Тарвага үржүүлдэг малчин

2016 оны 2 сарын 16

Сэлэнгэ аймгийн Сант сумын Ивэн багийн малчин Г.Түмэнхүү тус сумандаа тарвага үржүүлдэг байна. Учир нь 1980-аад онд тус суманд тарвага маш ховордсон тул Ховд аймгаас тарвага нутагшуулжээ. Энэ талаар түүнээс тодрууллаа. 

-Сэлэнгэ аймагт тарвага үржүүлэх санаа анх яаж төрсөн бэ?

-Би 1980 онд Ховд аймгийн дөрөвдүгээр багийг төлөөлж Ан амьтныг хайрлах улсын бага хуралд төлөөлөгчөөр сонгогдож очиж байсан. Тэрхүү чуулган дээр ахмад анчдын ярьсан яриан дээрээс байгаль дэлхий, ан амьтныг хайрлах сэтгэл төрсөн.  Үүнээс хойш Сэлэнгэ аймагт байгаль хамгаалагчаар  ирээд ганц мод ургуулчих юмсан, нэг амьтны амийг хамгаалчих юмсан гэсэн сэтгэлтэй ирсэн. Одоо бол байгаль хамгаалах чиглэлээр Сэлэнгэ аймагт 20 гаруй жил ажиллаж байна. Тэр дундаа тарвага хамгаалах, үржүүлэх чиглэлээр ажиллаж байна. Сэлэнгэ аймагт тарвага байхгүй биш байсан. Хоёрхон толгой тарвага үлдсэн байсан.  Гэтэл түүнийг анчид үгүй хийсэн. Тиймээс би өөрийн нутаг болох Ховд аймгаас тарвага авчирч тэжээсэн. Одоогийн байдлаар 17 ичээнд 119 тарвага өвөлжиж байна. Тэдгээр тарвага маань Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумаас ирсэн Алтайн хар тарвага юм. Ой хамгаалах нөхөрлөл байгуулаад, тарвага үржүүлээд явж байгаа миний зорилго бол ганц  дан тарвага үржүүлээд зогсохгүй, улаан номонд орсон амьтдыг үржүүлэх гэсэн сэтгэл байгаа юм.

-Тарвага үржүүлж, тоолохдоо ямар арга ашигладаг вэ?

-Тарвага бол тоолоход их амархан. Яагаад гэвэл хавар гарсан үед нь тоог авчихдаг. Ингээд намар өглөөний гараа, оройны гараанд тоо аваад байдаг. Ганц өдөр тоолно гэж байхгүй. Эртнээс ажиглалт хийнэ. Байнга дурангаар тоолоод ажиглаад байхад тоо нь гараад ирнэ. Эр, эм нь мэдэгдэхгүй ч мөндөл, хотол, шар хацар, нас нийлсэн тарвага танигддаг. Сэлэнгэ аймагт нутагшуулсан тарвага бол хүнээс айж ичээд байх юм байхгүй. Үүрнийх нь ойролцоо нуугдаад сууж байхад гараад ирдэг тул тоолж, хянахад амархан.

-Ховд аймгаас авчирсан гэлээ. Буцаад дайжаад явчих аюул байсан уу?

-Ер нь тарвага бол хүн амьтны төвлөршлөөс хамаарч тарж бутрах  тохиолдол нэмэгдсэн. 10-20 км тарна. Зарим нь очсон газартаа байршина. Зарим нь буцаад ичээндээ ичнэ.

-Тарвага үржүүлэх нь байгальд ач тустай юу?

-Байгальд хэрэггүй зүйл гэж үгүй. Тарвага бол бэлчээр өвс ургамал бүхий л зүйлд ашигтай. Тэр дундаа хүний сэтгэлийг маш их хөдөлгөдөг. Би гэхэд адуу, малаа хариулаад явж байхад тарвага хошгирвол маш их баярладаг. Миний бодлоор ховордсон ан амьтан өсч үржинэ гэдэг бол сайхан хэрэг юм.

Т.ДАВААНЯМ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна