Ил тод мэдээлэхэд 5 хоног үлдлээ

2016 оны 2 сарын 16

-Хэн гээч этгээд хичнээн төгрөгийн төгрөгийн нууц хөрөнгөө ил тод болгосныг нийтэд мэдээлэхгүй. Нууцыг чандлан хадгална гэдгийг бүр хуульчилсан. Тэгж байж л хүмүүс далдалснаа ил болгоно гэж тооцжээ. Гагцхүү улсын хэмжээнд хэдий хэрийн хөрөнгө, орлого нүднээс далд байсныг илрүүлж, цаашид тэрхүү хөрөнгө орлогоос зохих ёсны татвар аваад явах учир эдийн засагт дэм болно гэдэгт  хууль батлагчид итгэлтэй байгаа-

 

 

Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хууль /ЭЗИТБДТХ/-ийг хэрэгжүүлж дуусахад ердөө тав хоногийн хугацаа үлджээ. Анх хууль батлагдахдаа 2015 оны наймдугаар сарын 7-ны өдрөөс 2015 оны арванхоёрдугаар сарын 31-нийг дуусталх хугацаанд нуун дарагдуулсан орлого, хөрөнгө, үйл ажиллагаагаа  ил тод болгон сайн дурын үндсэн дээр  үнэн зөв мэдүүлэх боломжийг аж ахуйн нэгж, иргэдэд олгохоор заасан юм. Ийм тохиолдолд хуульд заасан хариуцлага болон албан татвараас нэг удаа чөлөөлнө гэж тодотгосон. Тэгвэл дээрх хугацааг дэндүү богино байна гэж үзсэнээс оны өмнөхөн УИХ-аас хуулийг хэрэгжүүлэх хугацааг 2016 оны хоёрдугаар сарын 20-ны өдрийг хүртэл сунгасан билээ. Хуулийн хэрэгжилтийг хангахад хугацаа тун богино үлджээ. Өнөөдрийг оруулан тооцвол ердөө тавхан хоног л үлдэж.

2015 оны дөрөвдүгээр сарын 1-ний өдрөөс өмнөх хугацаанд нуун дарагдуулсан татвар ногдох орлого, орлогоос бусад татвар ногдох зүйлээ батлагдсан маягтын дагуу ил тод болгон шинээр мэдүүлж тайлагнахаар хуульд заасан нь бий.  Тэгвэл энэ оны нэгдүгээр сарын 21-ний өдрийн байдлаар аж ахуйн нэгж байгууллагаас татварын албанд нийт 28501 шинээр гаргасан тайлан ирүүлснээс 14092.8 тэрбум төгрөгийн орлого, хөрөнгийг тайлагнан 3865.3 тэрбум төгрөгийн татвараас чөлөөлөгдсөн байна.  Мөн 1016 хувь хүн, хуулийн этгээд шинээр, 1041 татвар төлөгч татварын төрлийн бүртгэлд нийт 2057 татвар төлөгч татварын албанд бүртгүүлсэн байна.  

Түүнчлэн бас нэгэн тодотгох зүйл гэвэл ил тод байдлын хуульд ганц татварын албанд төдийгүй нийгмийн даатгалын байгууллагад, улсын бүртгэлийн албанд, санхүүгийн байгууллагад, гаалийн байгууллагад ил мэдээлэл өгөх боломжтой юм. Татварын албаны тухайд татвар төлөгчөөр бүртгүүлээгүй, татварын тайлан гаргаагүй, тайлангаа буруу гаргасан тохиолдолд ил тодоор мэдээлэх бол нийгмийн даатгалын байгууллагад ажил олгогчоор бүртгүүлээгүй,  НДШ төлсөн буюу ногдуулсан тайлан гаргаагүй, НДШ тайланг буруу гаргасан, шимтгэл  төлөөгүй, дутуу төлсөн бол үнэн зөвөөр мэдээлж, энэ бүхний хариуцлагаас мултарч болох ажээ.  Санхүүгийн тайлангаа гаргаагүй, эсвэл буруу гаргасан хил гаалиар орж гарахдаа  мэдүүлээгүй бараа, тээврийн хэрэгслийн нэмэлт мэдүүлгийг ч ил тодын хуульд багтаасан нь иргэд, аж ахуйн нэгж байгууллагад элбэг тохиолддог бэрхшээлээс нэг удаа ангижруулсан алдаж боломжгүй боломж билээ.  Хуулийн дагуу шинэчлэн, үнэн зөвөөр гаргаж өгсөн тайланг тухайн хувь хүн, хуулийн этгээдийн үйл ажиллагааны эхлэлтийн тайлан, баланс гэж үзэн шинээр тусгасан албан татвар ногдох орлого, орлогоос бусад татвар ногдох зүйлд албан татвар, хүү, торгууль, алданги нөхөн ногдуулахгүй юм. Мөн хэн гээч этгээд хичнээн төгрөгийн төгрөгийн нууц хөрөнгөө ил тод болгосныг нийтэд мэдээлэхгүй. Нууцыг чандлан хадгална гэдгийг бүр хуульчилсан. Тэгж байж л хүмүүс далдалснаа ил болгоно гэж тооцжээ. Гагцхүү улсын хэмжээнд хэдий хэрийн хөрөнгө, орлого нүднээс далд байсныг илрүүлж, цаашид тэрхүү хөрөнгө орлогоос зохих ёсны татвар аваад явах учир эдийн засагт дэм болно гэдэгт  хууль батлагчид итгэлтэй байгаа.

Эндээс нэг эргэлзээтэй асуулт гарч байгаа нь ил тодын хуульд ирээдүйн хөрөнгө орлогоо багтаачих боломжой юу гэсэн асуулт юм. Өөрөөр хэлбэл өөрт нь одоо байхгүй ч ирээдүйд бий болгох их хэмжээний хөрөнгө, үнэтэй машин, үл хөдлөх хөрөнгийг өнөөдөр урьдчилан мэдээлээд татвараас чөлөөлөгдөх боломж бий юү. Энэ асуултад эгэл иргэд болоод эдийн засгийн зарим мэргэжилтнүүд боломжтой хэмээн хариулж байгаа ч хууль батлагчид хориглосон заалтаараа хааж хашиж чадсан гэж үзэж байна. Тодруулбал, Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн хориглох заалтад:

Энэ хуулийг хэрэгжүүлэхтэй холбоотойгоор  хувь хүн, хуулийн этгээд:

  • Хуульд заасан татварын төрлөөр илүү төлөлт тайлагнах;
  • 2015.04.01-ний өдөр хүртэлх санхүү, татварын тайлангийн алдагдлын хэмжээг өсгөх;
  • Улс орон нутгийн төсвөөс аливаа авлага үүсгэх;
  • Татварын ногдол, илүү, дутуу, үлдэгдэл, татварын өр, авлагын дүнг өөрчлөх, хуурамчаар дансны бичилт үйлдэн татвар ногдох орлогыг бууруулахыг хориглоно.

Энэхүү заалтаар дээрх эргэлзээтэй асуудлыг хязгаарласан гэж үзжээ. Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийг хэрэгжүүлэхэд ердөө тав хоног үлдсэн тул иргэд, аж ахуйн нэгжүүд яаравчлахгүй бол хуулийн хугацааг дахин сунгахгүй нь тодорхой юм.

Д.ЦЭЭПИЛ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна