Алтайчууд өнгөө солих уу?

2016 оны 2 сарын 16

“Сонгууль-2016” тулааны өнгийг долоо хоногийн Мягмар, Пүрэв гаригуудад манай сайт тоймлон хүргэж байгаа билээ.

Говь-Алтай: Ув улаан тойрог. Цэнхэртэж байсан удаа үгүй. 1996 оноос хойшхи таван удаагийн сонгуулийн дүнг харахад зөвхөн улаанууд тус тойрогт ялалт байгуулсан байдаг. Ардчилсан намд “харшилтай” цөөн тойргийн нэг гэж хэлж болно. Учир нь байнгын ажиллагаатай парламент байгуулагдаад 26 жил өнгөрч буй ч Говь-Алтайнхан нэг ч удаа цэнхэртэж байсан удаагүй. Гэхдээ гол өрсөлдөөн АН, МАН-ын дунд болох нь ойлгомжтой. Ардчилсан нам ирэх зургадугаар сарын 29-нд болох сонгуульд ИЗНН, МҮАН-тай нэгдвэл цэнхэрүүд саналаа булаацалдаад байхгүй болно гэсэн үг. Энэ тохиолдолд алтайд анх удаа АН ялах боломж бүрэлдэж магадгүй. Гэхдээ Ардын нам бол алтайд хөлтэй ч, хүчтэй ч нам.

Ардчилсан нам

Говь-Алтайн ганц мандат дээр халуухан “зодоон” болох шинжтэй. Эхний “зодоон” нам дотроо өрнөнө. Говь-Алтайд нэр дэвшихээр Ардчилсан намаас гурван ч хүн бэтгэлээ эхлүүлж, тус тойргийг аль дээрээс усалж эхэлсэн.  Гэхдээ тэднээс ганцхан хүн  тус аймгаас нэр дэвших эрхийг намаасаа олж авна. Тиймээс эхний “алаан” нам дотроо өрнөх нь тодорхой байна.

Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн Говь-Алтайг аль дээрээс “онилж” эхэлсэн. Түүнийг Говь-Алтайгаас нэр дэвшихээр санаархаж байгаа тухай нийтлэлч Б.Баабар нэгэнтээ бичиж байсан удаатай. Гэхдээ түүнд Говь-Алтайчууд итгэл үзүүлнэ гэж хэлэхэд арай л эртэднэ. Учир нь Говь-Алтай бол ув улаан тойрог. Өнгөрсөн сонгуулиудын дүнг харсан ч алтайчууд АН-ыг сонгоно гэж найдахад тун төвөгтэй.

Тус аймгийг “усалж” яваа улстөрчдийн нэг бол Тагнуулын ерөнхий газрын даргаас Татварын ерөнхий газрын даргаар томилогдож явсан, өөрөөр хэлбэл, Алтангадас фракцийнхаа ачаар амтат бялуу, албан тушаалаас салж үзээгүй Б.Ариунсан. Сонгуулийн тухай хуульд зааснаар шинэ оны өмнөхөн Татварын ерөнхий газрын даргын албан тушаалаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөн. Хэдийгээр Говь-Алтайд гурван ч удаа нэр дэвшээд “өвдөг шороодсон” ч ахин даагаа нэхэх бодолтой яваа гэх.

Ардчилсан намаас нэр дэвшихээр горилж яваа дараагийн эрхэм бол аймгийн засаг дарга О.Амгаланбаатар. Аймгийнхаа иргэдийг цэвэр усаар хангах ажлын хэрэгжүүлэхдээ цэвэр усны шошго дээрээ өөрийнхөө зургийг нааж тараасан гэх том онигоонд орж явсан нэгэн Үүнээс нь үзвэл өнгөрсөн гурван жилд сонгуульд өрсөлдөх сурталчилгаагаа ил далдаар хийж ирсэн гэж хэлж болно.  Хэрэв тэр өнгөрсөн дөрвөн жил аймагтаа “танигдах” ажил хийсэн  нь үнэн бол анх удаа АН-д алтайчууд итгэл үзүүлж мэдэх л юм. Гэхдээ, “дэлхий бөөрөнхий” гэдэг шүү дээ.

Ардын нам

Ардын намаас Говь-Алтайд баараггүй нэр дэвшинэ гэж бодож байгаа ганц хүн бол Ж.Энхбаяр. 2008 онд анх удаа УИХ-ын гишүүн болж байсан. Тухайн үед аавынхаа нэр нүүрээр Батлан хамгаалахын сайдаар томилогдож, олон арван чоно хоморголон алсан хэрэгт буруутгагдаж явсан гээд намтар түүхэндээ бичигдэх зүйл ихтэй. 2012 онд жагсаалтад орсон тэрбээр энэ удаагийн сонгуульд эцгийнхээ төрсөн нутагт нэр дэвшихээр биеэ сойж байгаа.  Өнгөрсөн зургаан удаагийн сонгуулийн дүнг харсан ч алтайчууд Ардын намд итгэл хүлээлгэх магадлал өндөр.

Харин өнгөрсөн 2012 оны сонгуулиар Говь-Алтайгаас УИХ-д сонгогдсон Ц.Дашдорж энэ удаад аймагтаа нэр дэвшихгүй байх гэсэн таамаглал улс төрийн хүрээнд байна. Өнгөрсөн дөрвөн жил аймагтаа төдийлөн юм хийгээгүй. Тиймээс энэ удаагийн сонгуулиар жагсаалтын ард нуугдах магадлал өндөр. Гэхдээ эхний 10-т лав жагсахгүй бол УИХ-д сонгогдох боломжгүй. УИХ-ын чуулганы хуралдаандаа суудаггүй цөөн гишүүдийн нэг.

Тус аймгийг цээжин дотроо “онилчихсон” яваа хүн бол МХЕГ-ын даргаа ажиллаж байсан Ш.Раднаасэд. Намдаа нэр хүндтэй залуучуудын нэг.  Түүнийг У.Хүрэлсүхийн хүн гэх нь бий.

Тэгэхээр намаасаа нэр дэвших эрхээ олж авахын тулд Ж.Энхбаяр, Ш.Раднаасэд хоёрын дунд том өрсөлдөөн болж магадгүй байна.

1996 он: МАХН буюу МАН-аас  нэр дэвшсэн П.Жасрай, А.Базархүү нар ялалт байгуулжээ.

2000 он: МАХН буюу МАН-аас нэр дэвшсэн П.Жасрай, Р.Цогтбаатар нар хамгийн олон санал авч УИХ-д сонгогдов.

2004 он: МАХН-ын хоёр буюу Т.Очирхүү, А.Цанжид нар алтайчуудын итгэлийг “өвөртлөн” УИХ-д суух эрхтэй болов.

2008 он: Алтай ахиад “улаарав”. Ц.Дашдорж, Ж.Энхбаяр нар хамгийн олон саналаар УИХ-ын гишүүн болцгоов

2012 он: Сонгуулийн хуулийг шинэчилж, Говь-Алтайн хоёр мандатын нэгийг цөөлөв. Нэг мандаттай болсон тус аймаг Ардын намаас нэр дэвшсэн Ц.Дашдорж ялалт байгуулсан байдаг. Ийнхүү сүүлийн таван удаагийн сонгуулйн дүнг харахад алтайчууд үргэлжид Ардын намд саналаа өгсөн байдаг.  Гэхдээ Ардчилсан нам орон нутагт алтайчуудын итгэлийн хүлээсэн нь тус аймаг өнгөө өөрчлөхөд хүргэж магадгүй л юм.

 Ж.ЭРХЭС

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна