Хуучирсан мэдээ: 2016.02.15-нд нийтлэгдсэн

 

Завхан аймгийн Их-Уул сумын иргэн 4 хүүхдийн ээж Бадамханд танд болон таны хань, мөн хөөрхөн хүүхдүүдэд  нь сайн сайхан бүхнийг хүсэн мэндчилье. Өнөр өтгөн залуу гэр бүлийн эзэгтэй, нялх биетэй ээж гэж хойш суулгүй хань нөхөртэйгөө хөдөлмөрлөж гэр бүлээ авч явахын зэрэгцээ Монгол эх орныхоо  ирээдүйн хөгжил дэвшлийн төлөө оюун бодлоо чилээн сууж бидэнд хандаж захидал илгээсэнд юун түрүүнд талархал илэрхийлье.

 

“Манай хөдөөгийн буйдхан энэ суманд амьдрал тийм ч таатай бус. Малчдын минь малын үнэ унасан, оюутан сурагчиддаа сургууль соёлд нь явуулахын тулд байгаа бүхнээ хямд зарж байна. Зарим нь төлгөн хониороо сав гурил дуртай нь аргагүй солиж идэж байна. Сэтгэл эмзэглэхгүй байхын аргагүй, зээлгүй хүн гэж үгүй ажилгүйдэл өндөртэй, зээлээс зээлийн хооронд сэтгэл зовинон амьдарч байна. Түлээ түлш, идэш хоол гээд л таарсан хүн бүр шаналж байна. Гурил будаа, өргөн хэрэглээний юм жаахан ч болов буурч монгол мөнгөний үнэ ханш өсөөсэй, хөгшид залуугүй, тэтгэврийн, малчины, банкны зээлийн дарамтнаас чөлөөлөгдөөсэй, залуу өрх бүрээс нэг нь ч болов ажилтай орлоготой байгаасай хэмээн бодол болох юм. Залуу өрхүүдийн хувьд ойр зуурын хэрэглээг нь болгодог гол мөнгө нь хүүхдийн мөнгө л байна даа. Монгол улс минь цаашид яах вэ” гэх хүндхэн асуултын өмнө монгол улсын иргэн бүрийн сэтгэл зовниж байна” хэмээн та захидалдаа бичжээ.

 

Тиймээ энэ асуудлыг уулзсан хүн бүр бидэнд тавьж байна. Айл бүрийн амьдрал маргааш яах бол гэсэн түгшүүртэй болжээ. Хоёр гуравхан жилийн өмнө бид сэтгэл амгалан, нуруу тэнэгэр, ажилтай, орлоготой, айх зовох зүйлгүй амьдралаа залгуулж байсан. Гэтэл энэ богинохон хугацаанд монгол төгрөгийн худалдан авах чадвар 40 гаран хувиар унажээ. Жишээ нь 320 төгрөг байсан Атар талх өнөөдөр 1200 төгрөг болсон. Гэр бүлийн орлого хумигдаж байхад зардал 3-4 дахин өссөнийг зөвхөн талхны үнээр төсөөлж болно. Ялангуяа малчид маань хавар ноос ноолуурын үед, өвөл идэш бэлтгэх цагаар малын түүхий эдийн орлогоороо эргэх дөрвөн улирлынхаа хэрэгцээг ханган, орлогоо тооцоолон “малчин” зээлээ эргэлдүүлэн амьдардаг байсан бол өнөөдөр мал, мах үнэгүйдэж, арьс, ширний үнэ “иштэй чихэр”-ний үнэнд хүрэхгүй шахам болсноор мал хөрөнгөө банкны барьцаанд алдаж байгааг өдөр бүр сонсож, сэтгэл маш ихээр эмзэглэж байна.

 

Уруудахад доройтно гэгчээр эдийн засгийн хямралын хажуугаар өнгөрсөн зуны ган гачиг, энэ өвлийн цагаан зуд Монгол улсын маань зуу зуун жилийн түүхт нүүдлийн соёл иргэншлийн өвийг тээгч малчин түмэнд маань нэрмээс болж амьдрал ахуйг тань  туйлдуулж байгааг миний бие хөдөө орон нутгийн та бүхэнтэй байнга хамтран ажилладаг гишүүний хувьд зүрх сэтгэлээрээ мэдэрч байна.

 

Малчин түмнийхээ амьдралд бага ч гэсэн тус дэм өгөхөөр Малчнаар ажилласан нэг жилийг нь 1,6 жилээр тооцуулах, малчин иргэдийн тэтгэврийн насыг нь 5 жилээр наашлуулах, 1990 оноос өнөөг хүртэлх 25 жилийнхээ нийгмийн даатгалын шимтгэлээ нөхөн төлөх боломж олгохоор холбогдох хуулийн төслүүдийг УИХ-д өргөн бариад гурван жилийн нүүр үзлээ. Уг нь та бүхнийхээ хөдөө хөрч, гадаа гандаж, эргэх дөврөн улиралд цаг наргүй, цас зудгүй зүтгэж байдаг хөдөлмөрийг шударгаар үнэлүүлэхийг хүссэн юм. Энэ парламент маань МАН-ын бүлгийн гишүүдийн өргөн барьсан хуулиудыг хэлэлцэх асуудлын дараалалд оруулахаа мартдаг болоод удаж байна.

 

Гэсэн ч УИХ-ын дахь МАН-ын бүлгийн гишүүд бид та бүхнийхээ төлөө ажилласаар байгаа гэдгээ хэлэхийг хүсч байна.

 

УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд бид Засгийн газрыг цуцалтгүй шахаж шаардсаны үр дүнд хөдөө орон нутагт  бензин шатахууны үнийг 150-250 төгрөгөөр буулгаж чадлаа. Дэлхийн зах зээл дээр нефтийн үнэ буурсаар байгаа тул цаашид ч шатахууны үнэ буурах боломжтой гэж үзэж байна.  

 

Мөн С.Бямбацогт, Д.Оюунхорол, А.Бакей, С.Батцогт, Ц.Дашдорж нарын баруун аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүд бид алслагдсан бүсийн ард иргэд, аж ахуйн нэгжүүдийг дэмжсэн хуулийн төсөл боловсруулж УИХ-д өргөн бариад байна.  Манай улс өргөн уудам нутаг дэвсгэртэй ч нийслэл хотдоо хэт төвлөрөл үүсч хүн амын бараг тал хувь нь амьдарч байна. Хөдөөд ажлын байр хомс, амьжиргааны өртөг зардал өндөр байдгаас хотыг чиглэсэн их нүүдэл хөвөрч, үүний улмаас гэр хороолол өргөжиж, агаарын бохирдол, замын түгжрэл, сургууль цэцэрлэгийн хүрэлцээгүй байдал бий болсон. Харин хөдөөд ажиллаж амьдрах орчныг нь дэмжээд өгвөл нутаг орондоо ажиллаж амьдрах хүсэлтэй байгаагаа иргэд уламжилдаг. Энэхүү хүсэлтийг бүсийн хөнгөлөлт, дэмжлэг үзүүлэх замаар төрөөс шийдэх боломжтой хэмээн бид үзэж “Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай” болон “Хүн амын орлогын албан татварын тухай” хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөл боловсрууллаа.

Эдгээр хуулийн төслүүд батлагдсанаар ажлын байр бий болгож, үйлдвэрлэл бизнес эрхэлж буй аж ахуйн нэгжүүдийн орлогын албан татвар, нийгмийн даатгалын шимтгэл, хувь хүний орлогын албан татварыг 600 км-ээс цааш алслагдсан орон нутагт 3 жилийн хугацаанд 50 хувь, 1000 км-ээс цааш алслагдсан орон нутагт 90 хувь хөнгөлөх замаар эдийн засгийн хүндрэлтэй өнөөгийн нөхцөлд бизнес эрхлэгчид, иргэдээ дэмжих боломжтой болох юм.

Та мөн захидалдаа Сумандаа нэг боловч бүтээн байгуулалт нэмэх санаатай 10 өрх айл ч болов орлоготой ажилтай байвал гэж Сум хөгжлөөсөө 8,0 сая төгрөгний зээл авч 8х8 хэмжээтэй ажлын байр барьж байгаа. Гэр бүлийн минь хүн барилгынхаа ажлыг хийж байна. Миний бие хөл хүнд хэдий ч гэртээ зүгээр сууж бас л болохгүй захиалга орж ирвэл дээл хийж завсар хооронд нь чадахаараа монгол цагаан ултай гутал хийж сууна. Нэг сарынхаа зээлийн төлбөрт нэмэр гэж бодох боловч хүмүүс хийлгэсэн хувцасныхаа хөлсийг өгөх нь ховор юм аа. Халамж буухаар, хүүхдийн мөнгө буухаар, эсвэл одоо яанаа ах нь, эгч нь мөнгөтэй үедээ авчирч өгье гээд л юмаа аваад явна.” гэж бичсэн байна. Танд болон хөдөө орон нутгийн ард иргэдэд тохиолдож байгаа энэ бэрхшээл зовлонг нимгэлэх, арилгахын төлөө МАН-ын гишүүд бид тэмцэж байна. Энэ хуулийн төсөл батлагдвал удахгүй танай гэр бүлийн бизнес цэцэглэн хөгжиж сумандаа олон ажлын байр бий болгож, илүү их үр өгөөжийг сум, орон нутагт авчрах болно. Тань шиг, танай гэр бүл шиг ажилсаг, хөдөлмөрч, уужуу ухаантай, элгэмсэг зөөлөн сэтгэлтэй малчин түмнээрээ бахархан бардамнаж явдаг юм шүү.

 

Та захидлынхаа төгсгөлд “Оюунлаг ахан дүүс та бүхэн минь монголынхоо гэсэн юм бүхний үнэ ханшийг өсгөж, өрх бүрийг орлоготой байлгахын төлөө сэтгэл оюунаа уралдуудна буй за. Монгол улс маань хамтдаа байхдаа хүчтэй. Монгол ардын нам маань иргэдтэйгээ байхдаа хүчтэй. Бид та бүхэнтэйгээ хамтдаа.” гэсэн байна. Тиймээ 90 жилийн түүхт Монгол ардын нам  Монголын ард түмнийхээ өгсөх уруудах зам бүрт хамт байсан. Бид цаашдаа ч хамт байх болно.

 

Бадамхандынхаа захидлын хариугаар дамжуулан Завханчууддаа, нийт Монголынхоо ард түмэнд сар шинийн мэндийг өргөн дэвшүүлж, элгээрээ энх амгалан, төрлөөрөө түвшин амгалан байхын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.

 

Таныг хүндэтгэн ёсолсон

УИХ-ын гишүүн,

МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүн Д.Оюунхорол

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж