Хуучирсан мэдээ: 2016.02.15-нд нийтлэгдсэн

Өглөө 09.00 цагт Үндсэн хуулийн цэцийн гадна эксельтэй иргэд жагсаал хийжээ. Тэд Үндсэн хуулийн цэцийн үйл ажиллагааг хэт улстөржсөн хэмээн үзэж, огцрохыг шаардан ийнхүү жагссан юм.

Жагсаалд оролцогч Л.Энхсайханы зүгээс ямар нэг нам эвсэл, төрийн бус байгууллагын хүмүүс биш, ард иргэдийн төлөөлөл ийнхүү тэмцэж байна гэлээ. Тэдний зүгээс Үндсэн хуулийн цэцийн улс төржсөн байдлыг, найман хувийн хүүтэй орон сууцны зээлийг зогсоосон шийдвэрийг иш татан шүүмжилжээ. Иргэдийн амьдралд хэрэгтэй зээлийг зогсоосноос эхлээд улстөржсөн үйлдэл хийж буйд нь ийнхүү дургүйцлээ илэрхийлсэн гэлээ.

Иргэн Г.Эрдэнэбаатар “Ж.Амарсанаа гэдэг хүнийг огцруулах тухай ярьж байна. Гэтэл Үндсэн хуулийн цэцийнхэн өнөөдөр хуралдаж байна. Дахиад л энэ хүнийг хаацайлсан шийдвэр гарах вий гэж сэрэмжилсний үндсэн дээр бид жагсаж байна” гэлээ.

Харин эксельтэй жагсах болсон шалтгаанаа жагсаалд оролцогчид Үндсэн хуулийн цэцийн дарга Ж.Амарсанаагийн хэлсэн үгтэй холбон тайлбарлалаа. “Сар шинийн өмнө Үндсэн хуулийн цэцийн дарга Ж.Амарсанаа “Би Монгол Улсын дөрөвдүгээр хүн. Дөрөвдүгээр хүн эксель унах юм уу. Туулах чадвар сайтай машин унах ёстой хэмээн мэдэгдсэн нь иргэдийн дургүйцлийг хүргэсэн” хэмээн жагсаалд оролцогчид хэлж байлаа.

Б.ЗАЯА

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж