УИХ-ын ажил гацлаа

2016 оны 2 сарын 16

УИХ-ын ээлжит бус чуулганы нээлт өчигдөр 09.00 цагт болох байсан ч УИХ дахь МАН-ын бүлэг, УИХ дахь МАХН-МҮАН-ын "Шударга ёс" эвслийн бүлгийн шантаажаас болж хойшлов. Ирцээр бойкот хийж, хүссэн шийдвэрээ гаргуулахаар улайран зүтгэдэг жишгийг МАН-ын бүлэг энэ парламентаас эхлэн тогтоолоо. МАХН ч халдварыг нь авсан бололтой, зэрэгцээд ирцээр бойкотлов. Уг нь МАХН Засгийн газарт хамтарч байгаа улс төрийн хүчин. Энэ утгаараа сөрөг хүчинтэй хүзүү сээрээ холбоод олонхийн нуруу руу жадлах ёс суртахуун байх ёсгүй. Өөрөөр хэлбэл, сандал ширээ хуваалцахаас илүү хийж бүтээж, улс орноо хөгжүүлэх зорилго дор нэгдэх ёстой. Гэтэл зорилгоо умартчихсан намын даргаа Шадар сайдаар томилуулахаар зүтгэх нь тэр. Хууль эрх зүйн талаасаа бол МАХН-ын даргыг Шадар сайдад нэр дэвшүүлэх боломжгүйг холбогдох албаны хүн хэзээний тайлбарласан. Ийм байтал хууль дээдэлсэнгүй гэж номчирхдог МАН-ын бүлэг хүртэл ичих булчирхай нь ажиллахаа больсон бололтой, Шадар сайдад МАХН-ын даргыг нэр дэвшүүлбэл дэмжинэ гэдгээ албан ёсоор зарлав.

Ээлжит бус чуулганы нээлтэд ирэхгүй ирцээ тасаар бүртгүүлсэн цөөнх бүлгийн даргынхаа өрөөнд хуралдахдаа Шадар сайдын томилгоог л хэлэлцсэн нь энэ бололтой. Дээр нь ээлжит бус чуулган зарлах шаардлага байгаагүй ухааны юм ярьж буй нь УИХ-ын даргын захирамжийг эсэргүүцсэн хэрэг болов. Ээлжит бус чуулганыг энэ удаад дан ганц УИХ-ын дарга шийдээд зарласан юм биш. УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл хуралдаад олонхиороо гаргасан шийдвэр. Зөвлөлд УИХ дахь нам, эвслийн бүлгийн дарга нараас гадна байнгын хороодын дарга нар багтдаг. Өргөн бүрэлдэхүүнтэй гаргасан шийдвэр гэж хэлж болно.

Мөн УИХ-ын дарга захирамж гарган ээлжит бус хуралдаан зарласан бол гишүүд хуулиа бариад оролцох ёстой. Хэлэлцэх асуудал таалагдсангүй гээд ч юм уу, эсвэл хэн нэгнийг албан тушаалд хүргэхийн тулд хууль тогтоох байгууллагын үйл ажиллагааг чиглүүлэх ёсгүй.

Иргэд, сонгогчдын нүд, чих нь болж ажиллан, эрх ашгийг нь хамгаалах хууль эрх зүйн орчинг бий болгох тийм л үүрэг хүлээснийхээ хувьд зарласан цагт нь хуралдаандаа оролцоод явах ёстой. Гэтэл юу болов, МАН-ын бүлгийн гишүүд нь эзгүй байна уу гэхээр ирчихсэн. Тэгсэн хэрнээ чуулганы танхимд орж ирэхгүй “Олонхийн бүлэг ирцээ бүрдүүлэх ёстой” гээд нуруугаа харуулав. Шударга ёс эвслийн МАХН-ын гишүүд ч бас нэмэр боллоо. Ирцэнд орсон зарим гишүүн нь картаа сугалж гарч одсон тухай ч дуулдаж байна.

2012 оны УИХ-ын сонгуулиар парламентад аль нам нь хэдэн суудал авсан бэ гэдэг нь хэн хүнд тодорхой байгаа. Нэг үгээр хэлбэл, УИХ дахь Ардчилсан намын бүлэг парламентад олон суудалтай нь болохоос дангаараа ирцээ 50 хувьд хүргэх эрх зүйн чадамжгүй байгаа. Хэрвээ 39 суудал авчихсан бол өдийд ингэж ирцээр сөрөг хүчнийхэндээ “бойкот”-луулаад суух байсан гэж үү. Ийм зовлон өнгөрч буй гурван жилийн турш  үргэлжиллээ. Энэ зовлон УИХ-ын бүрэн эрхийн хугацаа өндөрлөтөл үргэлжилж мэдэх нь ийм байдлаараа бол.

Хамтраад ч ажил урагшлуулдаггүй, хамтрахгүй байлаа гээд ч ажил уясаар ирсэн сөрөг хүчний дээрх ааш хүндэрчихээд буй эдийн засгаа л улам элэгдэхээс цаашгүй нь.

Бизнесийнхэн өнөөдөр татварын орчныг шинэчилж өгөхийг хүсч байна. Намрын чуулганы хугацаанд татварын орчноо ойлгомжтой болгоё гэж шахаж шаардаж ирсэн улс төрийн хүчин хэн билээ. Одоо асуудлыг хэлэлцье, шийдэл гаргая гэхээр бултаж булзан ээлжит бус чуулган хуралдуулах шаардлагагүй гэх мэдэгдэл хийж буй МАН бүрэн эрхээ дуустал ийм л байдлаар хууль тогтоох ажилд оролцсоор байх хэрэг үү. Ийм ажлын садаануудтай хариуцлага тооцох эрх зүйн орчин байхгүй нь харамсалтай.

Г.ДАРЬ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна