Нефтийн үйлдвэр барихад бэлэн үү?

2016 оны 2 сарын 15

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум ирээдүйд аж үйлдвэрийн томоохон хот болон хөгжих нь. Газар зүйн байршил, дэд бүтэц хөгжсөн давуу тал нь тус суманд газрын тос боловсруулах үйлдвэр болон дамжуулах хоолой, мөн зэс хайлуулах үйлдвэр байгуулахад хамгийн тохиромжтой газраар тодорхойлогджээ. Гэхдээ судлах, шийдэх асуудал олон байгаа нь Аж үйлдвэрийн яамнаас өчигдөр Бор-Өндөр суманд зохион байгуулсан Техникийн зөвлөлдөх уулзалтаар хөндөгдлөө.

Бор-Өндөр сум нь Хэнтий аймгийн хамгийн өмнөд хэсэгт оршин, Дорноговь аймгийн Айраг сумтай хиллэж байна. Нэг үгээр хэлбэл, азар зүйн байршлаараа Монголын түүхий тосны нөөц сав болсон газартай хамгийн ойр хиллэж буй сум юм.

Аж үйлдвэрийн яам өнгөрсөн хугацаанд дотоодын түүхий эддээ түшиглэсэн газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах чиглэлээр Чойр, Зүүнбаян, Сайншанд, Багахангай зэрэг хэд, хэдэн сумдад судалгаа хийхэд хамгийн тохиромжтой газраар Бор-Өндөр сум тодорхойлогдсон нь ийм учиртай аж. Үйлдвэр нь жилдээ 2.3 сая тонн түүхий газрын тос боловсруулах хүчин чадалтай. Үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний 85 хувь нь дизель түлш, 15 хувь нь коксжсон нүүрс шиг бүтээгдэхүүн байна. Товчхондоо Евро-5 стандартын шаардлага хангасан чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэгдэх нь.  Үйлдвэр хамгийн багадаа 30 жил ажиллана. Байгальд ээлтэй хамгийн орчин үеийн дэлхийн дэвшилтэт технологиор тоноглогдсон үйлдвэр байна. Олзуурхууштай нь дээрх үйлдвэр ашиглалтад орсноор нефтийн үнэ буух нь.

Дэлхийн зах зээлд өнөөдөр түүхий газрын тосны үнэ буусаар 1 баррель нь 28 ам.доллартай тэнцэж буй. Түүнийг даган нефтийн бүтээгдэхүүний үнэ буурсан. Харин Монголд энэ төрлийн бүтээгдэхүүний үнэ дэлхийн зах зээлийн нэгэн адил буухгүй байгаа нь хоёр шалтгаантай аж. Нэгдүгээрт, дотооддоо боловсруулах үйлдвэргүй. Хоёрт, долларын ханш өндөр байгаа нь нефть импортлогчдын хувьд бүтээгдэхүүнийхээ үнийг буулгахад эрсдэл учруулж буй юм байна. Хэрвээ Аж үйлдвэрийн яамны төлөвлөсөн ажил цаг хугацаандаа саадгүй үргэлжилбэл газрын тос боловсруулах үйлдвэр нь 3-4 жилийн дотор баригдана. Үйлдвэр ашиглалтад орсноор хэрэглэгчид чанартай хямд бүтээгдэхүүн хэрэглээд зогсохгүй гадагшлах валютын урсгалыг сааруулах юм. Ингэхдээ валютын ханшийг 18-25 хувиар бууруулах боломжтой гэсэн судалгаа ч гарчээ. Монгол Улс жилдээ 1.6 тэрбум ам.долларыг зөвхөн нефтийн бүтээгдэхүүн худалдан авахад “цацдаг” байна. Тодруулж хэлбэл, нефтийн боловсруулах үйлдвэр ашиглалтад орсноор иргэд хямд үнэтэй чанартай бүтээгдэхүүн хэрэглээд зогсохгүй гадагшаа урсаж байгаа валютын их урсгалыг сааруулах ач холбогдолтой.

Харин боловсруулах үйлдвэрийг барих хөрөнгө оруулагчийг энэ оны хоёрдугаар улиралд багтаан сонгоно. Хөрөнгө оруулагч нь Монголын үндэсний компани оролцсон консерциум байх шаардлага тавигдаж байна.

Засгийн газраас нефть боловсруулах үйлдвэртэй зэрэгцүүлэн дамжуулах хоолой барих шийдвэр гаргасан нь түүхий нефтиэ Дорнодоос татахтай холбоотой. Дорнодын Тамсагаас татах дамжуулах хоолой нь 544 км үргэлжилнэ. Үүнийг концессын гэрээгээр байгуулахаар төлөвлөжээ. Дамжуулах хоолой барих нь тээвэрлэх зардлын хувьд бусдаасаа хамгийн хямд тусдаг байна. Техникийн зөвлөлдөх уулзалтын үеэр Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат “Бид хөрөнгө оруулагчдаа дуудах цаг нь болсон. Хамгийн гол нь энэ үйлдвэр цэвэр үндэсний болоод хувийн хөрөнгө оруулалт дээр тулгуурлаж босно. Өөрөөр хэлбэл, төрийн оролцоо байхгүй. Төрийн оролцоо байх ч ёсгүй. Монгол Улсын хувьд газрын тос боловсруулах үйлдвэр бол стратегийн ач холбогдолтой. Үндэсний хөрөнгө оруулагчид хамтраад энэ төслөө босгох ёстой. Нээлттэй тендер зарлана. Энэ төслийг сонирхсон гадаадын хөрөнгө оруулагчид маш олон бий. 2020 он гэхэд энэ төслийг дуусгах нь монголчуудын хувьд амин чухал асуудал” гэдгийг тодотгосон юм.

Газрын судалгааг нарийвчилна

Аж үйлдвэрийн яамнаас хийсэн судалгаанд үндэслэн Газрын харилцаа геодези зураг зүйн газар урьдчилсан судалгааг хийжээ. Одоогоор боловсруулах үйлдвэр барих газар нь Бор-Өндөр сум байхаар төлөвлөгдсөн ч нарийвчилсан газар тогтоогоогүй байна. Хөрс, усны болоод бусад нарийвчилсан судалгаа хийгдэж байж, эцсийн цэг тодорхойлогдох нь.

Урьдчилсан судалгаагаар Бор-Өндөр сумын зүүн урд хэсэг рүү газрын тос боловсруулах үйлдвэр барихад боломжийн аж. Гэхдээ төмөр замтай ойр байх шаардлагатай гэж үзвэл тухайн бүсэд зээр нутагладаг, мөн урд хэсэг рүү усны судал таарч буй. Тиймээс судалгааг нарийвчлах ёстой. Хоёрдахь боломжтой байршил нь төмөр замын урд хэсэг. Үйлдвэрээ өргөтгөх боломжтой, газар олголт мөн байхгүй аж. Дээрх мэдээлэлтэй холбоотойгоор Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат үйлдвэр баригдах ойр орчимд газар олгохгүй байх чиглэлийг Хэнтий аймгийн Засаг дарга, мөн Бор-Өндөр сумын Засаг дарга нарт өгөв. Учир нь үйлдвэр барих болоход иргэн, аж ахуйн нэгж “Миний өмчлөлтэй газар, миний эзэмшил газар” гээд зарга үүсгээд эхэлбэл ажил уях аж.  Үйлдвэр байгуулах сургаар тухайн ойр орчимд нь газар эзэмших, өмчлөх зөвшөөрлийг иргэн, аж ахуйн нэгж авчихдаг. Түүнийгээ дараа нь бие биендээ үнэ хүргэж зардаг. Төр томоохон бүтээн байгуулалтын ажил хийх болоход өндөр нөхөн олговор шаардаад хэвтдэг гээд тоочвол бэрхшээл мундахгүй аж.   Бодитой жишээ нь Төв аймгийн нутаг дахь Хөшигтийн хөндий орчмын газар болж буй юм байна. Тиймээс энэ асуудалд орон нутаг хатуу гараар хандахаас аргагүй болов.

Хэдийгээр нефтийн үйлдвэр байгуулахад газрын байршлын хувьд нэг их асуудал үүсэхгүй дүр зураг ийн урьдчилсан байдлаар гарсан ч ус, эрчим хүчний нөөцийг нэмэгдүүлэхгүйгээр хоёр ч том үйлдвэр ажиллах бэрхтэйг Аж үйлдвэрийн сайд хөндлөө.

Холбогдох албаны хүмүүсийн тайлбараар бол усны нөөц судалгааг хийхээс аргагүй аж. Монгол, Оросын хамтарсан “Монголросцветмэт” ХХК-ийн харьяа “Бор-Өндөр” уулын баяжуулах үйлдвэрийг барьж байгуулах үеэс усны хайгуул судалгаа хийж байсныг эс тооцвол энэ чиглэлийн судалгаа суманд огт хийгдээгүй. Тиймээс нефть боловсруулах үйлдвэр, зэс хайлуулах үйлдвэрийг хангахуйц хэмжээний усны нөөц ойр орчимд нь байна уу гэдгийг судлах үүргийг холбогдох газруудтай ярилцахаар болж энэ даалгавраа Аж үйлдвэрийн сайд өөр дээрээ авлаа.

“Монголросцветмэт” ХХК-ийн захирал До.Ганболдын тайлбарлаж байгаагаар бол Хэрлэнгийн усыг татаж ашиглахтай холбоотой томоохон усны судалгаа тус аймагт хийгдэж байсан, ТЭЗҮ-ч боловсруулагдсан байдаг аж. Тэр нь Хүнс хөдөө аж ахуйн яаманд бий гэнэ.

Эрчим хүчний хувьд хүчин чадлыг нь нэмэгдүүлэх бүрэн боломжтойг холбогдох албаны хүн энэ үеэр тайлбарласан бол төмөр замын өртөөний хүчин чадлыг өргөтгөхгүйгээр хоёр томоохон үйлдвэрийн бүтээгдэхүүнийг тээвэрлэх хүчин чадал хүрэлцэхгүй гэдгийг Бор-Өндөр сумын төмөр замын холбогдох мэргэжилтэн хэлсэн. Тус төмөр замаар жилдээ 800-900 тонн ачаа тээвэрлэгддэг байна. Боловсруулах үйлдвэрүүд ашиглалтад орох болбол гурван төмөр зам нэмж барих, Айраг сумыг холбосон зөрлөгийг нэмэх. Шилэн кабельтай холбогдох, өртөө замын гэрэлтүүлгийг сайжруулах зэрэг ажлуудыг ч хийх шаардлагатай гэнэ. Өөрөөр хэлбэл, боловсруулах үйлдвэрийг дагуулаад угтуулан төмөр замаа өргөтгөхгүй бол тээвэрлэлтийн асуудал хөндөгдөж болзошгүй нь энэхүү уулзалтаар тодров.

Бор-Өндөр сум аж үйлдвэрийн хот болоход бэлэн үү?

“Эрдэнэт” үйлдвэрийг дагаж бүхэл бүтэн хот бий болсон бол “Оюутолгой” төслийг даган Өмнөговь аймгийн сумд хөгжиж буй. Буухиаг нь Бор-Өндөр сум залгуулан хөгжил рүү мацах болж байна.

“Бор-Өндөр” үйлдвэрийг дагаад бусад сумдуудыгаа бодвол хүн ам ихтэй ч хоёр том үйлдвэр ашиглалтад ороход орон нутгаас ажиллах хүчний хангалтыг хийе гэхэд бэлэн биш байна. Одоогоор тус сум 8645 хүн амтай, тэдний 3480 нь ажилтай бол бүртгэлгүй ажилгүйчүүдийн тоо 1250 аж. Ажилгүй хэрнээ бүртгүүлдэггүй иргэд цөөнгүй байгааг сумын Засаг дарга онцолсон. Мөн хүн амын тоо ч нарийн хэлэхэд бэрхтэй. Түр оршин сууж байгаа болон бүртгүүлээгүй иргэдийг оруулбал 12 мянгыг давна.  

Цаашид ажиллах хүчнийг орон нутгаас хангахын тулд Бор-Өндөр суман дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийг ашиглах, ингэхийн тулд ямар мэргэжлээр хэдий хэмжээний мэргэжилтэй ажилтан бэлтгэх боломж байгааг Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхантай ярилцахаар болов.

Зэс хайлуулах үйлдвэр, нефть боловсруулах үйлдвэр баригдахад 1400 ажлын байр шинээр шаардаж байна.

Тус суман дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв нь уул уурхайн мэргэжлээр мэргэжилтэй ажилтан бэлтгэдэг. Жил тутамд хоёр ээлжээр 500 хүн сургах боломжтой. Гэхдээ боловсруулах үйлдвэрт ажиллах мэргэжилтэй ажилтныг бэлтгэхтэй холбоотойгоор багш нарын тоог нэмэх, үйлдвэрлэлийн баазыг өргөтгөх зэрэг тодорхой ажлууд хийгдэх нь зайлшгүй болж байгаа юм.

Дарханы газрын тос боловсруулах үйлдвэр юу болов?

Газрын тос боловсруулах үйлдвэртэй болохыг монголчууд сүүлийн 20 жилийн турш мөрөөдөж байгаа. Монголын хөрснөөс олгойдсон түүхий тосыг ерөнхийлөгч асан П.Очирбат дээлийнхээ энгэрт түрхэн мялааж байснаас эхтэй ч гэж хэлж болно. Гэвч өнөөдрийг хүртэл ажил хэрэг болоогүй бүтэлгүйтсээр ирсний нэг жишээ нь Дархан-Уул аймагт байгуулахаар төлөвлөсөн байсан газрын тос боловсруулах үйлдвэр юм. Японы хөрөнгө оруулалтаар уг үйлдвэрийг барих шийдвэрийг 2008-2012 оны хооронд тухайн үеийн УИХ, Засгийн газраас гаргасан байдаг. Төсөл бүтэлгүйтсэн нь тус боловсруулах үйлдвэр нь түүхий нефтиэ ОХУ-аас импортлон бүтээгдэхүүн үйлдвэрлэхээр төлөвлөсөн байсантай холбоотой аж.  

Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс дээрх асуудлыг нягталсны үндсэн дээр дотоодын нөөцдөө тулгуурласан нефтийн боловсруулах үйлдвэр барих чиглэлийг Засгийн газарт өгснөөр Аж үйлдвэрийн яам ийнхүү ажилдаа ороод байна.

Г.ДАРЬ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна