Б.Болормаа: Хүний эрүүл мэндийг насаар нь хэмждэггүй юм

2016 оны 2 сарын 15

Баянгол Эрүүл мэндийн төвийн ахмадын эмч Б.Болормаатай уулзлаа.

-Дотрын, мэс заслын, хүүхдийн эмч байдаг. Ахмадын эмч гэхээр сонин санагдлаа?

-Насжилтыг судалдаг шинжлэх ухааны салбарыг герантологи гэдэг. Тэднийг эмчилдэг эмчийг гериатрия гэнэ. Шинжлэх ухааны харьцангуй залуу салбар. Бусад оронд нэлээд дээрээс улбаатай. Манайд сүүлчийн хориод жилд эрчимтэй хөгжиж байна.

-Ахмад, настан, хөгшин, өндөр настан гэдэг. Тусдаа ойлголт уу?

-Ерөнхийдөө адил ч, бага зэрэг ялгаа бий. Манайд эмэгтэй 55, эрэгтэй 60-аас дээш настай хүмүүсийг ахмад буюу настан гэдэг. Тэтгэвэрт гарахтай холбоотой тэгдэг байх. ДЭМБ-ын ангиллаар ахмад гэж 75-90, өндөр настан гэдэг нь 90-ээс дээш настай улс юм. Наслалт нь эрүүл мэндийн хэвийн, хөгшрөлт нь эмгэг үзэгдэл. Өөрөөр хэлбэл, 100 нас зооглосон генерал Цэдэн-Иш, 80 хол гарсан Ардын жүжигчин Хайдав, Цогзолмаа гуайг өвчтэй гэхгүй ш дээ. Харин ч цоо эрүүл хүмүүс юм. Нийгмийн идэвх нь одоо ч хэвээрээ байгаа биз дээ. Хүний эрүүл мэндийг насаар нь хэмждэггүй юм.

-Тэтгэвэрт гарахыг манайхан малаар бол заазтай адил шахуу ойлгодог бололтой?

-Тийм тал ажиглагддаг. “За чи улсад хэрэггүй болоо” гэсэнтэй адил хүлээж авдаг юм шиг байгаа юм. Уг нь, та улс, нийгэмдээ үр бүтээлтэй хөдөлмөрлөж, үүргээ гүйцэтгэлээ. Одоо дур зоргоороо, чөлөөтэй, амар тайван амьдар даа гэсэн нэг ёсны шагнал юм байгаа ш дээ. Улсын ажилд дарагдаад хийж бүтээж амжаагүй, хүсэж мөрөөдөж явсан зүйлээ гүйцээ дээ гэсэн үг ч гэж ойлгож болно. Тэтгэврийн хүмүүст боломж харин ч их байдаг. Жимс ногоо тарих, амьтан тэжээх, хувийн цэцэрлэгтээ ажиллах, аялал зугаалга, амралт сувилалд явах, тоглож наадах гээд юу эс мундахав. Эрүүл мэндэд нь ч тустай. Ажил хэрэгч хүмүүс урт насалдаг нь тогтоогдсон зүйл. “Урт насалсан залхуу урьд хожид байгаагүй” гэсэн үг ч байдаг.

-Өөрөө амхадын эмч хүн. Манай ахмадуудад ямар эмгэг түлхүү тохиолддог юм бэ?

-Ерөнхийдөө дэлхийн жишигтэй ижил. Байгаль, цаг уурын онцлогтой холбоотой бага сага юм бий. Хавдар, зүрх судасны өвчин, тэр дундаа цусны даралт ихсэх, үе мөчний эмгэг, чихрийн шижин зонхилдог.

-Үе мөчний өвчин сүүлийн үед ихсэх болжээ?

-Ихсэхээр барах уу, бүр залуужиж байна. Ялангуяа ясны сийрэгжилт ихэслээ. Амьдралын хэв маяг, суурин суугаа амьдрал, хүнсний аюулгүй байдал алдагдсан, хөдөлгөөний хомсдол, таргалалт гээд олон шалтгаантай.

-Тэгэхээр ахмадууд юу анхаарах ёстой вэ?

-Юуны өмнө хөдөлгөөн чухал. Гүй, дугуй уна, спортоор хичээллэ гэсэн үг биш. Тэгвэл сайн л байна. Ядахдаа цэвэр агаарт зөөлөн алхаж болно шүү дээ. Спорт гэхээсээ илүү нийтийн биеийн тамир, гимнастик, хийн дасгал илүү. Архи, тамхины хэрэглээ хэрээс хэтэрлээ. Хоол хүнсээ тохируулах нь хамгийн чухал даа.  Нойр сайтай байх хэрэгтэй. Сайн гэсэн болгоныг биш өөртөө тохирохыг сонгосон нь дээр. Зарим нэмэлт бүтээгдэхүүн хэрэглэхэд буруудахгүй. Эмчийн зөвлөгөө авахаа мартав.

-Артишок гэдэг юмыг их сурталчлах болжээ?

-Ач тус нь яваандаа харагдах байх. Солонгосууд хүн орхойдоогоо дээдэлдэг. Адууны яснаас манайхан өөрсдөө гаргаж авсан кальцийн бэлдмэл сайн. Ер нь л баталгаатай юм хэрэглэвэл зүгээр дээ.

-Та жилд ойролцоогоор хэдэн хүнд үйлчилдэг вэ?

-Тодорхой тоо хэлье. Өнгөрсөн жилд 3304 ахмадад үйлчилжээ. Амбулаториор ч үзнэ, гэрээр нь ч үйлчилдэг юм. Эмнэлгийн тусламж үйлчилгээг ахмадууддаа аль болох ойртуулахаар хичээн зүтгэж явна даа.

-Танай байгууллагын удирдлагууд таныг цөөнгүй газар тун амжилттай ажилласан гэх юм. Тэр амжилтаасаа хуваалцаач?

-Эх, хүүхдийн эндэгдэл харьцангуй өндөр байсан СБД, БГД-ийн хоёр ч хороог хүлээн авч, эндэгдэлгүй болгоод хүлээлгэж өгсөн. Нэг нь хүүхдийн таван эндэгдэлтэй, таван ч эмч солигдсон газар байв. Хүүхдүүдийг вакцинжуулалтад 100 хувь хамруулсан. Ахмадуудыг урьдчилан сэргийлэх үзлэгт 90-ээс дээш хуьтай хамруулан хавдартай 56 хүнийг эрт илрүүлэн хяналтад оруулж байлаа. Эднийг хэлсэн юм болов уу даа. Эмч хүний үндсэн үүрэг шүү дээ.

Жич: Тэрбээр ЭМ-ийн болон бусад салбараас олгодог бараг бүх шагналыг гарджээ. Төр түүнийг соёрхоосой. Энэ бол миний бодол юм шүү.

Г.МӨНХНАСАН

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна