ХОМ-ээ дөрвөн хүн өгөөгүй байна

2016 оны 2 сарын 15

Төрийн албан хаагч болон төрийн өндөр дээд албан тушаалтнуудын хөрөнгө орлогын мэдүүлгийг Авлига, ашиг сонирхлын зөрчлийн эсрэг хууль тогтоомжид зааснаар Авлигатай тэмцэх газар өнөөдөр 17.30 цагт авч дуусна.

Хөрөнгө орлогын бүрдүүлэлтийн мэдээлэл өдрийн 12.00 цагийн байдлаар 98.5 хувь буюу нийт 38900 албан хаагч өгчээ. Харин Улсын их хурлын гишүүд буюу албан үүргээ гүйцэтгэж буй өндөр дээд албан тушаалтан нийлээд  269 хүн хөрөнгө орлогын мэдүүлгээ өгөх ёстойгоос дөрөв дутуу байна. Хуулийн хугацаа дуусахаас өмнө нэр бүхий дөрвөн албан тушаалтан өөрийн хөрөнгө орлогын мэдүүлгээ өгнө гэдгээ Авлигатай тэмцэх газартай утсаар холбогдож мэдэгджээ. Гуравдугаар сарын 1-нд орон нутгийн албан хаагчдын хөрөнгө орлогын мэдээллийг нэгтгээд, иргэдэд танилцуулах юм. Энэ хугацаанд буюу 14 хоногийн дотор орлогын мэдүүлгээ өгч амжаагүй албан тушаалтнууд мэдүүлгээ өгвөл хугацаа хожимдсон гэдгийг нь заавал тодотгож, олон нийтэд зарлах юм байна. Улсын их хурлын гишүүд буюу өндөр дээд албан тушаалтнуудын хөрөнгө орлогын мэдүүлгийн дүнг нэгдүгээр улиралдаа багтааж иргэдэд мэдээлнэ.

Өнгөрсөн жил нийт 38 мянга 400 төрийн албан хаагч хөрөнгө орлогын мэдүүлгээ тайлагнаж, ирц 99.9 хувьтай байжээ. Гэхдээ Монголын үндэсний олон нийтийн телевиз, радиогийн Үндэсний зөвлөлийн гишүүн хөрөнгө орлогын мэдүүлгээ өгөхөөс татгалзаж, нэг нь хугацаа хэтрүүлсэн талаар АТГ-аас мэдээллээ. Хэрэв Авлига, ашиг сонирхлын зөрчлийн эсрэг хууль тогтоомжид зөрчиж, хөрөнгө орлогын мэдүүлгээ өгөөгүй албан хаагч, албан тушаалтан байвал цалингийн хэмжээг бууруулах, сануулга өгөх,  үүрэгт ажлаас нь чөлөөлөх хүртэлх хариуцлага тооцно. Энэ жилийн тухайд хөрөнгө орлогын мэдүүлэг авах хугацаа сар шинийн амралтын өдрүүдтэй давхацсан тул Авлигатай тэмцэх газрын нэр бүхий ажилтан, албан хаагчид сар шинийн өдрүүдэд ажиллаж албан тушаалтнуудын хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг бүртгэх, хүлээж авах ажлыг гүйцэтгэжээ.

Д.УЛАМБАЯР

Зураглаач Н.БАТМӨНХ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна