Сар шинээр харьцангуй тайван байжээ

2016 оны 2 сарын 15

Сэтгүүлч:
Улаанбаатар

Монгол түмэн цагаан сарын баяраа өргөн дэлгэр тэмдэглэн өнгөрүүллээ. Харин аливаа баяр ёслолоор ард иргэдийнхээ ая тухыг хангахаар амралт, баярыг ялгалгүй ажилладаг албаныхан энэ өдрүүдэд хэр ачаалалтай ажилласан талаар бид сурвалжиллаа. Бидний зорьсон эхний газар бол Замын цагдаагийн газар. Халуунд халж, хүйтэнд хөрж ард иргэдийнхээ аюулгүй байдлын төлөө ажилладаг замын цагдаагийн газарт сар шинийн өдрүүдэд нийтдээ 869 дуудлага иржээ. энэ дундаас 686 нь ослын дуудлага байсан. Харин орон нутгийн замд гурван хүн зам тээврийн ослын улмаас амь насаа алджээ. Харин жолооч нарын гаргаж буй нийтлэг зөрчил нь согтуугаар автомашин жолоодох байжээ.

Гэхдээ энэ жилийн цагаан сараар зам тээврийн осол, зөрчил, ялангуяа согтуугаар автомашин жолоодсон зөрчил өнгөрсөн жилийн сар шинэтэй харьцуулахад буурсан дүнтэй байгааг Замын цагдаагийн газраас дуулгалаа.

Дараагийн орсон газар бол Авто тээврийн үндэсний төв. Энэ жилийн сар шинийн эхний өдрүүдэд цаг агаар харьцангуй дулаахан, тогтуун байсан ч шинийн гуравны үдээс хойш цасан шуурга шуурч зарим орон нутгийн замд машин олноор суусан. Авто тээврийн үндэсний төвийнхөн сар шинийн өдрүүдэд өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллажээ. Цасанд боогдсон, харагдах орчин хязгаарлагдсан нөхцөлд орон нутгийн замд дээд тал нь таван цаг автомашинууд саатжээ.

Мөн сар шинийн дараагаас нийслэлийг чиглэсэн хөдөлгөөн эрс нэмэгджээ. Орон нутгаас нийслэлийг чиглэсэн ачаалал өмнөх жилүүдээс 1.5 дахин нэмэгдсэн байна.

Тэгвэл ОБЕГ-т сар шинийн өдрүүдэд хөдөөгийн замд цасанд суусан гэх дуудлага багагүй иржээ. Улмаар 14 автомашиныг цаснаас татан гаргаж, 71 зорчигчийн аюулгүй байдлыг хангажээ. Мөн Дундговь аймгийн Сайнцагаан, Увс аймгийн Малчин суманд хоёр иргэн сураггүй болсон дуудлагын дагаа онцгой байдлын алба хаагчид эрэн хайх ажиллагаа явуулж малчдыг эсэн мэнд олсон байна. Уламжлалт баярын өдрүүдэд томоохон гамшиг, ослын дуудлагагүй тайван байсан хэмээн Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Харин нийслэлийн Онцгой байдлын газарт ч мөн өмнөх жилүүдтэй харьцуулахад дуудлага багатай, томоохон ослын дуудлага гараагүй гэлээ. 

Мөн нийслэлийн ойр орчимд цасанд суусан, саатсан дуудлага багагүй иржээ. Налайх, Сонгинохайрханы Баруун туруун зэрэг газруудад цасанд боогдсон дуудлага ирснээс өөрөөр тайван байсан хэмээн нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Ийнхүү энэ жилийн сар шинийн өдрүүдэд яаралтай тусламжийнхан өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллажээ. Харин өмнөх жилүүдийг бодвол осол, дуудлага харьцангуй бага байсан гэх мэдээллийг холбогдох албаныхан өгч байна.

Б.ЗАЯА

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна