувийг эзэлж байгаа юм.  Хамгийн сүүлийн мэдээгээр малын хорогдол Сүхбаатар (11019), Архангай (9173), Увс (5310), Завхан (4690) аймагт хамгийн өндөр байна. Тиймээс бид хүндхэн нөхцөлд өвөлжиж, хариг хатуу хавартай золгоод байгаа Сүхбаатар аймгийнхантай холбогдлоо. Тус аймгийн Хөдөө аж ахуйн газрын дарга Т.Ган-Очиртой цаг үеийн асуудлаар ярилцлаа.

Өвс тээвэрлэх зардлыг даачихвал бодит тусламж болно

Сүхбаатар аймгийн хувьд Түмэнцогтыг эс тооцвол  бүх сум зудад нэрвэгджээ. Түвшинширээ, Баяндэлгэр сумдад цас бага хэдий ч өвс ургамал багатай байгаагаас хүндрэл учирч буйг ХАА-н газрын дарга Т.Ган-Очир онцлов. Түүнээс бид дараах тодруулгыг авсан юм.

-Аймгийн хэмжээнд малын хорогдол хэр байгаа вэ. Малчдад хамгийн түрүүн шаардлагатай тусламж юү байна вэ?

-Одоогийн байдлаар аймгийн хэмжээнд 16-17 мянган мал хорогдоод байна. Манай аймгийн хувьд өнгөрсөн оны аравдугаар сараас цас их хэмжээгээр орсноос шалтгаалан нийт нутгаар өвөлжилт хүндэрсэн. Одоо ч цас ихтэй, салхи шуургатай хүндхэн хаваржиж байна. Малчид болоод сум, аймгийн хэмжээнд өвс тэжээл нэлээд дундарсан. Наран суманд л гэхэд  шинэ жилийн өмнө өвсгүй болсон байх жишээтэй. Аймгийн нөөцөд өвс байгаа ч малчны хотонд хүргэх зардал асуудал үүсгээд байгаа. Иргэдийн гар дээр ч худалдах өвс бий. Харин тээврийн зардлыг шийдээгүйгээс өвсний үнэ нэмэгдэх боллоо. Аймгийн төв дээр 3500-4000 төгрөгийн үнэтэй байгаа өвс хөдөөд очихдоо 6-7 мянган төгрөг хүрч байна. Тиймээс тээврийн зардлыг нь шийдээд өгчихвөл малчдад бодит тусламж болох юм.

-Өмнө нь малчдад элгэвч, нэмнээ, лаа шүдэнзээр туслах нь элбэг, тэр нь ч хүндээ хэрэгтэй тусламж болж байсан. Тэгвэл энэ жилээс малчид бэлэн мөнгөний тусламж ихээр хүсч байгаа гэх юм?

-Тийм ээ. Малчид гар дээрээ мөнгөгүйгээс малын өвс тэжээл авч чадахгүйд хүрч байна. Энэ жил мах хямд байснаас малчид бой хийгээд ч мөнгөтэй болж чадаагүй. Тиймээс бэлэн мөнгөний тусламж хүсэхэд хүрч байгаа.

-Бод, богийн аль нь илүү хорогдож байна вэ. Мал төллөөд эхэлмэгц малын хорогдол нэмэгддэг бэрхшээл бий?

-Бог мал илүү хорогдсон. Төлөг, борлонгоос эхлээд хорогдож байна. Онгон, Баяндэлгэр сумдад адуу хорогдсон. Говьд сураагүй адуу гэнэт говьд өвөлжиж, хаваржаад хорогдож байх шиг байна.

-Малчид оторт хэр гарч байна даа?

-Аймгийн хэмжээнд 100 гаруй өрхийн 100 орчим мянган мал отроор өвөлжиж, хаваржиж байна. Зарим сумын малчид зэргэлдээ аймаг, сумын нутагт оторлож байгаа бол зарим нь аймаг дотроо отор хийсэн нь ч бий. Сүхбаатар сумынхан Дорнод аймгийн Матад сум руу, Баяндэлгэрийнхэн Дорноговь аймгийн Өргөн рүү оторт гарсан. Мөн сумд дотроо Мөнххаан сумынхан Түвшинширээт рүү, Халзангийнхан Асгат, Сүхбаатар руу, Баяндэлгэрийнхэн Сүхбаатар, Халзан, Асгат, онгон руу оторлож хаваржиж байгаа. Мал төллөх дөхөж, хээл хүндэрсэн болохоор буурь сэлгэх ямар ч боломжгүй. Тиймээс одоо суурин байгаа газарт нь тусламж үйлчилгээг хүргэж, малчдадаа туслах л хэрэгтэй байна гэлээ.

Тусламжийн мөнгө Сангийн яаман дээр саатжээ

Өвөлжилт, хаваржилт хүндрэх нь гэнэт тохиолддог зовлон биш. Хатуу харин мичин жилтэй ч холбоогүй. Тиймээс Засгийн газраас өнгөрсөн оны арванхоёрдугаар сараас эхлэн өвөлжилт хүндэрсэн аймаг, орон нутагт туслах ажлыг эхлүүлсэн гэнэ. 2011-2015 онд улсын нөөцөд бэлтгэсэн 10 мянган тонн өвсийг үнэгүй, зургаан мянга  гаруй тонн тэжээлийн үнийг 50 хувь хямдруулан олгож эхэлжээ.  

Малаа гэсээр малчдаа орхигдуулдаг гэмээ давтахгүйн тулд өвөлжилт хүнд байгаа зарим аймгийн хүн эмнэлэг, цагдаа, онцгой байдлын албадад нийт 50 автомашин  өгсний сацуу малчдын хүсээд байгаа бэлэн мөнгөний тусламжийн эх үүсвэрийг ч шийджээ. Улсын онцгой комиссын ажлын хэсгийн дүгнэлтээр  өвөлжилт хүндэрсэн 16 аймгийн ЗДТГ-т орон нутгийн чанартай зам даваа нээлттэй байлгах, хүн амын түргэн тусламжийн үйлчилгээ үзүүлэх зэрэгт зориулж тус бүр 30-140 сая төгрөг буюу нийт 1.8 тэрбум төгрөгийн дэмжлэг үзүүлэхээр Засгийн газраас шийдвэрлэсэн юм. Харамсалтай нь энэ мөнгө өнөө хэр эзэндээ очоогүй. Учир нь санхүүжилт Сангийн яаман дээр саатжээ. Санхүүжилтийн саатлын талаар Сангийн яамнаас тодорхой тайлбар хэлсэнгүй, бодвол эх үүсвэр байхгүй л гэх болов уу. Ямартай ч улсын хэмжээнд зутруухан хаваржих аймаг, сумын тоо нэг хоёроор тогтохгүй олширч байгаа болохоор мөнгөн тусламжаа яаруухан шийдэхгүй бол хаврын хатууд хөдөө хотгүй зутарч мэдэх нь.

Д.ЦЭЭНЭ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна