Хүйтэн дайны цурам ноцов

2016 оны 2 сарын 16

 

Орос болон Барууны хоорондох харилцааны зөрчил, үл ойлголцол дэлхийг шинэ хүйтэн дайн руу түлхэж байна хэмээн ОХУ-ын ерөнхий сайд Дмитрий Медведев мэдэгдлээ.

 

 

Үнэндээ Украины зөрчлөөс үүдэн НАТО ОХУ-тай харилцаагаа тасалсан үеэс хүйтэн дайн сэдэрсэн нь хэн бүхэнд тодорхой байв. НАТО дорно зүгт хүрээгээ тэлэх бодлого баримталж, Украиныг дараагийн байгаа болгосон нь хүйтэн дайны цурмыг ноцоосон юм. Хэрэв Украин Европын холбоонд нэгдэж, дараа нь НАТО-гийн гишүүн болвол Умард Атлантын цэргийн эвсэл ОХУ-тай хаяа дэрлэх болж байгаа юм. Харин ОХУ  өнгөрсөн гуравдугаар сард Хар тэнгисийн флот нь байрлах Крымын хойгийг Украинаас салгаж, өөртөө эргэн нэгтгэв. Крым хойгийн буцаан авснаар Путины нэр хүнд гадаадад унасны хэрээр Орост өсчээ. Үүний дараа Барууныхан Украины хямралыг Москва өдөөн хатгасан гэж буруутгаж, эдийн засгийн хориг тавьсан. Уг эдийн засгийн хориг хэдий Барууныханд хохиролтой ч ирэх долдугаар сарыг хүртэл сунгасан юм.

 

 

Украины экс ерөнхийлөгч Виктор Янукович Европын холбоонд нэгдэх асуудлыг Оростой харилцаагаа муутгахгүйгээр шийдвэрлэхийг хүссэн ч Киевт бослого гарч төрийн эргэлт хийсэн юм. Киевт өрнөж буй үйл явцын талаар Барууныхан Оросын эсрэг “мэдээллийн дайн” өрнүүлж байв. Барууны хэвлэлүүдийн мэдээнд Оросын тусгай хүчний цэргүүд Киевт жагсагчдад дайрч буй мэтээр бичиж байлаа. Мөн Москва Сирид цохилт өгч эхэлснээс хойш Оросын бөмбөгдөлтөд хэд хэдэн энгийн иргэн амь үрэгдсэнийг өдөр бүр мэдээлэх болсон юм. Өнгөрсөн үеийн түүхэнд хүйтэн дайны үеэр АНУ юу юугүй цөмийн бөмбөг хаях нь хэмээн ЗХУ нийгмийг айлгаж байсантай ижил.

 

Түүнчлэн Украины зөрчил хурцадмал байх үе буюу НАТО Москватай харилцаагаа тасалсны дараа ОХУ Европын агаарын орон зай дахь үйл ажиллагаагаа улам өргөжүүлж сүрийг үзүүлж байв. НАТО 2014 онд 100 гаруй удаа ОХУ-ын цэргийн онгоцнуудыг замаас нь амдаж, дагасан нь өнгөрсөн жилийнхээс гурав дахин их байжээ. Ийм үзэгдэл хүйтэн дайны үед ажиглагдаж байв. Тухайн үед Зөвлөлтийн цөмийн зэвсгийн стратегийн бөмбөгдөгч онгоцнууд Атлант, Номхон далай дээгүүр тогтмол нислэг үйлдэж, айлган сүрдүүлдэг байжээ. ЗХУ задарсны дараа хөрөнгө санхүүгийн улмаас Европын агаарын орон зай дахь Оросын цэргийн үйл ажиллагаа саарсан аж.

 

Үүний зэрэгцээ НАТО-гийн гишүүн Турк улс Оросын байлдааны онгоцыг сөнөөсөн нь зөрчлийг улам хурцатгасан юм. ОХУ-ын зүгээс Туркийн армийн үйлдлийг НАТО-гийн явуулга хэмээн хардаж байв. Гэхдээ НАТО тэгж тушаасан гэх баримтгүй тул Москва Туркийн эсрэг эдийн засгийн хориг авч бухимдлаа тайлснаар хэрэг намжжээ.

 

ОХУ, Барууныхны зөрчил зөвхөн Украины хямралаар хязгаарлагдахгүй. Хэдийгээр АНУ, ОХУ хоёул дэлхийн дайсан “Исламын улс” зэвсэгт бүлэглэлийн эсрэг тэмцэж байгаа мэт боловч Сирийн улс төрийн хямралд эсрэг байр суурьтай байна. АНУ-ын холбоотон Саудын Араб “Сирийн ерөнхийлөгч Башар аль-Ассадыг эрт оройгүй ялагдал хүлээнэ” хэмээн мэдэгдэж байна. Саудын Араб энэ үгийг зүгээр ч нэг хэлээгүй нь Турк руу байлдааны онгоцнуудаа илгээж, Сирид довтлохоор зэхэж буйгаас харагдаж байна.

 

ОХУ-ын хувьд холбоотон Ираныг тоглолтод оруулах шаардлагатай болсон тул Барууныхны хүсээд буй цөмийн хөтөлбөрийн гэрээг байгуулахад түлхэц үзүүлжээ. Цөмийн хөтөлбөрийн гэрээг байгуулснаар Ираны эсрэг олон улсын хориг цуцлагдаж, Тегераны санхүүгийн чадамж дээшилж байна. Иран, Саудын Араб эртнээс таарамжгүй харилцаатай төдийгүй шийт номлогчийг цаазалснаас үүдэн хоёр орон илтээр дайсагнах болсон юм.

 

Дэлхийн II дайны сүүлээс 1990-онд ЗХУ задрах хүртэл үргэлжилсэн хүйтэн дайн нь Москва болон Вашингтоны тэргүүлсэн цэрэг улс төрийн эвслүүдийн хоорондох зэвсэгт бус сөргөлдөөн байсан юм. Хүйтэн дайны үед талууд шууд нүүр тулан байлдсан бол цөмийн дайн гарч, хэн ч ялахгүй гэдгийг мэдэж, эмээж байсан учраас цэргийн эвсэл байгуулж, тагнуул, үзэл суртлын тэмцэл өрнүүлэх замаар тулалдан, зөрчилдөн тэмцэлдэж байжээ. Тухайлбал,  1957 онд ЗХУ дэлхийн анхны хиймэл дагуулыг хөөргөв. Ингэснээр Зөвлөлтийн пуужин ямар ч ачааг, тэр тусмаа цөмийн зэвсгийг дэлхийн аль ч цэгт хүргэх чадвартай болсон юм. Улмаар 1958 онд АНУ  хиймэл дагуулыг хөөргөн, пуужинг их хэмжээгээр үйлдвэрлэж эхэлжээ. Цуст дайнаас хойш 70 жилийн дараа дэлхийн улсууд талцаж, фракц болон хуваагдсанаар хаа сайгүй зэвсэгт мөргөлдөөн, дайн гарах болж, дэлхийн улс төрийн тэнцвэр хэдийнэ алдагджээ.

 

Б.АНХТУЯА

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна