Засгийн газрыг шүүхэд өгнө гэв

2016 оны 2 сарын 15

Дэлхийн Монгол ногоон нэгдлээс өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийж, Засгийн газрыг шүүхэд өгөхөө мэдэгдлээ.

Тус төрийн бус байгууллага нь Бурхан халдун уулаас эх аван урсдаг Онон голын сав газар болох Гутайн даваанд Австралийн хөрөнгө оруулалттай нэр бүхий компанид хууль зөрчин алт олборлох ашиглалтын тусгай зөвшөөрөл олгосон хэмээн Засгийн газрыг буруутгаж байна. Уг лицензтэй талбай нь Хэнтий аймгийн нутагт хамаарах аж.

Үүнээс гадна 19724.28 км2 талбайд газрын тосны хайгуул хийх зөвшөөрлийг Хонгконгийн хөрөнгө оруулалттай “Монголиа гладвилл Увс петролиум” компанид хууль зөрчиж олгосон тул шүүхэд хандахаас аргагүй болсон гэлээ.

Онцлоход, Дэлхийн Монгол ногоон нэгдэл төрийн бус байгууллагынхан өнгөрсөн нэгдүгээр сард Гутайн даваанд олгосон ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй холбоотойгоор Уул уурхайн сайд Р.Жигжидийг огцрохыг шаардаж байсан юм.

Г.ДАРЬ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна