СБ-89 клубынхан ахмадуудад хүндэтгэл үзүүллээ

2016 оны 2 сарын 15

Сэтгүүлч:
Сүхбаатар

Сүхбаатар аймаг цас их орж,  зарим сумын зам хаагдаж  хүндрэлтэй байгаа ч  ард олных нь сэтгэл тал шигээ уужуу тайван өвөлжиж, хавартай золголоо. Цаг хүндхэн үед, мөн сар шинийн баярыг угтаж  тус аймагт сургууль төгсөгчдийн “СБ-89” клуб /ТББ/-ын хамт олон   нутгийнхаа буурлуудын сэтгэл санааг хуваалцаж,  ахмад  настнуудад  хүндэтгэл үзүүллээ. 

Дөрөв дэх жилдээ уламжлал болгон тэмдэглэж буй энэ арга хэмжээг “СБ-89” клубын тэргүүн Б.Цогтсэргэлэн, Удирдах зөвлөлийн гишүүд, Улаанбаатар хот дахь зөвлөл, Сүхбаатар аймаг дахь салбар зөвлөл хамтран зохион байгуулав. Энэ удаа аймгийн 10 жилийн сургуулийг 1989 онд төгссөн долоон бүлгийн төгсөгчдийн хамгийн өндөр настай 21 аав, ээжид хүндэтгэл үзүүлсэн юм.  Зам бартаатай  хэдий ч хотоос очсон төгсөгчдийн төлөөлөл хамгийн эхлээд “СБ-89” клубын гишүүн Л.Баасанжавын ээж, Цагаан тэмээтийн говь, Шанагын Баянцагаанд өвөлжиж буй Р.Сүрэнжав гуайнд зорьж очсон юм. Аймгийн эмнэлэгт  30 гаруй жил тогооч,  үйлчлэгээр ажиллаж улсдаа хөдөлмөрлөхийн зэрэгцээ  есөн хүүхэд төрүүлж, өсгөсөн Р.Сүрэнжав  гуай  нас сүүдэр 80 гарсан ч хүүхдүүдийн хамтаар тэмээнээс бусад буюу дөрвөн хошуу мал маллан  амьдарч байна. Тэрээр “Танай хүүхдийн 10 жилийн  ангийнхан байна”  гээд хорь гаруй жилийн дараа ч гэсэн хаа  холоос цас зуд дундуур зүтгэж ирсэнд нас нэмэх мэт боллоо” хэмээн өгүүлэхийн зэрэгцээ  “Хүүхдүүд минь бие биеэ мэдэж, эв найртай яваарай”  хэмээн захилаа. Харин аймаг дахь салбар зөвлөлийнхөн Асгат сумыг зорьж, журмын нөхөр Ж.Мөнхчимэгийн ээжид хүндэтгэл үзүүлсэн бол  Баруун-Урт хотын төвд амьдарч буй 18 ахмад настныг ёслолын нэгдсэн арга хэмжээнд урьж, хүлээж авсан юм. “СБ-89” клубын тэргүүн Б.Цогтсэргэлэн  ёслолын ажиллагааг нээж хэлсэн үгэндээ “89 оныхон  Сүхбаатар аймагт төгсөгчдийг манлайлж, анх удаа клуб байгуулж, санасан, зорьсон зүйлүүдээ амжилттай хэрэгжүүлж байна. Аав, ээжүүдээсээ эрч хүч энерги авлаа. Аймаг орон нутгаа, улс орноо хөгжүүлэхээр зорьсон та нарынхаа үргэлжлэл байх болно” хэмээн онцлов. 

Ахмадууд ч бас олон сайхан үг сургаалыг хэлэв.  1989 оны төгсөгч  Азжаргалын аав,  1989 оны төгсөгчдөд багшилж байсан М.Чойжоо багш, түүнчлэн  Мандахнарын аав С.Шархүү, Гантулгын ээж С.Алтанцэцэг, Мөнгөнцэцэгийн ээж О.Оюунгэрэл, Тунгалагтуяагийн ээж  Б.Улаан, Наранцацралын ээж О.Нансалмаа, Даваагийн аав н.Гончиг нар  сэтгэгдлээ хэлэхдээ “1989 онд аймгийн төвийн нэгдүгээр 10 жилийн сургуулийн  аравдугаар ангийг  долоон бүлэг төгссөн. Хүүхдүүд маань ангиа ангиас гурав, нийт 21 өндөр настай эцэг, эхэд хүндэтгэл үзүүлж, сар шинийн бэлэг гардуулж  байгаад бид баярлалаа. Үр хүүхдүүдийнхээ буяныг үзэж, сайн сайхан явааг харж байгаа нь сайхан. Хүүхдүүд маань зөвхөн  бидэнд бэлэг сэлт гардуулах ч бус клуб байгуулж  аймаг орон нутгийнхаа хөгжилд хувь нэмрээ оруулж, олон  ажил санаачлан хийж  байдаг. Үүнийг нь эцэг эхчүүд бид харин бага дэмждэгт сэтгэл жаахан тиймхэн байна. Ахмад хүний хувьд санал бодлоо хэлж, зөвлөж, аймаг орон нутгийнхаа хөгжилд тусгуулдаг баймаар байна. Иймд эцэг, эхчүүдээ энэ чиглэлд уриалъя. Хүүхдүүдийнхээ ажил үйлсийг өөдрөг байлгаж,  амжилттай  явуулахын тулд эцэг, эхчүүд бололцоотой бүхнийг хийж байя” хэмээн уриаллаа.  Ёслолын арга хэмжээнд ирж чадаагүй  Халтар  / клубын гишүүн Өнөртуяагийн ээж/, Дэмид-Оцол /Ганболдын аав/ нар  89 оны төгсөгчид аймагтаа олон бүтээлч ажил хийж байгаад сэтгэл өндөр байгаагаа  гэрт нь зорьж  очсон төгсөгчдийн  төлөөллөөр дамжуулсан байв. Мөн 1989 оны төгсөгчид бурхны оронд одсон анд Цэрэндорж агсаны гэрт очиж өндөр настэй ээжид нь хүндэтгэл үзүүлсэн юм. 

Цагаан тэмээтийн говь, Шанагын Баянцагаанд  євєлжиж буй Р.Сүрэнжав  гуайнд очиж хүндэтгэл үзүүлэв.

 

 “СБ-89” клубт 1989 онд Сүхбаатар аймгийн төвийн нэгдүгээр 10 жилийн сургуулийг төгссөн долоон бүлгийн 200 гаруй төгсөгч багтдаг. Мөн онд Онгон сумын 10 жилийг зэрэг төгссөн, түүнчлэн 8 жилийн нэг, хоёрдугаар сургуулийг 1987 онд хамт төгсөгчид, цаашлаад  бүх сумын дунд сургуулийг 1987 онд төгссөн нэг үеийнхэн нэгдсээр байгаа юм.  Тэдний дотор улс орны салбарт бүрт амжилттай ажиллаж, хөдөлмөрлөж яваа янз бүрийн мэргэжлийнхэн бий. Өнөөдөр Сүхбаатар аймгаа удирдаж, улсдаа жишиг аймаг болгон өөрчилсөн залуус ч бас 89 оны төгсөгчид юм. “СБ-89” клуб   2012 оны намар / 10 сарын 28-нд/ анх байгуулагдахдаа гишүүддээ үйлчлэх,  орон нутгийнхаа хөгжил цэцэглэлт,  бүтээн байгуулалтад  өөрсдийн  боломж, бололцооны хэрээр   тус дэм үзүүлж байх  зорилго  өвөртөлсөн.  Энэ зорилгоо биелүүлж, төгсөлтийн нөхдийнхөө амжилттай суралцаж буй оюутан хүүхдүүдэд сургалтын тэтгэлэг, зарим нөхөддөө гэр олгож, хагацал зовлон тохиход туслаж дэмжихээс өгсүүлээд орон нутгийнхаа хөгжилд томоохон дэмжлэг үзүүлсэн ажлууд ч хийсэн. Тухайлбал, өнгөрсөн намар сургуулийнхаа 90 жилийн ойгоор 30 гаруй  сая төгрөгийн өртөг бүхий  “Наран гийсэн эрдмийн өргөө” дурсгалын хаалгыг барьж, хүлээлгэн өгсөн нь аймгийн хэмжээнд хамгийн том бүтээн байгуулалтын нэг байв. Мөн аймагтаа  цэцэрлэгт хүрээлэнгийн зураг төслийг гаргаж өгч,  төгсөгчдийн төгөлд 190 ширхэг мод тарьсан нь ч томоохон ажлын нэг байв. 1989 оны төгсөгчид тухайн үедээ  физик, математикийн аймаг, улс, олон улсын олимпиадыг өнгөлж  байсан. Энэ утгаараа  “Зүүн бүсийн аймгуудын сэтгэх чадвар, математикийн олимпиад”-ыг 30 орчим сая төгрөгөөр ивээн тэтгэж, зохион явуулсан гээд дурдаад байвал олон ажлыг санаачлан хийжээ. Энэ бүхэнд клубын тэргүүн Б.Цогтсэргэлэнгийн сэтгэл зүтгэл их гэдгийг  нөхөд нь тэмдэглэсэн. Харин тэрээр “Бидний хамтын хүч”  хэмээн тодотгож байсан.  Тэгвэл цаашид  ихийг хийж бүтээх хүсэл тэмүүлэл, зориг эрмэлзлэл 89 оныхонд бий гэдгийг  тус клубын гишүүд нэгэн дуугаар хэлж байна. Наран ургах зүгийн 89 оны  нийт төгсөгчдийн ажил үйлсэд өндөр  амжилт хүсье.

Сургуулийнхаа 90 жилийн ойгоор дурсгалын хаалга барьж єгсєн нь аймгийн хэмжээнд хамгийн том бүтээн байгуулалт байв.

Ч.ҮЛ-ОЛДОХ

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна