Удаан хүлээсэн агшин

2016 оны 2 сарын 15

“Амар байна уу... Хайрын баярын мэнд”... гэх мэндчилгээ өчигдөр буюу хоёрдугаар сарын 14-ний онцлог байлаа. Энэ өдөр “A sound” хамтлагийн “Forever 247” тоглолтыг үзэхээр “Crocus event hall”-ыг зорив. Машины зогсоолд ирсэн зочид унаагаа байрлуулах гэж чамгүй сайн маниавар хийх аж. Ер нь хаа газар тохиолддог зогсоолын асуудал “А Саунд”-ыг тойрсонгүй. Тиймээс “Номин худалдааны төв”-ийн баруун талд орших төлбөртэй зогсоолд машинаа байрлуулахаар урагшиллаа. Энэ зогсоолын төлбөр хугацаа хязгаарлахгүй 2000 төгрөгийн төлбөртэй ажээ. Тэгсэн хэдий ч зогсоол мөн л машинаар дүүрэн.

“Crocus event hall”-руу 19.30 цагт ортол аль хэдийн хөгжим эгшиглээд эхэлжээ. Үүдэнд ирсэн хүмүүс хувцсаа өлгүүлж, хар хослол өмссөн залуусаас бугуйндаа наадаг цэнхэр, улбар шар өнгийн хоёр төрлийн такс авч байв. Гангараагаа өмссөн охид, залуус ч тоглолт эхэлчих вий гэж яаран гүйлдэнэ. Валентины өдөр болсон тоглолтын тасалбар 30 мянган төгрөг. Цэнхэр өнгөтэй цаасан бугуйвч нь зөвхөн нэг давхарт л үйлчлүүлэх эрхтэй. Улбар шар өнгөтэй цаасан бугуйвч нь “VIP” үйлчлүүлэгчид зориулсан буюу хоёр давхарт орох эрхтэй ажээ. Тасалбараа гартаа нааж аваад тоглолтын танхим руу орлоо. “A sound” хамтлагийнхан тайзан дээр гарчихсан дуулж байна.  “Forever 247” тоглолт хоёр хэсгээс бүтсэн. Нэгдүгээр хэсэгт хуваарийн дагуу “A sound” хамтлаг, “Камертон” хамтлагийн дуучин Л.Ган-Эрдэнэ, Баярцэцэг, “3 охин” хамтлаг, дуучин Б.Маралжингоо, А.Хишигдалай, Алтернатив Отгоо, Т.Эгшиглэн, “Бид 4” хамтлаг “Лемонс” хамтлагийн дуучин Одноо болон “Шөнийн галт тэрэг” хамтлагийн дуучин Цэцээ нартай хамтран Монгол, гадаад уран бүтээлийг үзэгчдэд хүргэх ёстой байлаа. Гэвч зарим уран бүтээлчид оролцсонгүй. Мөн хуваарьт бичигдээгүй уран бүтээлчид ч ирсэн зочдод өөрсдийн зүгээс баяр хүргэн мэндчилсээр...

Дуучид үзэгчид төдийгүй хамтлагийнханд чин сэтгэлээсээ мэндчилгээ дэвшүүлж байгаа нь харахад андашгүй. Мэдээж тоног төхөөрөмж, тоглолтын дуугаралтын асуудал бидэнд байдаг шүү дээ. Түүнийг бараг алдаанд тооцохоо больсон гэвэл хилсдэхгүй. Хэдийгээр бидэнд хангалттай сайн тоног төхөөрөмж байхгүй ч “A sound” хамтлагийнхан өөрсдийн чадах хэмжээндээ сайн бэлджээ. Урилгаар дуулсан уран бүтээлчид дундаас дуучин Хишигдалай ёстой л онцгойров. Тэрээр тайзан дээр гарч ирээд “A sound”-ын найзууддаа мэнд хүргэхийн зэрэгцээ үзэгчдэд хандан “ За тэгээд ганц бие хүмүүс нь битгий чацга царайлаад байгаарай” гэх үгээр дуугаа эхлүүлэх нь тэр. Хоолойны өнгө чадварын хувьд сонсогчдоос өндөр үнэлгээ хүртсэн залуу эмэгтэй дуучин маань энэ удаад тайзнаа жаахан ширүүхэн аашилсан. Түүнийг эхний дуугаа хүргэсний дараа үзэгчид ч алга ташилтаа харамгүй хайрласан. Гэвч хоёр дахь ковер дуугаа эрэмдэглэсэн гэвэл буруудахгүй биз ээ. Залуу эмэгтэй дуучин маань хоёр дахь дуугаараа алдарт дуучин Аdele-ийн “Hello”  бүтээлийг сонсогчдод “коверлож” хүргэсэн. Үгтэй цаас урдаа тавьж, засаж янзлахаас эхлээд мартах хүртэл түүний дуу үргэлжиллээ. Дуун дундуур “Үгэн дээр алдаа гараад байна. За одоо...” зэрэг үгсийг хэлж дуугаа дуулсан. Ер нь бол дахилтыг нь л бүтэн үгтэй дууллаа. “A sound”-ынхнын царай барайх нь ойлгомжтой. Тоглолтын хоёрдугаар хэсэг “A sound”-ын өөрсдийнх нь бүтээлээр үргэлжилсэн. Үзэгчид сэтгэл тун хангалуун байлаа. Тэдний уянгын дуунууд хосуудыг уярааж, хамтлаг, дуучдын дуунд хамтдаа бүжиглэж байгаа нь энэ өдрийн торгон агшин байсан юм.

Тоглолтын бэлтгэл, хамгаалагчдын тоог харвал тоглолтдоо чамгүй бэлдсэн нь илт. Үзэгчдийн хувьд өсвөр насны хосоороо явж байгаа залуус олон. Арга ч үгүй хайрын баярын өдөр хамгийн романтик дуугаараа баялаг хамтлагийн тоглолтыг сонгох нь залууст  чухал биз ээ.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна